
Монголын менежментийн холбооноос уламжлал ёсоор зохион явуулдаг “Менежментийн дээд өргөмжлөл” гардуулах 20 дахь удаагийн ёслолын ажиллагаа өнөөдөр Блю Скай цамхгийн III давхарт байрлах “Diamond” танхимд боллоо.
Менежментийн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааны эхэнд “Шилдэг менежменттэй байгууллага”-ыг шалгаруулсан.
Шилдэг менежменттэй байгууллагаар үүрэн телефоны анхдагч операторуудын нэг Скайтел групп шалгарсан юм.
Тус групп нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тал дээр төгс чанарын менежментийг гаргасан хэмээн уг шагналыг өгч байгаа аж.
“Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг аж ахуйн нэгж”-ээр Энержи Интернэшнл ХХК шалгарсан юм.
Тус компани нь манай орны уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, үйлдвэрлэлийн зориулалттай усыг цэвэршүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг олж нийлүүлэх зэрэг ажлыг хийсэн аж.
“Төрийн захиргаа-нутгийн удирдлагын салбарын оны онцлох хүн, шилдэг менежер”-ээр Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь тодорсон юм. Тэрбээр тав дахь жилдээ тус аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа ба орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нийгэм соёлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хот байгуулалтын шинэ загварыг бий болгож, ард иргэдийг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх, ард түмний ахуй амьдралыг сайжруулах үйлсэд түүний оруулж буй хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг өгч байгаа аж.
“Эрчим хүчний аж үйлдвэрийн салбарын шилдэг менежер”-ээр М-Си-Эс Интернэшнл ХХК-ийн төслийн инженер, газрын дарга, Техникийн ухааны магистр Монгол Улсын зөвлөх инженер Ц.Ганболд шалгарсан. Түүний удирдсан Энержи Интернэшнл ХХК нь өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын III, IV цахилгаан станцын зуухыг шинэчлэх, Арвайхээр, Баянтээг, Баянхонгор, Булган, Мөрөнгийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барьж байгуулах зэрэг олон ажил хийсэн аж. Мөн 18мвт-ийн Ухаа худаг дахь цахилгаан станцын төслийг анх удаа хэрэгжүүлж, говийн бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэр болгох зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.
“Нийгэм соёлын салбарын шилдэг менежер”-ээр Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав шалгарсан. Тэрбээр монголын бурхан шашны томоохон төв Дашчойлон хийдийг сэргээн босгох, үйл ажиллагааг нь тогмолжуулах, сүсэгтэн олны сэтгэлд нийцсэн буян номын ажлыг чадварлагаар зохион байгуулж байгаад ийнхүү шагнасан байна.
“Худалдаа үйлчилгээний салбарын шилдэг менежер оны онцлох хүн” өргөмжлөлөөр Монгол эмимпекс концерн ХК-ийн гүйцэтгэх захирал М. Есөнмөнх шалгарсан. Тэрбээр эрдэм шинжилгээ, судалгааны олон ном хэвлүүлэн гаргаснаас гадна түүний удирдсан Номадс сүлжээ ресторан нь үндэсний хэмжээнд төдийгүй хөрш зэргэлдээ орнуудын хэрэглэгч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангаж, тэдний таашаал сайшаалыг хүртсэн хэмээн шагнасан юм.
“Мэдээлэл технологийн салбарын шилдэг менежер оны онцлох хүн” өргөмжлөлөөр Мигма электроникс ХХК-ийн ерөнхий захирал Б.Анхныбаяр шалгарсан. Тэрбээр Монголын анхны компьютер угсралтын үйлдвэрийг байгуулж, улмаар МЖМ групп болгон өргөжүүлж, эх орондоо технологийн брэнд болсон MGM-ийг үндэслэгч, зохион бүтээгч залуу аж.
“Боловсролын салбарын шилдэг менежер оны онцлох хүн” өргөмжлөлөөр Удирдлагын акакдемийн менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Ганбаатар шалгарсан. Тэрбээр эрдэм шинжилгээний 20 гаруй бүтээл туурвиж, 90 гаруй байгууллагын хөгжлийн төлөвлөгөө, стратегийн төсөл боловсруулахад зөвлөхөөр ажиллаж, 250 гаран магистрийн ажлыг удирдан хамгаалуулсан аж. Мөн шинэ үеийн удирдах ажилтныг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх болон монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн түүнийг шагнасан юм.
“Эрүүл мэндийн салбарын шилдэг менежер оны онцлох хүн”өргөмжлөлөөр Баянзүрх эмнэлэг ХХК-ийн захирал Б.Даш-Яндаг шалгарсан. Тэрбээр эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд гаргах, байгууллага хамт олныг чадварлагаар удирдаж, эмч эмнэлгийн ажилтнуудад зориулсан гарын авлага зэргийг гаргасан тул оны онцлох менежер сео цол олгосон аж.
“Соёл урлагийн салбарын шилдэг менежер оны онцлох хүн” өргөмжлөлөөр Дунд Урт ХХК-ийн захирал Ц.Жамбалсүрэн шалгарсан. Тэрбээр “Дунд урт продакшн”-ийг 2006 онд байгуулсан цагаас эхлэн уран бүтээлчдийг урлагийн бүтээл туурвихад мэргэжлийн менежментээр удирдан соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулан ажиллаж байгаа хэмээн ийнхүү оны онцлох менежер сео цолоор шагнав.
Ж.Батсуурь: Манай аймаг Монгол Улсын жишиг аймаг, шилдэг хоттой болох зорилт тавьсан
Энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр “Төрийн захиргаа-нутгийн удирдлагын салбарын оны онцлох хүн, шилдэг менежер”-ээр Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.
-Юуны өмнө шилдэг менежерээр шалгарсанд баяр хүргэе. Шагналынхаа талаар тодруулаач?
-Монголын менежментийн холбооноос жил бүр Монгол Улсын шилдэг менежерүүдийг шалгаруулдаг юм байна. Энэ жилийн Төрийн захиргаа-нутгийн удирдлагын салбарын оны онцлох хүн, шилдэг менежерээр шагналыг дагалдаж, шижир алтан энгэрийн тэмдэг, өргөмжлөл дагалддаг юм байна.
Миний хувьд Сүхбаатар аймгийн Засаг даргаар өнгөрсөн хугацаанд ажиллахдаа ард түмнээ зөв удирдан залж чадсан хэмээн шагнаж байгаад баяртай байна.
-Сүхбаатар аймгийн хувьд бусад аймгуудаас юугаараа онцлог байж, ялгарч байгаа вэ?
-Манай аймгийн хувьд Монгол Улсын жишиг аймаг, шилдэг хоттой болох зорилт тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд аймгийн төвийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэх, гэр хороолыг дэд бүтэцжүүлэх, дундаас доош орлогтой иргэдийг орон сууцжуулахад илүү онцгойлон анхаарч байна. Өнөөдөр бага орлоготой иргэд ажилтай орлоготой, эрүүл чийрэг, мэдлэг боловсролтой болсноор амьдрал нь баталгаажиж байна.
-Танай аймгийн хувьд ажлын байрны эрэлт хэрэгцээ ер нь хэр байна. Орон нутагт ажлын байр олддоггүй гэж яригддаг?
-Ер нь төрийн ажил хийхэд мэдлэг боловсролын шалгуур яригдах ч хувийн хэвшилд орж ажиллах боломж нь нээлттэй байгаа. Хэдэн жилийн өмнө ажил хайж байна гэсэн зар их явдаг байсан бол одоо ажилд авна гэсэн зар их гарч байна. Тийм болохоор бүх салбарт орж ажиллах боломж нээлттэй гэж болно.
-Орон нутгийн эмнэлэг, сургууль зэрэгт боловсон хүчний хүрэлцээ хир байдаг вэ?
-Алхам тутамд чанаржуулах асуудал яригдахаас боловсон хүчний нөөц хүрэлцээ хангалттай бий. Гол нь зөв зохион байгуулалтад оруулах, оновчтой бодлого хэрэгжүүлэх нь чухал.
-Танай аймгийн иргэдийн хот руу болон өөр аймгууд руу нүүх шилжилт хөдөлгөөн хэр байна?
-Манай аймгийн хувьд мал аж ахуйд суурилсан аймаг. Сүүлийн таван жил мал аж ахуйн хөгжил маш сайн байгаа. Түүнчлэн хүн амын өсөлт ч эрс нэмэгдэж байна. Хуучин зах зээлд орсноос хойш шилжилт хөдөлгөөн байсан. Харин сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн зогсож, хүн ам нэмэгдэж байна гэдэг нь амьдрах таатай орчин бий болсны илрэл.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ