
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д заасан дагуу үндэсний агаарын тээвэрлэгч статусыг МИАТ компанид албан ёсоор олголоо. Энэхүү ёслолын ажиллагаа өчигдөр Ivy ресторанд болж Зам тээврийн сайд А.Гансүх үндэсний агаарын тээвэрлэгч батламжийг МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханд гардуулав.
Зам тээврийн сайд А.Гансүх энэ үеэр “Далайд гарцгүй Монгол орны хувьд хөгжлийн нэг тулгуур хүчин зүйл бол агаарын тээвэр юм. Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого нь салбарын хөгжлийг 2020 он хүртэл тодорхойлсон цогц бодлогын баримт бичиг болж чадсан. Энэ бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажил их байна. Үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгох ажиллагаа эхний алхам болж байна. МИАТ компанид үндэсний агаарын тээвэрлэгч статус олгосноор төрөөс бүх төрлийн дэмжлэг үзүүлэх давуу эрх олгож байгаа хэрэг. Учир нь агаарын тээвэр гэдэг манай улсын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур салбар гэж үзэж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.
Мөн энэ үеэр “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” баримт бичгийн үндсэн хувийг УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат Зам тээврийн сайд А.Гансүхэд гардуулсан.
УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ үеэр “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлснээр Монгол улс агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрэх зорилт тавьсан бөгөөд бодлогын баримт бичигт Монгол улс нь үндэсний агаарын тээвэрлэгч компанитай байх, “МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгохоор заажээ. Сайд А.Гансүх, агаарын тээврийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар гэж төрөөс тодорхойлсоныг онцлон дурдаад, МИАТ компани нь үндэсний агаарын тээвэрлэгч болсноор татвар, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны хувьд гээд бүхий л талаар төрөөс дэмжлэг авах боломжтой болж байна” гэлээ.
МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан “МИАТ компанийн түүх бол Монгол Улсад иргэний агаарын тээврийн салбар үүсч хөгжсөн түүх юм. Манай компани байгуулагдсанаасаа хойш 50-аад жилийн хугацаанд уламжлалаараа үндэсний агаарын тээвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах шинэ бодлогын хүрээнд МИАТ компанид үндэсний агаарын тээвэрлэгчийн статусыг албан ёсоор олгосон нь маш том алхам. Дэлхий нягтарч, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны хувьд нэгэн холбоо эвсэлд нэгдэж байна. Энэ олон улсын эвсэлд нэгдэхэд үндэсний тээвэрлэгчийн статус маш чухал” гэв.
Дашрамд дуулгахад, ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж албан ёсоор тооцдог аж. 1946 онд дээд зэрэглэлийн долоон онгоц, нэг По-2 онгоцтой Иргэний агаарын тээврийн тасаг байгуулагдаж Дундговь, Сүхбаатар аймаг, Сайншанд, Өндөрхаан чиглэлд дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. 1956 оноос Монголын иргэний агаарын тээврийн хөгжлийн шинэ эрин эхэлсэн гэж үздэг. Учир нь 1956 оны эхээр ЗХУ-аас таван АН-2 онгоц ирж, нисгэгчдийн бэлтгэл амжилттай дууссанаар монголчууд хуваарьт нислэгээр тогтмол нисэх боломжтой болсон байна.
Өнөөдрийн байдлаар МИАТ компани хоёр Боинг 737-800 агаарын хөлөг, хоёр Боинг 767-300 агаарын хөлөг нийт дөрвөн агаарын хөлгөөр Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва, Берлин хотуудад тогтмол нислэг, Сингапур, Хайнан, Чежу, Япон улсын Нагоя, Ояаката, Фүкүока зэрэг олон хотуудад захиалгат нислэг хийж байгаа аж. Мөн Бээжингийн чиглэлд долоо хоногт долоон удаа нислэг үйлдэж байсан бол 2011 ноос эхлэн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэн долоо хоногт 10 удаа нислэг хийж байна. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын оргил ачааллын зуны улиралд Сөүл, Токио чиглэлийн нислэгийн тоогоо нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн Берлин чиглэлд Москвагаар дамжсан нислэгийг хоёр удаа, Улаанбаатраас Берлин хотруу шууд нислэгийг долоо хоногт хоёр удаа, Зүүн Азийг холбосон шинэ чиглэл болох Хонгконг хотруу долоо хоногт дөрвөн удаа тогтмол нислэг үйлдэж байгаа аж.
Английн Скайтракс (Skytrax) судалгаа үнэлгээний байгууллагаас МИАТ ХК-ийн үйлчилгээний түвшинг гурван одтой зэрэглэлийн хэмжээнд хүрснийг батламжилсан бөгөөд энэ онд тус компани “Боинг” компаниас Боинг 767-300 шинэ онгоц, 2015 онд Боинг 737-800 онгоц худалдан авах гэрээ байгуулаад байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ