Эдийн засгийн чуулганаар “Монгол брэнд”-ийг онцолж байна

img

Өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн Монголын эдийн засгийн ээлжит чуулганы гол сэдэв нь “Монгол брэнд”. Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид хамтраад Монгол брэндийг хэрхэн бүтээх талаар санал солилцох юм.   Манай улсын нийт экспортын 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 хувьд боловсруулалт хийдэг бөгөөд үлдсэн нь түүхийгээрээ экспортлогддог. Тиймээс эдийн засгаа хослуулан хөгжүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын зорилт гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы нээлтийн үеэр мэдэгдлээ. Мөн тэрбээр ноос ноолуур, арьс шир, оёдол дизайн, мах, сүү болон  аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр брэнд үйлдвэрлэх боломж монголчууд бидэнд маш их бий гэлээ. Тухайлбал, социализмийн үед манай улс 1.2 сая метр даавуу үйлдвэрлэж байсан. Гэтэл өнөөдөр нэг см-ийг ч үйлдвэрлэхгүй байна. Монгол улс 17 мянган тн ноосныхоо 7000 орчмыг нь сайн боловсруулаад чанартай бүтээгдэхүүн хийж чадвал жилд 2.5 сая метр даавуу үйлдвэрлэх боломж байна. Энэ боломжийг бодит ажил болгохын төлөө энэ өдрүүдэд ярилцана. Брэнд гэдэг нь хамгийн сайн чаддаг, хийдэг бүтээгдэхүүнээрээ улс орондоо, бүс нутагтаа, улмаар дэлхийд танигдах, дэлхийг байлдан дагуулахын төлөөх тэмцэл юм. Үүний төлөө монголчууд бид  нэгдэн тэмцэх цаг болсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн юм. Манай улстай адил уул уурхайн бүтээгдэхүүнээрээ голлож байсан Чили улс эдийн засагтаа  маш том өөрчлөлт хийж, дэлхийд дарсаараа алдаршсан. 1996 онд тус улсад дарс үйлдвэрлэгчдийн тоо 12 байсан бол 10 жилийн дараа 70 болж, 30 сая доллар олдог байсан нь 600 сая доллар болж өссөн. Өнөөдөр дарсныхаа экспортоор дэлхийд 5, үйлдвэрлэлээрээ 9 дүгээрт жагсаж байна. Үүнээс харахад бидэнд эдийн засгаа 5 жилд 20 дахин өсгөх боломж харагдаж байгаа юм гэж Ерөнхий сайд жишээ татаад хамтарч, нэгдэж чадсан нь Чили улсыг ийм амжилтад хүргэсэн. Манай аж ахуйн нэгжүүд ингэж ажиллаж чадвал богино хугацаанд сор бүтээгдэхүүнээ дэлхийд тамгалж чадна гэдэгт итгэлтэй байна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр Монгол брэнд сэдвээр дагнан үргэлжилж байна. Энэ үеэр “Эдийн засгийн төрөлжилт ба Монгол брэнд” нэгдсэн хуралдаан болж хүнс, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хэрхэн брэнд үйлдвэрлэх, дотоод болоод гадаадын хэрэглэгчдэд хүргэх, эдгээр үйлдвэрлэл хөгжихэд эдийн засгийн ямар хөшүүрэг хэрэгтэй  болон хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн асуудал гэхчлэн үйлдвэрлэл тойрсон асуудлаар оролцогчид санал солилцоно. Харин маргааш дэлхий нийтийн асуудал болсон “Усны санаачилга”, “Төр хувийн хэвшлийн хоорондын хөгжил”, “Ногоон эдийн засаг ба ногоон хөгжил” гэсэн уламжлалт сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ