
Монголын Эдийн Засгийн Форумаас зохион байгуулдаг Монголын эдийн засгийн ээлжит чуулган маргааш Төрийн ордонд эхэлнэ.Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганаар төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагууд, судлаач мэргэжилтнүүдийн санал бодлоо уралдуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Чуулганы үеэр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна нийгмийн 1000 гаруй манлайлагчид нэгэн дор цугладаг тул ажил, бизнесийн маш өргөн холбоос үүсгэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өрнүүлдэг чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулганаар Эдийн засгийн хөгжил, Нийгмийн бодлого, Ногоон өсөлт буюу инновацийн бодлого гэсэн үндсэн чиглэлүүдээр хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Монголын эдийн засгийн чуулганыг анх 2010 онд Ерөнхийлөгч болон УИХ-ын дэмжлэгтэйгээр “Бид хамтдаа чадна” уриан дор зохион байгуулж байсан билээ. Манай улсын хувьд эдийн засгийн хөгжлөө түргэтгэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд боловсон хүчний болон байгалийн дотоод нөөц бололцоогоо зөв зохистой ашиглах шаардлагатай тулгарч буй. Мөн бизнесийн орчныг сайжруулах, төсвийн шинэтгэл, уул уурхайн хөгжил, дэд бүтцийн болон санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжил, ногоон эдийн засаг зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж, хөгжлийн гарцыг олох, нэгдсэн зөвшилцөлд хүрэхийг цаг үе өөрөө шаардсан. Тийм ч учраас энэхүү томоохон уулзалтыг өргөн хүрээнд хийж эхэлсэн гэхэд болно.
Энэхүү чуулганы үндсэн зорилго нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлуудаар бодлого боловсруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвшилцөлд хүрэхэд туслахад чиглэх аж. Өдгөө гурав дахь удаагаа зохион байгуулах гэж буй Монголын эдийн засгийн чуулган нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, ойлголтыг нэгтгэж, эдийн засгийн хөгжилд хамтдаа зүтгэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, алдаа эрсдэл болон амжилтын гарцыг зөв тодорхойлох өндөр үр дүнтэй, өргөн цар хүрээтэй ажил юм хэмээн зохион байгуулагчид нь дүгнэж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ