Цагаан хадыг хаана гэв үү
Өмнийн говийн нүүрс тээврийн их замд нүд, шүд хоёроос өөр гялалзах юмгүй хаврын хавсарга, замын тоосонд даруулсан хүмүүс тааралдана. Тэд бол 80-100 тоннын хүнд даацын машины жолооч нар. Тавантолгой, Ухаахудаг, Нарийнсухайтын уурхайгаас нүүрс ачаад Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд ачаагаа буулгахаар амь дүйж яваа ажээ. Амь дүйж хэмээсний учир нь ар гэрийн хэдэн ам бүлээ тэжээх өрхийн тэргүүний үүрэг хариуцлага л урагш чангаахаас бус, 16-24 дугуйнаас байсхийгээд л хэд нь зад буудаж, битүү тоосон дунд гэнэт эвдэрч зогсвол араас ирэх тэрэгнүүд ирж мөргөх гэх мэт аюул энүүхэнд. Томоохон компанид данстай зарим нь аяны замд бие биедээ дэм болно уу гэхээс ганц хоёроороо гал болсон нэгний машин шатаж байхад ч тоохгүй. Кабиндаа хааяа нүдний хор гаргах төдий амарсан болно. Өдөрт дунджаар 350 машин гурван том уурхайн амнаас Цагаан хадыг зорьдог.
Ийнхүү Монголын хар алт урд хөршийн ангайсан аманд үнэгүй шахам цутгаж байна. Өдөр ирэх тусам үнэ цэнэ нь өссөөр байгаа эрчим хүчний гол түүхий эд нүүрсний дэлхийн зах зээлийн ханш 100 гаруй ам. доллар байхад манайхан дөнгөж 70 ам.доллараар нийлүүлж байгаа нь даанч харамсмаар. Энэ их баялгийнхаа зах зухаас эрийн сайндаа жаахан юм амсч яваа нь мөнөөх хүнд даацын машины хэдэн жолооч, Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг бараадаж амьжиргаагаа залгуулдаг таван мянга орчим иргэд. Сайнаар яривал гааль, мэргэжлийн хяналтын байцаагчдын орон тооноос гадна 5000 ажлын байр бий гэж үздэг юм байна. Гашуунсухайтын боомтоос цааш 18 километрт орших Цагаан хадан дахь нүүрс сэлгэн ачих талбайн ойр орчинд чухамдаа их замын тоос, говийн элс, нүүрсний үйрмэг холилдсон түйрэн босч, тэнгэр газар нийлж байна уу гэлтэй. Иймээс Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын тулгамдсан асуудлын нэгэнд Цагаан хадны үйл ажиллагааг зогсоож, уул уурхайн байгаль хамгаалал, газрын элэгдэл, эвдрэлийн асуудлыг шийдвэрлэх, газар ашиглалтыг зөв зохион байгуулах, газрын тогтвортой менежмент зэргийг цогцоор нь хэрэгжүүлснээр цөлжилтийг бууруулах боломжийг ашиглах бодлого боловсруулжээ.
Хоёр жилийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон ХЗДХЯ, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нар ГЕГ, МХЕГ-ын албаны хүмүүстэй зөвлөлдөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуун сухайтын боомтоос 18 км зайд байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг хаах шийдвэрт хүрч байсан билээ. Ингэснээр Тавантолгойн орд газраас олборлолт хийж, нүүрс экспортод гаргаж буй компаниудын тээвэрлэлтийн ажил тодорхой бус хугацаагаар зогсох байсан ч талаар болсон. Энэ үеэр мөн тус яамнаас зохион явуулсан “Байгаль орчныг хамгаалах хаврын сар”-ын аян давхцаж, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын нүүрс тээврийн зам дагуух орчны доройтлын судалгааг хийхээр төлөвлөж байсан ч сонгуулийн доргионд орхигдсон. Ер нь манай эрх мэдэлтнүүдийн асуудлыг шийдвэрлэдэг дөт арга бол “хаах” арга хэмжээ байдаг. Байгаль орчинд учруулж буй нөлөөллийг нь тооцвол Говийн бага дархан цаазат газрын бүсэд хамаардаг энэ газрыг цэгцлэх нь яах аргагүй тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ ард түмэндээ Тавантолгойн хувьцааг шилний цаанаас долоолгож, Цагаан хадны хөөтэй төлөг шиг хэдэн муусайн монголчуудаа “говийн нэмэгдэлтэй” хоолноос нь салгах хэрэг байна уу, одоохондоо.
Цаана нь гадаадынхны далд ашиг сонирхол цухалзаад ч байх шиг. Оюутолгойн ордыг хуучин эзэмшигч “Айвенхоу Майнз” компани Канадын “СаусГобиСэндс” компанид эзэмшдэг хувьцааны 57.6 хувиа Хятадын төрийн өмчит “Чалько” компанид 912 сая ам. доллараар худалдахаар болж, дэлхийн хөрөнгийн зах зээлд багагүй шуугиан тарьж байсан. Үүний цаана Өмнөговь аймгийн Овоот толгой, Сүмбэр, Заг сүүж, Цагаантолгойн нийт 500 сая тн коксжих нүүрсний нөөц хятадуудын гарт орох байлаа. Тэгэхэд Канадын “СаусГобиСэндс” компанийн удирдлага Хятадын төрийн өмчит “Чалько” компанитай хийж буй наймаагаа Монголын Засгийн газраас асуух шаардлагагүй хэмээн томорч байсан билээ. Манай зохих хуулиудад уул уурхайн ордын ашиглалтын лицензийг зарахыг хориглосноос бус, уг лицензийг эзэмшигч компани өөрийн хувьцаагаа зарна уу, байна уу хамаагүй байсан хуулийн цоорхойгоор Монголын өнгөтэй өөдтэй ордыг гадаадынхан гараас гарт дамлаж буй нь УИХ, Засгийн газрын гишүүдийн эх оронч сэтгэлийг эрхбиш хөндсөн учраас Үндсэн хуульд заасан “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн тов тодорхой хэн ч халдашгүй заалтыг үндэслэн бусдын хоол хараахан болоогүй. Гэхдээ л манайх нүүрсний нөөцөөрөө дэлхийд айргийн тавд ордог ч одоогоор олборлож эхлээд байгаа Тавантолгой, Ухаахудаг, Нарийнсухайтын нүүрсийг Хятадын компаниуд авч байна. Авах авахдаа Хятадын төрийн өмчит компаниуд бодлогоор нөөцөлж байгаа. Энэ мэтчилэн аварга лууны ам юуг ч үл үлдээхийг хүсэн хүрхэрч, зам тоссон Цагаан хадны бяцхан сууринг ч залгихыг хүссэн мөнөөх санаархлаа дахин гүйцэлдүүлэхээр зэхэж эхлэв.
Өмнө нь “Эрдэнэс МГЛ” компанийн захиралтай Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн магнат гэгддэг “Чайнолко” группийн удирдлага нэгэн нууц гэмээр гэрээнд гарын үсэг зурсан нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр ил болсон. Энэ гэрээг байгуулснаар “Чайнолко” групп Монголын Тавантолгойн ордоос гурван жилийн турш нийтдээ 15 сая тонн нүүрс авахаар гэрээлжээ. Үүнийхээ хариуд Монголын Засгийн газарт 250 сая ам.долларын урьдчилгаа төлсөн нь монголчуудад хувь хишиг биш, өр болж үлдсэн нь үнэн. Тэд авах нүүрснийхээ 30 хувийг Японы “Иточу”, “Мицуй” групп, БНСУ-ын төрийн өмчит “ Кореа ресурс” корпорацид худалдахаар төлөвлөсөн юм билээ.
Ингэж өрмийг нь хамахдаа манайханд хусамнаас нь ч амсуулахыг хүссэнгүй. Юу гэвэл “Чайнолко” групп нүүрсний тээврээ дангаар гүйцэтгэх зорилготой. Бас уурхайн аман дээр гүний гааль ажиллуулж, ачаа тээврийн бүх бүрдүүлэлтийг хийгээд шууд хил давуулан зөөх хүсэлтэй. Тавантолгойн амнаас хилийн дээс давах хүртэл 350 километр замд нэгэнт хяналт шалгалт байхгүй болохоор сэлгэн ачих талбай, ачааг шалгаж пүүлэх шаардлагагүй болж, нөгөөтэйгүүр Цагаан хадны суурингийн амьжиргааны эх үүсвэр байхгүй болно. Харин хилийн цаана Хятадын тал шинэ боомт хот байгуулж, эгээ л Эрээн шиг болох ирээдүй ойрхон бололтой. Тэнд манай наймаачдын мөнгийг саагаад зогсохгүй экспортын нүүрсний төлбөр тооцооны мөнгө ч Хятадын банкинд байршиж болох талтай.
Цагаан хадны сууринг монголчуудынхаа амьдралд жаахан ч атугай тус нэмэр болохуйцаар өөд нь татаж болмоор юм. Энд төрийн цөөхөн албан хаагчдаас гадна худалдаа үйлчилгээний цэгүүд, компаниудын засч тохижуулсан тоосжилтоос хамгаалсан нүүрс буулгах талбай, хашаа саравч, автомашины зогсоол, жижигхэн дэн буудал, цайны газар ажилладаг. Хамгийн гол нь орчны экологийн одоо хэр ад үзэгдээд байгаа голомтыг бүр нутгийн гүнд шинээр бий болгож, уурхайн ажилчдын хэвийн амьдралд саад учруулах хэрэг байна уу гэдгийг бодмоор. Одоогийн шийдвэр нь “Чайнолко” группийн урьдын ашиг сонирхолд нийцэж буй нь хар дагуулж байна.
Бид эрх баригчдынхаа олон сайхан цатгалан мэдэгдлийг сонсож ханасан. Монгол Улс нэгэнт хөгжлийн гараан дээрээ иржээ. Нэгэн арваны өмнө улсын валютын сан хөмрөг дөнгөж 100 сая гаруй ам.доллар байсан бол жилийн өмнө 2.5 тэрбумд хүрч, 25 дахин өслөө. ДНБ-ний хэмжээ10 дахин нэмэгдэж, зургаан тэрбумд хүрсэн бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 400 ам.доллар болж өссөн гэх мэт үзүүлэлт хэвлэл мэдээллийн хэрэгслийн зай талбайг чимэхээс бус, монгол хүний ходоодыг баярлуулсангүй. Эдийн засгийн өсөлт 17 хувь болоход Монголын 742 мянган өрхийн амьжиргаа 1,7 хувь дээшилсэнгүй. Тэгвэл Цагаан хадны сууринд дор хаяж 500 өрхийн амьжиргаа шийдэгдэж байна. Цагаан хадыг хаах уу, эсвэл оновчтой хөгжүүлэх үү.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ