Д.Батхуягийг яллаж, Ц.Болдыг суллав
Өнгөрөгч долоо хоногт улс даяар олон чухал үйл явдлууд давхцсан онцлог өдрүүд болж өндөрлөлөө. Төрийн мөнгийг завшсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан албан тушаалтан шүүхийн танхимаас хорих анги руу хүргэгдсэн юм. Түүнчлэн сүүлийн үед дуулиан дагуулаад буй МИАТ-ыг хувьчлах асуудлыг ч УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэр гаргасан гээд олон үйл явдлыг тоочиж болно. Ингээд өнгөрөгч долоо хоногийн үйл явдлаас зарим тодруулан хүргэе.

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ноён У Бангуо манай улсад өнгөрөгч долоо хоногт албан ёсны айлчлал хийгээд буцлаа. У Бангоугийн айлчлал нь УИХ-ын 2012 оны сонгуулиар байгуулагдсан шинэ парламентын хувьд хоёр дахь, 2013 оны анхны томоохон айлчлал юм.
Хүндэт зочныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзсан. Ерөнхийлөгч “БХАТИХ-ын Байнгын хорооны дарга олон жилийн дараа манай улсад айлчилж байна. Энэ удаагийн таны айлчлал Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв. У Бангуо “Манай хоёр улс бол өргөн уудам газраар хиллэсэн хөрш, стратегийн түншлэлийн харилцааг эрчимтэй хөгжүүлж байгаа орнууд юм. Монголын тал биднийг халуун дотно хүлээн авч байгаад баярлалаа. Миний айлчлалын зорилго өндөр хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх явдал” хэмээн онцолсон.
Мөн тэрбээр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай уулзаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм. Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд улс төрийн харилцан итгэлцэл маш чухал.
Хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, эрх ашгийг тууштай дэмжиж, дотоод асуудалд оролцохгүй байх ёстой. Нийгэм тогтвортой байх нь Хятад, Монголын хувьд ашигтай байна. Өнгөрсөн онд ХКН-ын XVIII их хурал хуралдаж, “Энх тайван, хөгжил хамтдаа хожно. Хятад улс дэлхийн энх тайвны төлөө, хамтын хөгжлийн төлөө байх болно” гэдгээ мэдэгдсэн. Хятад улс их гүрний дээрэнгүй үзэл баримтлахгүй.
Монгол Улсад дэд бүтцийн хөгжил чухал байна. Монгол байгалийн баялгаараа, Хятад улс хөрөнгө, зах зээлээрээ давуу юм. Харилцан ашигтайгаар хамтдаа хөгжих бодлого барьж байгаа тул Монголд дэмжлэг үзүүлэх болно” гээд бүс нутгийн болон олон улсын асуудлаар харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм. Түүний айлчлал энэ сарын 1-ний өдөр өндөрлөлөө

Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдон гэм буруутай нь анхан шатны шүүхээс тогтоогдон 2,6 жилийн хорих ял сонссон АМГ-ын дарга асан Л.Батхуягтай холбоотой мэдээлэл олны анхаарлын төвд байлаа.
Экс АМГ-ын дарга Д.Батхуяг нь тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогттой үгсэн 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдон шүүгдсэн юм.
Тэд “Саусгоби сэндс” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутаг дахь Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбай бүхий (42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй) ашигт малтмалын 5261Х тоот тусгай зөвшөөрлийг сэргээсэн.
Улмаар Д.Батхуягын найз С.Жаргалсайханд, “Зэлэм” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, хясан боогдуулж үүсэн нөхцөл байдлыг ашиглах замаар, онц их хэмжээний хээл хахууль авсан нь шүүхээр тогтоогджээ.
Тиймээс Баянгол дүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтуудыг зөрчиж нийт 107-н ширхэг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгож тусгай зөвшөөрлүүдийг төр өөрийн мэдэлд авсан юм.

Засгийн газрын хуралдаанаар өнгөрөгч бямба гарагт хэлэлцсэн асуудлуудын нэг нь Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборитори байгуулахаар тогтжээ.
Дээжийн болон бусад сорьцод хяналт, шинжилгээ хийх тус лабориторийг “Геологийн төв лаборатори" УҮГ-т харъяалуулан байгуулах юм. Зориулалтын барилгатай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ашигт малтмалын олборлолттой холбоотой хяналт сорьцлолтыг улсын хэмжээнд гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагыг ийнхүү түшиглэн байгуулах нь улсын төсөв хэмнэх, давхардсан үйлчилгээ үзүүлэх лаборатори шинээр байгуулахгүй зэрэг давуу талтай гэж үзсэн байна.
Стратегийн ач холбогдол бүхий зэс, алтны томоохон орд болох Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газраас ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй 2009 оны аравдугаар сарын 06-нд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ" 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Улмаар 2012 оны сүүлчээр БНХАУ-аас импортлох түр эрчим хүчний хангамжийн гэрээ эцэслэн шийдвэрлэгдсэнээр "Оюу Толгой" ХХК төслийн эрчим хүч авч эхлэн, энэ оны эхний хагаст зэсийн баяжмалыг экспортод гаргах боломжтой болоод байгаа.
"Оюу Толгой" ХХК зэсийн баяжмалаа экспортод гаргахаар төлөвлөж буй энэ үед зэс, алтны баяжмалын дээжийг Монголын талын хөндлөнгийн хяналтын лабораториор баталгаажуулж, баяжмал дахь зэс, алт дагалдах бусад үнэт металлын агуулга, үнэ, экспортын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж, бүтээгдэхүүнд тавих хяналтыг баталгаажуулах шаардлагатай хэмээн Засгийн газраас үзлээ.

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсыг чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг 2016 онд 2012 оны түвшнээс хоёр дахин нэмэгдүүлнэ, хөрш зэргэлдээ ОХУ болон БНХАУ-тай агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсыг энэ хоёр орны хооронд агаарын тээврийн транзит үйлчилгээний төв болгох чиглэлийг баримтална гэсэн саналууд гарч дэмжигдсэн байна.
“МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож, түүний 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгана гэсэн саналыг гишүүд нэлээд хэлэлцсэн. УИХ-ын гишүүн С.Одонтуяа үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгохыг дэмжиж байгаа ч “МИАТ” ХК-ийг хувьчлахын эсрэг саналтай байгаагаа илэрхийлж байлаа.
Харин Зам тээврийн сайд А.Гансүхийн тайлбарласнаар, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжийн дагуу үндэсний агаарын тээвэрлэгчийн статусыг “МИАТ”-д олгох гэж байгаа юм байна. Мөн дээрх байгууллагын зөвлөмжид тэрхүү компанийн 51-ээс доошгүй хувь нь төрд байлгах тухай заасан байдаг юм байна. Төр 51 байх уу, түүнээс дээш байх уу гэдгийг УИХ шийднэ гэж А.Гансүх сайд хэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн өмчит үндэсний авиа компаниа яаран хувьчлах хэрэггүй хэмээн хэлж байлаа.
Харин ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ компанийг хувьчлахгүй бол хэдэн дарга нар нь идэж уудаг явдал зогсохгүй гэж хариулсан юм. Ийнхүү хэлэлцээд санал хураалт явуулахад дээрх санал олонхийн дэмжлэг аваагүй юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болд, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нарт холбогдох хэргийг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимд болж өндөрлөсөн.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Засаг дарга асан Ц.Болдод хоёр жил, Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаярт гурван жил, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраад хоёр жилийн ял оноосон ч шүүгчдэгчдийн ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилж биеэр эдлүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Ц.Болд нь Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Хот тохижилтын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяр нарын хэд хэдэн хүнтэй тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн.
Тодруулбал, тэрбээр цас хайлуулах химийн бодисыг гаднаас гэрээгээр нийлүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгө төсвийн хөрөнгөөс гаргаж, хүмүүстэй хамтарч хуурамч баримт бүрдүүлж төсвийн хөрөнгөд 88 сая орчим төгрөгийн хохирол учруулжээ. Мөн 61 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэн завшиж, үрэгдүүлсэн хэрэгт буруутгасан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ