Монгол социализмын үеийн бас нэгэн өрнөөс саллаа
Өмнөх нийгмээс бид Орос, Польш, Румын, Болгар зэрэг орнуудад төлөх шилжих рублийн өртэй үлдсэн байдаг. Эдгээрээс мөнгөн дүнгийн хэмжээ, дуулиан, ээдрээ төвөгтэй байдлаараа хамгийн зартай нь хойд хөршид төлөх их өр байв.
Зүүн Европын орнуудынх дээрх дуулианы сүрд дарагдан чимээ шуугиан багатайхан шийдэгдсээр иржээ. Тухайлбал, 2006 онд Польшид, 2008 онд Румынд төлөх өрийг шийдсэн байна.
Ингэхдээ Польш 29.9 сая шилжих рублийн 90.4 хувийг хөнгөлсөн бол, Румын 4.1 сая шилжих рублийн 93 хувиас чөлөөлж, үлдсэн долоон хувь буюу 210 мянган ам.долларыг гурван жилийн дотор авахаар зохицуулсан байдаг.
Харин Болгарт төлөх өр өнгөрөгч баасан гаригт шийдэгдэж, Софи хотноо хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдав. Гэрээнд улсаа төлөөлж гарын үсэг зурсан Элчин сайд Ц.Ганхуягаас энэ талаар тодрууллаа.
-Болгарт манайх хэдий хэмжээний өртэй байсан бэ?
-Балканы хойгийн энэ оронд манайх 10 гаруй сая шилжих рублийн өр (нэг шилжих рубль нэг ам.доллартай тэнцэнэ)-тэй байсан. 2008 оны долдугаар сард манай Ерөнхийлөгч тус улсад айлчлах үеэрээ 80 хувийг нь хөнгөлүүлсэн байдаг. Үүнээс хойш үлдэгдэл 20 хувь буюу 2 046 864.18 (хоёр сая дөчин зургаан мянга найман зуун жаран дөрвөн ам.доллар арван найман цент) ам.долларыг хэрхэн төлөх талаар тохиролцохоор хоёр тал цөөнгүй удаа хэлэлцээрийн ширээний ард суусан. Таван жил гаруй сунжирсан энэ ажил сая нэг цэгцэрч, өнгөрөгч баасан гаригт өр зохицуулах тухай засгийн газар хоорондын нэмэлт хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурж баталгаажууллаа.
-Ийм олон жил яригдсан асуудал Болгарт жагсаал цуглаан өрнөж, Засгийн газар нь огцорсон, улс төр, нийгмийн амьдрал нь тогтворгүй байгаа энэ өдрүүдэд шийдэгдчих гэж?
-Тохироо нь бүрдвэл аливаа ажил хурдан бүтдэгийн жишээ. Нөгөө талаар, энэ үр дүнг авчрах гэж манай ГХЯ, СЯ, ЭСЯ-ны хамт олон, олон жил хичээн ажилласны үр дүн юм даа. Тухайлбал, намайг энд ажиллах хугацаанд хоёр улсын Сангийн яамны төвшинд гурван ч удаа уулзалт зохион байгуулагдаж, Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр байнга хөндөгдөж байсан. Манай ЭСЯ-ны хамт олон хэлэлцээрт гарын үсэг зурах гол хүн Болгарын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд Симеон Дянков, тэдний ажилтнуудыг ЭСЯ дээр урьж, учир байдлыг ярьж таниулах зэргээр “ойлголцох ажиллагаа” багагүй явуулсан. Ноён С.Дянков өмнө нь Дэлхийн банкинд Азийн орнууд тэр дундаа Монголын асуудлыг хариуцсан газрын даргаар ажиллаж байсан юм билээ. Манайд их элэгтэй. Энэ мэт олон нааштай хүчин зүйлсийн нөлөөгөөр, Болгарын улстөрийн нөхцөл ээдрээтэй байгаа энэ үед маш богино хугацаанд хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Сая амжаагүй бол одоогоор тов нь зарлагдаагүй байгаа ээлжит бус сонгуулийн үр дүнг, цаашлаад шинэ ЗГ байгуулагдаж, ажил нь жигдрэхийг хүлээх гээд дахиад л сунжрах байлаа.
-Хэрэв ээлжит бус сонгуулиар шинэ хүмүүс гарч ирвэл асуудлыг манай талд ашигтайгаар шийдвэрлэх эсэх нь бас эргэлзээтэй болох байх тийм үү?
-Хоёр талын тохиролцсон асуудлыг Засгийн газрууд дээрээ ярилцаад өр зохицуулах хэлэлцээрийн зарчмыг дэмжсэн шийдвэрүүд гаргасан байсан. Энэ хэлэлцээр манай улсад тун ашигтайгаар буюу өгсөн мөнгөө буцааж “авахаар” хийгдсэн. Бид зээлээ төлөх боловч тэр мөнгөөрөө Болгарт оюутан сургаж, ХАА-д шаардлагатай тоног төхөөрөмж, энэ салбарт хэрэгцээтэй зөвлөх үйлчилгээ авахаар болсон. Өөрөөр хэлбэл, Болгарын Засгийн газар авах авлагаа буцаагаад Монголд тусламж болгон өгөхөөр шийдсэн гэсэн үг.
-Тэтгэлгээр сурч байгаа оюутны тоо нэмэгдэнэ гэсэн үг үү?
-Энэ мөнгөөр Монголын 25-30 оюутан ХАА, Хүнсний чиглэлээр Болгарын их дээд сургуульд суралцана. Манай тал бэлэн мөнгө бус хэдэн оюутныг ямар чиглэлээр, ямар төвшинд сургах нарийвчилсан төлөвлөгөө авчирч Болгарын талд хүлээлгэн өгнө гэсэн үг. Одоо энэ чиглэлээр БШУЯ болон Болгарын боловсрол, хүүхэд, залуучуудын яамны хооронд гэрээ хэлэлцээр хийгдэнэ. Хугацаа давчуу байгаа учраас БШУЯ хурдтай ажиллах шаардлагатай болж байна. Болж өгвөл 2013-2014 оны хичээлийн жилд оюутнаа сургаад эхэлчих хэрэгтэй. Дараагийн ээлжинд манайхан хэрэгцээт багаж, тоног төхөөрөмжийн жагсаалт болон ямар чиглэлээр мэргэжилтэн, зөвлөх үйлчилгээ авмаар байгаагаа илэрхийлсэн хүсэлтээ гардуулах юм. Энэ ажил хоёр улсын ХААЯ-дын хооронд хийгдэнэ.
-Социализмын үед ч Болгар манай ХАА, хүнсний салбарт голлон хөрөнгө оруулсан байх шүү?
-Ер нь Болгар өөрөө ХАА, газар тариалан, жимс, жимсгэний орон. Тухайн үед хоёр улс олон салбарт хамтарч ажиллаж байсан. Социализмын он жилүүдэд Болгарын тусламжаар “Дэвшил” САА, Дарханы “Нэхий эдлэлийн үйлдвэр”, Дорнодын “Мах комбинат”, Орхон-Шарын голын жимс, ногооны аж ахуй, Өвөрхангайд Ханын материалын үйлдвэр, Говь-Алтайд Тоосгоны үйлдвэр зэргийг барьж байгуулсан байдаг. Өдгөө Баянхонгор аймагт хоёр улсын хамтарсан “Мон Гео” нэртэй алтны компани үйл ажиллагаа явуулж байгаа.
-Болгарын Ерөнхийлөгч Монголд айлчлах талаар яригдаж байгаа гэсэн үү?
-Оны сүүлээр буюу аравдугаар сард БНБУ-ын Ерөнхийлөгч ноён Росен Асенов Плевнелиев манай улсад албан ёсны айлчлал хийхээр хоёр тал урьдчилсан байдлаар тохиролцсон. Энэ хүн Болгарын дөрөв дэх Ерөнхийлөгч, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 18-нд тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсон.
Ж.Баярмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ