
“...Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла...” хэмээх утга яруу шүлгийг их найрагч, гүн сэтгэгч Очирбатын Дашбалбар агсан дөнгөж хорин зургаахан насандаа тэрлэсэн гэдэг. Үнэхээр энэ орчлонд хүмүүн заяаг олж төрөөд хэн нэгнээр хайрлуулж, хэн нэгнийг хайрлана гэдэг амьд явсны утга учир гэдгийг тэрээр цэл залуудаа ухаарсан гэлтэй. Хүн бүхэн орчлонд ирэхдээ өөрөө уйлж, харин явахдаа өрөөлийг уйлуулсаар буцдаг нь хорвоогийн жам. Тиймдээ ч, бидний зүрх сэтгэлд цаасан дээр нэртэй цасан дээр мөртэй явсан хэн нэгэн хүмүүний тухай дурсамж хадгалан үлддэг бизээ.
Хүний амьдрал дурсамж үлдээсэн маш олон хүн байдаг. Миний хувьд ээж аавын эрх охин атал эмээгийн өвөр дээр өсөж өндийсөн. Эмээгээ санахуйд ухаан орсон цагаасаа л сүү үнэртсэн дээлийнх нь энгэрт эрхлэн наадаж, амьдралын сайн муу, зөв бурууг тайлбарлан хэлж ухааруулдаг байсныг дурсдаг юм. Эмээ минь залуудаа Уртцагаанд байрлах Түргэн зурагчинд гэрэл зурагчнаас ажилладаг байсан гэдэг. Түүний гэрэл зураг авах агшин, үйл хөдлөлийг нь харах, миний бас үр хүүхдийнхээ болон маш олон танихгүй хүмүүсийн зургийг хамтдаа угаах ажил нь хамгийн сонирхолтой зугаатай, сайхан мөчүүд байдаг байв. Эмээ минь сайн гэрэл зурагчин төдийгүй маш их хөдөлмөрч нэгэн байсан юм билээ. Гэрэл зурагчнаар ид ажиллаж байх үедээ Монгол Улсад анхны гэж болох гэрэл зургийг бор өнгөөр буулгах аргыг санаачилсан нь тухайн үедээ ШБОС байв. ШБОС буюу Шинэ бүтээл оновчтой санааг нь төр засгаас өндрөөр үнэлж, Алтан гадас одонгоор шагнасан. Энэ нь монголдоо хамгийн анхны алтан гадас хүртсэн эмэгтэй гэрэл зурагчин болон тэмдэглэгдсэн юм билээ. Эмээгийн минь тухай олон сайхан дурсамж үлдсэнийг тоочоод ч барахгүй биз ээ. Хожим хүний хань, хүүгийн ээж болох үеэр эмээ минь өтөлж, миний тус хамгийн ихээр хэрэгтэй байсан тэр л үед өөрийнхөө амьдралаас илүү гарч чадаагүй. Эмээгийн минь сүүний үнэр шингэсэн сайхан үнэр, эрхлүүлж үнсдэг уруул, амьдралыг ухааруулсан онч мэргэн сургаал, бусад ач зээ нараасаа нууж сэм атгуулдаг чихрийн амт цөм энэ орчлонгийн хаана ч байхгүй надаас алслан холдсон билээ. Тийм ч учраас хайртай эмээгийнхээ ачыг хариулж чадаагүйдээ харамсаж, ээж аавынхаа сэтгэлийг нь баярлуулж, буруу зөрүү яриад гомдоох вий гэж хичээж явдаг юм.
Тэгтэл саяхан нэг найз минь аавтайгаа жаахан үг сөрөөд зөрүүд зангийнхаа илрэл болгон арваад хоног мэндийг нь мэдэж утсаар ч яриагүй тухайгаа өгүүлэхийг сонсоод сэтгэл минь ихэд эмзэглэсэн. Тэр л үед “Ээж аавыгаа амьдад нь хайрлаж яв. Тэд чинь бидэнд л заяагдсан амьд бурхад шүү” хэлмээр санагдсан юм. Найз минь өөрөө ч хэдийнээ айлын аав болсон нэгэн. Тиймдээ ч, үр хүүхдээ өсөж өндийх тэр цагт “Үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ” гэдэг үгийн утгыг илүүтэй ойлгох нь лавтай. Учир нь ирж буцах тавиланг хүмүүн бид тойрохгүй дайраад гардаг болохоор биднийг хайраараа өсгөж хүмүүжүүлсэн аав ээж, тэднийг минь төрүүлж өсгөсөн эмээ өвөө маань нэг л мэдэхэд та биднийг орхиод явна. Тэр л үед сэтгэл зүрхэн дэх дурсамжаас өөр зүйлгүй хоцроно гэдгийг хүн бүхэн санаж яваасай. Залуу насны ааг, омгоор аав ээждээ туньж, үг сөрж, зөрүүдлэж үзээгүй хүн ховорхон биз. Гэхдээ ямар ч үед аав ээжийгээ хайрлаж, тэднийг баярлуулж явах нь та бидний үүрэг билээ.
Энэ орчлонд ээжээс төрсөн хэдий ч эхийн хайр, эцгийн халамжийг мэдэрч үзээгүй маш олон хүн байгаа. Тэд хэзээ ч ээж, аавын халуун сэтгэлийг мэдэрч, хайрлуулан тэврүүлж үнсүүлж үзэлгүй өсч өндийдөг. Хүн бүрийн хувь тавилан адилхан байх учиргүй ч хайраар дутсан нэгнийгээ хайрлах сэтгэлтэй байх нь “...Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла...” хэмээх шүлгийн гол утга болов уу. Хүүхэд байхад бүтэн өнчин найзынхаа дэргэд ээж, аавынхаа тухай гайхуулан ярихад нүдэндээ нулимстай харж зогсдогын учрыг нарийн сайн ойлгодоггүй байлаа. Харин нас нэмж, амьдралын ухаан суухын хэрээр өнгөрсөн он жилүүдэд түүний ямар их зориг тэвчээр, хатуужлыг даван өсч өндийж, сайн сайхан явж байгааг нь хараад үнэхээр бахархдаг. Тэр минь хайраар дутаж өссөн ч одоо хайрыг бэлэглэдэг эх хүн, хүний хань болсон билээ. Гэвч өнчин өрөөсөн өссөн зарим нэг нь хайрыг хүртэх хувь дутдаг ажээ. 20-иод жилийн тэртээд Монгол Улс шинэ нийгмийн тогтолцоонд шилжин орсон. Энэ үед нийгэм бүхэлдээ донсолж, маш олон хүүхэд, залуус гудамжинд гарч “траншейныхан” буюу тэнэмэлүүд гэх армийг бий болгосон билээ. Тэднийг ээж аав нь голсоны адил нийгэм ч мөн гадуурхсан. Тэд бор зүрхээрээ өсч, өндийн нийгэмд өөр өөрийнхөөрөө хөл тавьсан. Тэднийг өлсөж цангаж, даарч хөрч, өвдөж зовоход хэн ч анзаараагүй, бас хайрлаагүй. Зарим нь амьдралын хатуу нугачааг дийлэлгүй хорвоогийн мөнх бусийг үзүүлсэн бол зарим нь хилийн чанадад худалдагдсан ч гэж ярьдаг. Гэхдээ л тэд та бидний дунд амьдралын тойрогт эргэлдэж, гудамж талбайгаар хог түүн өдөр хоногийг өнгөрүүлж яваа бол зарим нь буруу үйл хийн “торны цаана” хоригдож байгаа гэвэл хэтийдэхгүй бизээ. Гудамжинд хог түүж амьдардаг 30 орчим насны нэгэн залуутай ярилцаж зогсоход тэрбээр “Хэдийгээр би өнчин өрөөсөн гудамжинд хэний ч хайрыг амсаж үзэлгүй өссөн ч би өөрийгөө амьд байгаад баярладаг. Хэзээ нэгэн цагт намайг хүн ёсоор хайрладаг хэн нэгэн гарч ирнэ гэдэгт итгэдэг. Бурхан намайг хайраар дутааж өсгөсөн ч амьдрал, хүсэл мөрөөдөл надад байгаа. Тийм болохоор би итгэдэг хүлээдэг. Одоо би насанд хүрсэн ч гэлээ ээж, аавтайгаа яваа хүүхдүүдийг харахаар нулимс аяндаа асгардаг. Нэг л өдөр зүрх сэтгэлээ хайртай хүндээ зориулж, үр хүүхэдтэй болохоороо жинхэнэ сайн нөхөр, аав, нөхөр болно гэж өглөө бүрийн нарыг харан залбирдаг юм. Хүсэл мөрөөдлийг тээсэн маргааш минь надад хайрыг тээсээр ирэх болно” гэж билээ. Энэ бол түүний зүрхэнд хайр байгаагийн илрэл.
Хүн бүрийн хувь тавилан өөр. Өөрийн өнгө будаг, хэмнэлтэй нь үнэн ч элэг бүтэн, элбэг хангалуун өссөн атлаа амьдарлаа, өөрийгөө, бусдыг хайрлаж мэддэггүй хүн хичнээн байгаа бол. Ер нь ардчилалд шилжсэн тэр л цагаас монголчууд та бидний зүрх сэтгэлд оршсон хайр улам бүр замхарч, байгаль дэлхийтэйгээ, хүн хүнтэйгээ, ажил хөдөлмөртөө, эрх баригчид нь ард түмэндээ хайраа зориулах зүрхгүй болсон гэлтэй. Энэ бол зүрхгүй, сэтгэлгүй, тархигүй нийгэм цэцэглэж байгаагийн илрэл юм. Хамгийн гол нь зөвийг урамшуулж, бурууг ухааруулж ирсэн ахмад үеийнхэний сургаал ховордож, басхүү үнэгүйдсэнээс энэ бүхэн нийгэмд оршин тогтнож байгаа болов уу.
Тиймээс хүн бүр өөрийнхөө хамгийн эрхэм хайртай хүмүүстээ зүрх сэтгэлээсээ хандаж, элэг нэг нэгт монгол түмэндээ ч энэ л хайраараа ханддаг байгаасай гэж хүсэж байна. Хайр гэдэг дурсамж болон зүрхэнд хадгалагдан үлдэж, санахын цагт “мөнхийн ус” болон ирээдүйд тэмүүлэх эрч хүчээр тэтгэх увидастай билээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ