
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, "Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Эдгээрийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн билээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, гадаадад бүртгэлтэй компаниуд Монголоос хөрөнгө, мөнгө босгочихоод ер нь татвар төлдөг юм уу, үгүй юу гэдэг дээр асуулт тавьж байв. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, банкнуудын цаад эзэд нь нуугдмал байдалтай байна, энэ асуудалд анхаарах хэрэгтэй биш үү гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ер нь энэ татвартай холбоотой асуудлыг маш хурдан шийдэж байхгүй бол хууль батлагдах хүртэлх хугацаанд, тэр цоорхойг нь ашиглаад, завсар нь элдэв сөрөг үзэгдэл их гардаг хэмээгээд машины зах дээр том оврын жип болон бусад гоёмсог машины үнэ хэрхэн өсч буй тухай мэдээлэл авснаа ярьсан юм.
УИХ-ын гишүүн О.Чулуунбат, гаднын санхүүгийн байгууллага Монголд хүү төлөхгүй байна, гэтэл Монголоос хөрөнгө босгочихоод гээд бид сая ярилаа. Банк бол ер нь татвар төлөгчдийг цусаар тэтгэх байгууллага шүү дээ, нэг ёсны. Тэгэхээр бид эхлээд санхүү, банкны болон мөнгөний эрх зүйн таатай орчинг л бүрдүүлэх нь зөв юм. Үүний тулд зөв бодлого барих хэрэгтэй гэлээ.
Ингээд Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны гишүүд хэлэлцэж, санал бодлоо ярьсны эцэст эдгээрийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
“Анх удаа тансаг хэрэглээний талаарх концепцийг оруулж ирлээ” гэв
Дараа нь байнгын хорооны гишүүд Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогт танилцуулга хийсний дараа асуулт, хариулт өрнөсөн.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, тансаг хэрэглээ гэдгээ бодож ярих хэрэгтэй. Манай зам харгуй чинь өөрөө явахад, машин унахад маш хэцүү шүү дээ гэж байлаа.
Сангийн сайдын ярьснаар бол, сүүлийн жилүүдэд хөдөлгүүрийн багтаамж өндөртэй, туулах чадвар сайтай, түлшний зарцуулалт ихтэй жийпийн төрлийн машины хэрэглээ их өссөн юм байна. Өнгөрсөн онд тоолсон нийт суудлын машины 9 хувийг манайд жийп эзэлж байгаа гэнэ. Түүний хэлснээр эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, бага оврын машиныг дэлхий нийтээр хэрэглэж байгаа өнөө үед манай улс дэлхийн хандлагыг сөрөх нь зохисгүйн дээр хүн ам цөөн, ядуурлын түвшин өндөр улс оронд бас зохимжгүй байдаг аж. Тиймээс үүнийг төрийн бодлогоор зохицуулах нь чухал байгаа гэнэ.
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд том оврын буюу 3501 ба түүнээс дээш цилиндрийн багтаамжтай автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч, 50 хувиар нэмэхээр тусгсан байна. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулиар бол, 2500-аас дээш цилиндртэй бол, мөн 10-аас дээш жилийн насжилттай бол гаднаас оруулж ирэхэд 4000 ам. долларын татвар авдаг. Тэгвэл Засгийн газрын шинэ төслөөр бол, 2501-3500 хүртэлх цилиндр бүхий 10-аас дээш жилийн настай автомашинд 8000 ам. долларын татвар ногдуулахаар заажээ. Мөн ийм төрлийн машины жил бүр төлдөг техникийн үзлэгийн татварыг ч нэмэх гэнэ.
УИХ-ын гишүүн Д.Зоригт, энэ хуулийн төслийг өмнө нь оруулж ирээд буцаж байсан. Энэ удаа яах бол гэсэн юм. Харин Сангийн сайд үүний хариуд, хоёр удаа оруулсан. Нэгийг нь УИХ-ын чуулганаас, нөгөө нь бас хуулиа татахад хүргэсэн. Энэ удаа бол тийм явдал гарахгүй байх. Учир нь энэ удаа зөвхөн тансаг зэрэглэлийн автомашин болон машины насжилтийн зэрэг дээр асуудал яригдаж байгаа гэж байв.
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, 3501-ээс дээш багтаамжтай цилиндр бүхий машины татварын тоо ямар үндэслэлтэйг сонирхож, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, онцгой албан татварыг нэг их хөдөлгөөд баймааргүй байгаагаа илэрхийлж байв.
Харин Сангийн сайд хариуд нь анх удаагаа тансаг хэрэглээний талаарх концепцийг оруулж ирж буйгаа дурдаад, хуучин машины цуглуулга болох нь ээ, манай Монгол гэсэн юм. Тэрээр доод ангиллын машины татварыг хөдөлгөөгүй гэдгээ хэлж байсан.
Энэ мэтээр гишүүд асуулт асууж, саналаа хэлсээр Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм.
Зардал нэмэхгүй байя, орлогоо бодитой болгоё
Үүний дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Сангийн сайдын мэдээлснээр бол, төсвийн төсөөлөлд тулгуурлан улсын нэгдсэн төсвийг зохиодог бөгөөд Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болсноос хойш анх удаа Төсвийн хууль гаргаж байгаа аж.
Өнгөрсөн жилийн төсвөөр ДНБ-нийг 8,2 хувиар өсгөнө гэж байсан ч хүлээгдэж буй гүйцэтгэлээр 20 хувь болж, 2,5 дахин өссөн тул төсвийн бүх тоон үзүүлэлтэд хөдөлгөөн орсон байна. ДНБ-ний хувь хэмжээ, өсөлт, орлого, зарлага, алдагдал гээд бүх хувь хэмжээ өөрчлөгдсөн аж.
УИХ-ын гишүүн О.Чулуунбат хэлэлцүүлгийн үеэр, төрийн албаны цагаан захтны тоо сүүлийн хэдэн жилд 40-50 мянгаар нэмэгдэж, төсвийн зардалд сөргөөр нөлөөлж буйг хэлсэн.
Сангийн сайд С.Баярцогт, улсын нэгдсэн төсөв 2013 оноос 1,5 их наяд төгрөгөөр шууд буурна гээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан бөгөөд түүний суурь үзүүлэлтүүд 2013 оноос хэрэгжиж эхэлнэ. Ирэх жил намуудын амлалт ёсоор төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэврийг 53 хувиар нэмнэ. Цаашид ингэж ихээр нэмэхгүй. Мөн Хүний хөгжлийн сангаас иргэдэд бэлэн мөнгө тараах ажил 2012 оны зургадугаар сараас хойш зогсоно. Эрчим хүч зэрэг томоохон объектыг төсвөөс санхүүжүүлэхээ зогсоож, Хөгжлийн банкнаас санхүүжүүлдэг болно. Төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ. Энэ бүхнээс үүдэж томорсон төсөв аяндаа буурна гэж тайлбарлсан.
УИХ-ын гишүүн Ч.Улаан төсөв зохиоход баримжаа тааруу байгааг шүүмжилсэн юм. Тэрээр, “зардал хэтэрхий өсч байна. Ийм байхад Төсвийн хүрээний мэдэгдэл баталж цаг алдах хэрэг байна уу. Дараа жилийн төсөв ярьж эхэлж байхад дуусах гэж байгаа төсвийн хүрээний мэдэгдэл ярих нь хэр оновчтой вэ. 2013 оноос төсөв жижигрэнэ гэлээ. Гэтэл өссөн зардлаа яах юм” гэж байлаа.
Сангийн сайд С.Баярцогтын хэлснээр 2012 оноос Оюутолгой, Тавантолгойн төслүүд ашиглалтад орох тул цаашдаа эрсдэл буурах аж. Хэрэглээний үнийн индекс урт, дунд хугацааны эрсдэл дагуулж байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Д.Зоригт ирэх жил дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн байдал тийм ч сайнгүй байхыг сануулж, олсон бүхнээ зарах бус тодорхой хувийг нөөцлөх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэрээр, “Ирэх жилийн хөрөнгө оруулалт хоёр их наяд төгрөгөөс давсан. Сонгуультай жилийн хөрөнгө оруулалтын биелэлт тааруу байдаг. Ийм их хөрөнгө оруулалт шингээх газар байгаа юм уу. Хэтэрхий олон ажил зэрэг зэрэг эхлүүлээд дутуу орхиж үнэ өсгөх вий” гэж байлаа.
Бусад гишүүд ч мөн ялгаагүй албан томилолт, оффис, конторын барилга, унаа тэрэг зэрэг зүйлээ хойш тавьж үйлдвэрлэл, дэд бүтэцдээ анхаарах нь зүйтэй гэж байсан. Мөн орлогоо хасъя гээд байхаас биш зарлагаа хасах саналтай гишүүн цөөн байгаа хэмээн ярьж байв.
Ингээд уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон ч Ч.Улаан гишүүний саналаар, төсөв дээр сайтар ажиллахаар болж, зардал нэмэхгүй байх, орлогоо бодитой болгох үүднээс Ажлын хэсэг гаргахаар болсон юм. Түүнчлэн зарчмын саналуудаа нэгтгэн, хоёр намын бүлэгт илгээхээр болсон.
Үлдсэн 2,2 сая иргэнд сонголт өгч байгаа гэв
Дараа нь "Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Энэ үеэр Д.Дамба-Очир гишүүн 600,0 гаруй иргэний хишиг хувь хүртэх боломж тун тодорхой байна. Гэтэл үлдэж байгаа 2,2 сая иргэний асуудлыг яах вэ, Засгийн газар үүн дээр их л бүрхэг зүйл яриад байх шиг. Оюутан биш, нийгмийн халамжаас гадуур байгаа, тэтгэвэрт гараагүй хүмүүсийн асуудал яах вэ. Тун тодорхой болгооч гэсэн.
Сангийн сайд хариуд нь, Бид тэдгээр 2,2 сая иргэнд сонголт өгч байгаа. Хувь хишгээ хувьцаагаар ав, эсвэл 1 сая төгрөгөө ав гэж байгаа гэсэн юм.
Дараа нь байнгын хорооны хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Нэмэлт зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, зөвшилцөн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцээд, зөвшилцөн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ