
Улсынхаа эдийн засгийн хүндрэлийг арилгахын төлөө зүтгэл гаргаж чадаагүй гэгдэн буруутгасан үгс ихээр дуулсан Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони парламент нь эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг хүлээн зөвшөөрсний дараа суудлаасаа бууна хэмээн мэдэгдлээ. Тэр засгийн тэргүүний суудлаас тэгж амар буухгүй гэсэн агуулгатай ийм мэдэгдлийг хийсний дараа Ази, Америкийн хөрөнгийн зах дээрх хувьцаануудын ханш өссөн юм. Европын захуудынх ч өссөн.
Гэсэн ч дараа нь Италийн өрийн бичгийн чадавхитай холбоотой саар мэдээ Европын STOXX 50 индексийг 2.31 хувь, FTSE 100-г 1.41 хувь, DAX индексийг 1.90 хувийн уналтыг үзүүлж, улаанаар тэмдэглэгдэхэд хүргэчихлээ.
Харин Берлусконигийн мэдэгдэл болоод манай өмнөд хөрш Хятадад инфляцийн түвшин харьцангуй бага гарсан гэх хавсарсан мэдээллүүд азийн захуудын индексүүдийг өсгөж, өсөлттэй хэвээр хаагдахад хүргэсэн юм. БНХАУ-ын инфляцийн үзүүлэлт 5 хувийн өсөлттэй гарсан нь урьдчилсан таамаглалаас харьцангуй бага гарч улмаар банк, үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьцаануудыг өсгөжээ.
Тэрчлэн энэ өдрийн дунд үе эдийн засгийн хөтөч болсон хөрөнгийн зах зээлд ээлтэй байв. Зөвхөн азийн бус дэлхийн гол индексүүд өсөлттэй байгааг Bloomberg дамжуулав. Берлусконигийн мэдэгдлийн дараа Америкийн захуудад өсөлтүүд үзэгдэж, S&P 500 индексийн сагсанд багтдаг 10 салбарын хувьцаанаас санхүү, эрчим хүч, технологийн салбарын компаниудын хувьцаа доод тал нь 1,1 хувиар өссөн. Өсөлтүүдийн тухай тоон мэдээлэл товч хүргэхэд, Америкийн Dow 0.84 хувь, S&P 500 1.17 хувь, Nasdaq 1.20 хувийн өсөлтийг үзүүлээд байгаа юм.
Харин хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалдаг хэрэгсэл болох алтны ханш 1,784.30 ам.доллар буюу 0.83 хувиар унасан үзүүлэлттэй байна.
Мэдээж хөрөнгө оруулагчид Грекийн шинэ засгийн газрын мэдэгдэлд хүлээлт тавьж байгааг ажиглагчид мэдээлж байгаа юм. Грекийн их өрийн дарамт хэрхэн шийдвэрлэгдэх вэ гэдэг нь европын орнуудын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой. Ерөөс дэлхий дахины эдийн засагт харанга дэлдээд буй хямралын чимээ бүрэн тухалчих вий гэдэг нь ч энэ улсын нөхцөл байдал хэрхэхээс ихээхэн хамаарч таарах гээд байгаа. Их 20-ийн тэргүүлэгчид хэдхэн хоногийн өмнө тус улсын асуудлыг дахин авч хэлэлцсэн. Эцсийн дүндээ Грекийн дотоод улстөрийн нөхцөл байдал хямралын ард гарах эсэхэд голлох нөлөөг үзүүлнэ. Тиймээс тус улсын эрх баригчид шинэ засгийг байгуулахаар шийдвэрлэсэн нь Грек хямралаас гарна гэсэн мессежийг дагуулсан. Хэрэв тэд дотоодын улс төрөө цэгцлэхгүй бол Европын холбоонд хэр удаан данслагдах вэ гэдэг асуултын хариулт ойрхон болохоор байгаа. Тиймээс ч энэ өдөр хөрөнгө оруулагчид Грекийн шинэ засгийн газрын зүгээс гарах мэдэгдэлд чих тавьсан нь дамжиггүй. Эрх баригчид нь аврах төлөвлөгөөний хүрээнд 11 тэрбум ам.долларын тусламжийг хүлээн авах уу гэдэг нь чухал. Мөн нэрвэгдсэн хямралын дороос өндийх шинэ боломжуудыг эрх баригчид нь шинээр тооцож байна уу гэдгийг илүүтэй хүлээж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ