
МХЕГ-ын даргын баталсан 2011 оны 01/79 тоот удирдамжийн дагуу улсын хэмжээнд гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд “Хүнсний тухай” болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үнэлгээ дүгнэлт өгч, хяналтын хуудсаар үйлдвэрлэлийн эрсдэлийн төвшинг тогтоох зорилготой ажиллажээ.
Аймаг, нийслэлийн МХГ-ын хүнсний үйлдвэрийн технологи, стандартын хяналтын улсын байцаагчид ахалж, эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй, нийт 81 улсын байцаагчид хамтран шалгалтыг явуулсан байна.
Шалгалтад аймаг, нийслэл дэх гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй 488 аж ахуйн нэгж, иргэд байгаагаас 329 буюу 67.0% нь энэ шалгалтанд хамрагдлаа. Үүний 309 буюу 93.0% нь талх, нарийн боовны, 16 буюу 4.8% нь хэрчсэн гурилын, 4 буюу 1.2% нь гоймонгийн үйлдвэр, цех хамрагджээ.
Шалгалтаар гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эрсдэл нь улсын хэмжээгээр дундажаар
38.4% буюу
дунд төвшинтэй, шалгалтанд хамрагдсан нийт 329 аж ахуйн нэгж, иргэдийн 85 буюу 25.7% нь
бага, 155 буюу
46.9% нь
дунд, 89 буюу 27.4% нь
их эрсдэлтэй байна.
Ажилчдаас нян илрэв
Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар дараахи нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Тухайлбал, Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаггүй, барилга байгууламжийн 67% нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, 36.3% нь усан хангамж нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, 54.5% нь үйлдвэрлэлийн технологи дамжлага нь буруу зохион байгуулалттай, эрүүл ахуй, технологийн шаардлага хангагдаагүй, Гурилан бүтээгдэхүүний үйлдвэр, цехийн ажиллагсдын 65% нь ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангаагүй, 63.3% нь үйлдвэрлэлийн байр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийж хэвшээгүй байжээ.
Шалгалтын явцад үйлдэрлэлийн тоног төхөөрөмж, ажиллагсдаас авсан 763 арчдасны дээжинд хийсэн нянгийн шинжилгээгээр Баян-Өлгий аймагт 53.0%, Баянхонгор аймагт 28.6%, Говь-Алтай аймагт 5.0%, Орхон аймагт 44%, Өмнөговь аймагт 3.4%, Нийслэлд 33% нь шаардлага хангахгүй гарсан бөгөөд зөрчил гаргасан үйлдвэр, цехийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Түүнчлэн Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй түүхий эд, хүнсний нэмэлтын 59% нь дагалдуулсан баримт бичиггүй, 53,1% нь зориулалтын агуулахад технологийн дагуу хадгалаагүй, 60.5% нь түүхий эдийг үйлдвэрлэлд бэлтгэх зориулалтын өрөө, нөхцөлөөр хангагдаагүй, 71.8% нь үйлдвэрлэлд хэрэглэх гурилыг физикийн бохирдлоос цэвэрлэх, соронз бүхий шигшигчийг хэрэглэдэггүй, 43.7 % нь мэргэжлийн технологичгүй, 63.3% нь технологийн горимд хяналт тавьж, бүртгэл хөтлөөгүй байсан гэнэ.
Шалгалтанд хамрагдсан үйлдвэр, цехийн 34.5% нь гурилан бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй, 34.3% нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, Гурилан бүтээгдэхүүний үйлдвэр, цехийн 73.4% нь тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг угааж ариутгасны дараа эмгаг төрөгч бичил биетний үлдэц байгаа эсэхэд шинжилгээ хийж, хяналт тавьдаггүй, 65.2% нь үйлдвэрийн дотоодын хяналтын журам боловсруулж баталж мөрдөөгүй, 42.7% нь хаяг шошгоны мэдээллийг бүрэн тэмдэглээгүй, Шалгалтын явцад түүхий эд, бүтээгдэхүүний 483 дээжийг авч, аймаг, нийслэлийн итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлэхэд Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймгуудад үйлдвэрлэсэн 4 нэр төрлийн гурилан бүтээгдэхүүний дээжинд чийглэг, тослог, хүчиллэг зэрэг чанарын үзүүлэлтүүд шаардлага хангахгүй гарч, хөгц мөөгөнцөр илэрсэн байна. Энэ нь гурилан бүтээгдэхүүний жор орцын норм, зуурмаг бэлтгэх технологи, хадгалалтын горимыг баримтлаж ажиллаагүйтэй холбоотой байна.
55 аж ахуйн нэгжид арга хэмжээ авчээ
Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтын явцад стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй /давхардсан тоогоор/ 2172 зөрчил илрүүлж, газар дээр нь 38.5 хувийг нь арилгуулж, 55 аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу 3790,0 мянган төгрөгийн торгууль, шийтгэврийг ногдуулж, 782 заалт бүхий улсын байцаагчийн 88 албан шаардлагаар зөрчлийг арилгуулах арга хэмжээг авсан ба холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн 35 үйлдвэр, цехийн үйл ажиллагааг түр хугацаагаар, 12 үйлдвэр, цехийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоожээ.
ЭЦСИЙН ДҮГНЭЛТ
1. Шалгалтанд хамрагдсан гурилан бүтээгдэхүүний үйлдвэр, цехийн 74.3% өндөр болон дунд эрсдэлтэй байгаа нь Хүнсний тухай болон бусад хууль, тогтоомж, стандарт, GMP-GHP, Олон улсын зөвлөмж САС /RCP 1 стандартын хэрэгжилт хангалтгүй байна. Иймээс эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч, хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
2. Нийслэл, Орхон, Дорнод аймгийн хэмжээнд гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
бага эрсдэлтэй, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 7 аймгийн хэмжээнд
их эрсдэлтэй, бусад 13 аймгийн хэмжээнд
дунд эрсдэлтэй байна.
Шалгалтанд хамрагдсан гурилан бүтээгдэхүүний үйлдвэр цехийн 67.0% нь зориулалтын ажлын байргүй, мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, 36.3% нь төвлөрсөн усан хангамжид холбогдоогүй, 43.7% нь мэргэжлийн бус ажиллагсадтай, тогтвор суурьшилтай ажилладаггүй, 41.9% нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ технологийн заавар, жор орцыг боловсруулж батлаж мөрдөөгүй, 63.6% нь түүхий эд бүтээгдэхүүн, технологийн горимд тавих үйлдвэрийн дотоодын хяналтын тогтолцоог бүрдүүлж, баримтлах дүрэм, зааврыг батлаж мөрдөөгүй, 41%-д нь эрүүл ахуйн зохистой дадлын талаарх мэдлэг хангалтгүй байгаа нь эрсдэл бий болгох гол шалтгаан болж байна. Энэ нь Хүнсний тухай хуулийн 6.1.2.-д заасны дагуу гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөгдөх технологийн ерөнхий зааврыг ХХААХҮЯ-аас батлаж мөрдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
3. Хяналтын хуудсыг нэвтрүүлснээр хяналт шалгалтын үйл ажиллагаа ил тод ойлгомжтой, үнэлгээний ялгаваргүй, шалгалтын ажил, цаг хугацааг хөнгөвчилсөн сайн тал байгааг улсын байцаагчид сайшаан тэмдэглэсэн ч хяналтын хуудасанд заагдсан 22, 35, 66-р заалтууд, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадлаас нь хамааруулан эрсдэлийн үнэлгээг ялгаатай тогтоох зэрэг санал ирүүлсэнийг хянаж үзэх нь зүйтэй байна.
4. Аймаг, нийслэлийн хэмжээнд хяналтын хуудсны үнэлгээ оноог нэгтгэж дүнг гаргах, үйлдвэрлэлийн эрсдэлийн төвшинг тогтоох, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдэд дүн шинжилгээ хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зэрэг эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргахад улсын байцаагчдын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
5. Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд 1985-1998 онд батлагдсан ерөнхий техникийн шаардлагын стандартууд мөрдөгдөж байгаа бөгөөд тухайн нэр төрлийн гурилан бүтээгдэхүүний жор орцын нормыг мөрдөж буй эсэхийг хянахад шаардлагатай үзүүлэлт, шаардлага, нарийчлалыг тогтоосон байгууллагын стандартыг аж ахуйн нэгжүүд боловсруулж батлан мөрдөхгүй байгаагаас тогтвортой чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа эсэхийг хянаж дүгнэх боломжгүй байна.
6. Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь төрөл бүрийн хүнсний нэмэлтийг хамгийн их өргөнөөр хэрэглэдэг тул хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдлаас сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс ХХААХҮЯ-аас баталсан “Хүнсний нэмэлтийг бүртгэх, хяналт тавих журам”-ыг батлаж мөрдүүлэх шаардлагатай байна гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ