Аутсорсингийн борлуулалтыг 150 сая ам.долларт хүргэнэ

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсад аутсорсинг хөгжүүлэх зарим эхлэл сэдвээр мэдээлэл хийлээ. Аутсорсинг (Outsourcing) гэдгийг гуравдагч талтай гэрээлэх гэж хэлж ойлгож болно. Компаниуд зардлаа бууруулах, гол бизнестээ төвлөрөх, чанарыг сайжруулах, хугацаа хэмнэх, эрсдлээ бууруулах, татварын боломж эдлэх гэх мэт шалтгаануудын улмаас гуравдагч этгээдээр ажлынхаа тодорхой хэсгийг, эсвэл бүтнээр нь хийлгэхээр гэрээлэхийг ийн нэрлэдэг. 2006 онд гадаад аутсорсинг эрхлэгч компанийн тоо 12, ажилчдын тоо 36 байсан бол 2010 онд компанийн тоо 15, ажилчдын тоо 54 болж нэмэгдсэн байх аж. Гадаад аутсорсингийн нийт борлуулалт 2006 онд 1.9 тэрбум байсан бол 2010 онд 3.3 тэрбум болж нэмэгджээ. Аутсорсингийн төрлийн 69 хувийг программ хангамж, хөгжүүлэлт эзэлж байгаа бол 23 хувь нь өгөгдөл боловсруулалт, дижитал контент, үлдсэн 8 хувь нь санхүүгийн чиглэлийнх байгаа юм байна. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аутсорсингийн борлуулалтыг 150 сая ам. долларт, ажиллагсдын тоог 10 мянгад тус тус хүргэнэ хэмээн заажээ. Энэ хүрээнд Энэтхэг Монголын Засгийн газар хооронд Аутсорсингийн мэдээллийн технологийн төв байгуулахад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон аж. Мөн Аутсорсингийн өнөөгийн байдал судалгаа хийгдэж, Хөдөлмөрийн төв бирж дээр Аутсорсинг хариуцсан нэгж байгуулагдсан байна. Ж.Бат-Эрдэнэ даргын тайлбарласнаар Энэтхэг улс аутсорсингийн менежментийн туршлагаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд тэр чиглэлээр хамтран ажиллах, Энэтхэгээр дамжуулан Монгол руу чиглэсэн урсгалыг бий болгохыг зорьж байгаа юм байна. Монгол хүний оюуныг арилжих буюу мэдээллийн технологийн гадаад аутсорсингийг хөгжүүлэx замаар эдийн засгийн өсөлт бий болгох ажлын хүрээнд Мэдээллийн технологийн үндэсний паркийн үйл ажиллагааг аутсорсинг-т чиглүүлсэн байна. Үүний дагуу Мэдээллийн технологийн инкубаторт гадаад аутсорсинг эрхлэх компаниудыг бойжуулж эхэлсэн бөгөөд Японы зах зээлд Монгол Улсын дотоодын аутсорсинг компаниудыг гаргах, мэргэжилтэн сургах, ажлын байраар хангах ажлыг эрчимжүүлжээ. УИХ-ын гишүүд энэ үеэр интернэтийн хурдыг нэмэгдүүлэх, холболтыг сайжруулах талаар тус газраас ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулж байсан. Тус газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, “Интернэтийн хурдыг нэмэгдүүлж, холболтыг сайжруулах төсөл хэрэгжиж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар Мэдээллийн сүлжээ компанийн үнэ, тариф 1990-ээд оныхоороо яваа. Зээлийн эргэн төлөлт зэрэг асуудлаас болоод хэрэглэгчдэд очиж буй интернэтийн үнэ тариф арай өндөр байгаад байгаа. Бид энэ асуудлыг ирэх Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Нийт 60-аад сая ам.долларын зээлийг түр хойшлуулах хүсэлт тавих гэж байна. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулбал интернэтийн үнэ буурч, хурд сайжрах боломжтой болох юм” гэж хариулсан. Дээрх мэдээллийг сонссоны дараа Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллого, судалгааг 5 жил тутам” гэсэн заалтыг нэмж оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Өнөөгийн байдлаар “Үндэсний статистикийн хороо жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгуулан явуулж байгаа. Гэвч энэ тооллого нь хөдөө аж ахуйн салбарын зөвхөн нэг хэсэг болох мал аж ахуйн салбарыг хамарч, малын ашиг шим, хүнсний аюулгүй байдал, загас, ой, ан агнуур, газар тариалан зэргийн талаарх нарийвчилсан мэдээллийг бүрэн цуглуулж чадахгүйд хүрчээ. НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-аас ХАА-н тооллогыг 2006-2015 онд явуулах Нэгдсэн Хөтөлбөрийг боловсруулж, 2011 оны орчимд дэлхийн 100 гаруй орон ХАА-н тооллогыг явуулна гэж тооцоолжээ. ХАА-н үйлдвэрлэл улирлын шинжтэй учраас тооллогын хамрах хугацаа 1 жил буюу 12 сар байдаг бөгөөд гишүүн орнуудыг бүрэн оролцох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Энэ нь Монгол оронд ХАА-н тооллого явуулах бэлтгэл ажил гэж болох бөгөөд энэхүү тооллого, судалгааг явуулснаар мал тэжээвэр амьтдаас гадна газрын ашиглалт,өмчлөл, хөрсний эвдрэл,ойжуулалт,хамгаалалт, ашиглалт, усжуулах ажлын үр дүн зэрэг чухал үзүүлэлтүүдийг тооцож чадна гэж үзэж байна. Иймээс дээрх өөрчлөлтийг хийх шаардлага тулгараад байгаа эж. Түүнчлэн Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйл “г”, “д” заалтыг нэгтгэж “Өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг улирал тутам” гэж өөрчлөн найруулах саналыг оруулж ирсэн байна. Дээрх хоёр судалгааг нэгтгэн явуулснаар хүн амын амьжиргаа,ядуурлын үзүүлэлтүүдийг өрхийн байршил,бүс нутгаар жил бүр тодорхойлох, ДНБ, Мянганы хөгжлийн зорилт, Ядуурлын газрын зураглал зэрэгт шаардлагатай үзүүлэлт, тооцоонуудыг гаргах боломж бүрдэж байгаа юм. Иймд Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн г/ өрхийн аж ахуйн орлого, зарлагын судалгааг улирал тутам, д/ хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааг улирал тутам гэсэн заалтуудыг нэгтгэн “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг улирал тутам” гэж оруулж буй юм байна. Байнгын хорооны гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцээд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн "Монгол Улсын албан ёсны статистикийг 2011-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг ч хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын статистикийн салбарыг хөгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зорилт нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын нийтлэг арга зүйд тулгуурласан, нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох шуурхай, үнэн бодитой тоо мэдээлэл, статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон бусад хэрэглэгчийг хангахад чиглэгдэх юм байна. Уг тогтоолын төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн. Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Нэмэлт зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ