Оюутолгойн талаар хэн юу хэлэв
Шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэн тэргүүнд Рио Тинто компани хөрөнгө оруулалтын зардлаа өсгөсөн явдал
Шийдвэрлэх шаардлагатай хуримтлагдсан асуудлуудын нэн тэргүүнд Рио Тинто компани хөрөнгө оруулалтын зардлаа өсгөсөн явдал. УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар хэмээн заасан байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 7.1 тэрбум ам.доллар болгон 40 орчим хувиар өсгөсөн. Төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын нийт зардал өсөхөөр манай талд ирэх өгөөж, ногдол ашиг буурна. Иймээс Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлах, өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтаа тодорхой мэдээлж байж цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө батлуулах шаардлага тавьсан. Өнгөрсөн хоёр жилд хөрөнгө оруулалтаа тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл баталдаг, ингэхдээ хөрөнгө оруулалт өссөн шалтгааныг тодорхой тайлбарладаггүй байв. Түүнчлэн, лицензтэй холбоотой маргааныг нэг талд шийдвэрлэх шаардлагатай. Оюутолгойн бүлэг ордын 30 хувийг өөр компани эзэмшиж байгаа нь уурхайгаас олох ашгийн 30 хувиа алдах эрсдэл дагуулж байгаа тул тус лицензийг эргүүлэн авч, хөрөнгө оруулагчид шилжүүлэх шаардлага үүсч байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг www.zasag.mn 2013.02.01
Засгийн газар үндсэндээ Оюутолгойн хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж байна.
Ордны нөөцийг тэд дарж байгаа шүү дээ. 12 сая зэс, 380 тонн алт гэж вэб сайт дээрээ тавьсан байна. Би нэг зүйлийг хэлье. Маргаашийг өнгөрөөх л юм бол нөгөөдөр гэдэг өдөр маш хүнд тусах гээд байна.
Оюутолгойг хажуудаа хот барь гээд баахан хэл ам хийлээ. Тэгэнгүүт энд хот баривал болох уу, үгүй юу гэсэн судалгааг Рио Тинто 3 сая ам.доллараар хийлгэж байна. Энэ судалгааг хийлгэсэн 3 сая ам.долларынх нь 34 хувийг монголчууд бид л төлнө шүү дээ.
Тэрний оронд монголын урдаа барьдаг салбар тус бүрийн 12 эрдэмтэнг суулгаад үзээч ээ. Шинжилгээ хийнэ гэхээр Оюутолгойн удирдлагууд self reporter гээд байгаа. Шинжилгээний тайланг өөрсдөө гаргадаггүй юмаа. Бие даасан техникийн шинжээчдийн дүгнэлтийг гуравдагч талаар гаргуулах ёстой юм. Биднийг хулхидаад байна аа. Бид яасан тайван нойртой хүмүүс вэ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2012.10.16 www.shuud.mn

Энэ гэрээ бол өөрчлөгдөх ёстой. Бидний тархийг угаах гээд реклам гараад байна. Ийм үргүй зардал хэрэггүй.
УИХ-ын гишүүн С.Уянга 2012.10.16 www.shuud.mn
С.Баяр бол үндэсний эрх ашиг, Монголын ард түмнээс урвасан хүн
УИХ-ын гишүүд С.Баярцогт гишүүнийг буруутгах нь учир дутагдалтай юм. Одоо бидэнтэй нэг танхимд сууж байгаа болохоор Оюутолгойн асуудал ярихаар С.Баярцогтод хаяглаж байгаа юм шиг ойлгогдох байх. Тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд асан С.Баяр нар хариуцлага хүлээх ёстой. Ялангуяа Ерөнхий сайд асан С.Баяр заавал гэрээг үзэглэнэ гэж намын гишүүдээ дарамталж байгаад гэрээ байгуулсан. С.Баяр бол үндэсний эрх ашиг, Монголын ард түмнээс урвасан хүн. Тиймдээ ч өнөөдөр гадаадад амьдарч байгаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 2013.01.31 www.news.mn
“Би 66 хувь, та нар 34 хувийг нь авна” гэсэн дүрэм зохиож болохгүй
Энэ гэрээ анхны байдлаасаа огт өөрөө хийгдсэн байна лээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах гэж байгаа нь улс орны хөгжлөөс хойш татаж, гадны хөрөнгө оруулагчдыг хөөж туух гэсэн хэрэг биш. Зөвхөн энэ гэрээний зарим заалтыг өөрчилж, харилцан ашигтай ажиллах гэсэн хүсэлт юм. Бид цаашид Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хянах ажлын хэсэг гаргаж ажиллана. Мөн энэ асуудлыг дэмжиж буй Иргэний хөдөлгөөнүүдийг ч эгнээндээ элсүүлэх болно. Оюутолгойн орд газрын тухай бид сая мэдэж байгаа юм биш шүү дээ. Хуучин тогтолцооны үед эрх бүхий гишүүд тус газарт хайгуул хийж, нөөц баялгын судалгаа хүртэл гаргасан байдаг. Гэтэл эх орны баялгаас хэн нэгэн нь дураараа авч ашиглачихаад “Би 66 хувь, та нар 34 хувийг нь авна” гэсэн дүрэм зохиож болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Батцогт 2012.09.19 www.shuud.mn
“Үүнийг чинь би олсон юм” гээд эх орны минь газрын баялгаас цөлмөх ёсгүй
Улстөрчид амлалт өгч, ярих дээрээ тулбал ам нэг мөртлөө ажил хэрэг болгох үедээ алд дэлэм байтугай зөрүүлдэг хүмүүс. Уул уурхайг түшиглэн байгуулах компаниудын харилцан ашигтай ажиллах гэрээнд Монголын тал 50-иас доошгүй хувийг авна гэж заасан байдаг. Гэтэл манай уул уурхайн компаниудын толгой дээр байгаа Оюутолгой өнөөдөр ямархуу байдалтай байгаа нь нууц биш. Газрын баялгаа бусдад үнэгүй өгч, дээрээс нь бас өр төлбөрт унаж байгаа энэ бохир гэрээг нэн даруй өөрчлөхгүй бол хэцүүдлээ. Роберт Фрийдланд нэгэнтээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар “Бид хээрээс бяруу олсон юм. Түүнийгээ өсгөж, үнээ болгосон чинь энд тэндээс булаацалдаад байх юм” гэж монголчуудын ахуй амьдралд дүйцүүлэн хэлсэн байдаг. Тэгж яривал харийнхан “Үүнийг чинь би олсон юм” гээд эх орны минь газрын баялгаас цөлмөх ёсгүй биз дээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2012.09.19 www.shuud.mn

“Ойлголт нэг байна. Харин хэрэгжилт, үр дүн өнөөдрийн байдлаар тэс өөр болоод байна. Юу гэвэл Ivanhoe Mines, Оюу толгойl компаниас хэлснээр Entree Gold талбай болон талбайд буй нөөцийг эзэмшиж байгаа юм. Лиценз нь ийм байгаа юм. Өөрөөр хэлбэл нийт нөөцийн 34 хувь байх ёстой бол 70-80 хувийнх нь 34 хувь болоод байгаа юм. Үүнээс ямар асуудал үүсэх вэ гэхээр Entree Gold компанийн хайгуулын лицензийг Оюу толгой компанид ашиглалтын лиценз болгон шилжүүлнэ гэж энэхүү гэрээнд заасан. Лицензийг шилжүүлэх явцдаа тухайн үеийн кадастр, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр тэр 20, 30 хувь нь өөр компанид очихоор болсон байгаа. Энэ нь хууль зөрчсөн асуудал. Хуулийн дагуу шийдвэрлэгдэх байх гэж найдаж байна.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын чуулганд хэлсэн үг 2013.02.01Алтны үнэ өдрөөс өдөрт өсч байхад манайх хамаг баялгаа харийнханд алдаад дуусч байна
Олон улсын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарвал үндэслэл нь тодорхой байх ёстой. Асуудал үүсгээд байгаа энэ гэрээний хувьд, тэр Оюутолгой гэдэг нэрийг аваад хаячихвал цаашид ямар ч өөрчлөлт оруулах боломжгүй болно гэсэн үг. “Бороо гоулд” компанийн гэрээг манайхан ямархуу нөхцөлд, яаж байгуулсныг санах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өдрөөс өдөрт өсч байхад манайх хамаг баялгаа харийнханд алдаад дуусч байна. Лондоны алтан медаль гээд л хөөрч догдлоод байдаг. Гэтэл тэр чинь Оюутолгойн алт шүү дээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2012.09.19 www.shuud.mn

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Камерон Макрей ч хэвлэлийн хурлуудаар хийсэн мэдэгдэлдээ энэ тухай тайлбар өгсөн. Нөгөөтэйгүүр, “Рио Тинто” компанийн “Чалко”-той хамтран Гвиней улсад хэрэгжүүлж буй “Simandou” төмрийн хүдрийн төсөл 10 тэрбум ам.долларын өртөгтэй. Энэхүү төсөл Оюутолгой төслийг бодвол харьцангуй энгийн ч дэд бүтцийн асар том бүтээн байгуулалтыг “Simandou” төслийн хүрээнд хийж буй юм. Мөн “BHP Billiton” компани Австралид хэрэгжүүлж буй “Олимпик Дам” зэс, алт, мөнгө, ураны төслийнхөө өргөтгөлийг 40 тэрбум ам.доллараар хийхээр төлөвлөөд байсан нь дэлхийд хамгийн томоохонд тооцогдох төсөв байсан билээ. Энэхүү төслийн өргөтгөл нь боловсруулалтын түвшин өндөр, дэд бүтцийн үлэмж бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч болон бусад олон дэвшилтэт технологи ашиглалтыг багтаасан байсан юм. Дээр нь Австралийн үйл ажиллагааны зардал Монголынхтой харьцуулахад нэлээд өндөр учир аливаа төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн төсөв шаарддаг. “BHP Billiton” төслийг өргөтгөх төлөвлөгөөгөө өнгөрсөн онд цуцлахаар шийдвэрлэсэн ч эргээд шийдвэрээ өөрчилж магадгүй байгаа юм.
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт 24 тэрбум гаруй ам.доллар болоход хүрвэл “Рио Тинто” магадгүй төслийн хүрээнд өөр олон үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө танилцуулах гэж байж болох юм. Гэвч одоогийн байдлаар “Рио Тинто”-гийн зүгээс үүнтэй холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Mongolian Mining Journal 2013.02.05

Гэвч бодит байдал дээр секундэд 870 литр гүний ус цөлмөж, эхний долоон жилд усны гачаалалд орохгүй гэдгээ ч тооцоолжээ. Харин дараагийн жилүүдэд усны нөөцийн хайгуул хийж, төсөл боловсруулах гэнэ. Тэгэхээр С.Баярын танхимынхны хуудуутай гаргасан энэхүү шийдвэрийг засч залруулахгүй бол хэдэн ч голын гольдролыг өөрчлөх эрх зүйн орчин нь нээлттэй байгаа бус уу.
Тэгээд ч манайх шиг уул уурхайдаа гүний ус хэрэглэж, тэр дундаа хамгийн хямд өртгөөр тоолуураа ажиллуулдаг дүүрчихсэн орон дэлхийн аль ч өнцөг буланд байхгүй гэдгийг бодолцон гэрээндээ өөрчлөлт оруулаач, гишүүд ээ.
Нийгмийн толь сонин 2013.02.05
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ