Баяр ёслолын үеэр БГД-ийн 20-р хороог анхааралдаа авч ажилладаг
Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн хамт олон өнөөдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны хэсгийн байцаагчидтайгаа уулзаж, албаны хэрэгцээнд хэрэглэгдэх тусгай хэрэгсэл, өрхийн орлогогүй, нэн ядуу гурван өрх болон бүтэн өнчин тав, эцэг эхтэй ч амьдралын хүнд нөхцөлд амьдардаг, хорооны Засаг даргын хяналтад байдаг гурван хүүхдэд тусламж үзүүллээ. Тус хорооны хувьд хэрэг зөрчил ихээхэн гардаг, анхаарал татсан бүс нутагт багтдаг. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас Баянгол дүүргийн 20 дугаар хороог анхааралдаа авч, баяр ёслолын өдрүүдэд төвийн аппаратын алба хаагчид хорооны бүс нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилладаг байна.
Нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Баатархүү, “НЦГ-аас Баянгол дүүргийн 20 дугаар хороог хариуцсан хэсгийн байцаагчдад албан хэрэгцээнд хэрэглэгдэх ширээ сандал, гав, бороохой, комьпютерийн буцалтгүй тусламж олгож байна. Эхний ээлжинд олгож байгаа энэ тусламж маань хорооны хэсгийн байцаагчдын ажилд багагүй тусламж болно гэж итгэж байна. Хороо хариуцаж ажиллаж байгаа хэсгийн байцаагчдын хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийж, хорооны иргэдтэйгээ илүү ойр дотно ажиллах нь чухал” хэмээн онцолсон. Мөн энэ ажлын хүрээнд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газраас хорооны бүс нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэх боломжтой болон баяр ёслолын үеэр болон нөхцөл байдал хүндэрсэн нөхцөлд НЦГ-ын төв аппаратны алба хаагчид хорооны бүс нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллана гэсэн юм.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ