
Дулааны шугам тэврэн унтаж байгаа, хир даг болсон хувцастай траншейны гэх тодотголтой МОНГОЛ улсын иргэд Нарантуул захын орчим болон Хархорин захын ойролцоо амьдардаг. Амьдардаг ч гэж дээ амь зууж өнөө маргаашийг арай ядан өнгөрүүлж байна. Эдгээр хүмүүсийг хайхардаг хүн бүү хэл хүмүүнлэгийн байгууллага ч байхгүй. Уг нь хүмүүнлэгийн элч гэсэн сэтэр зүүсэн ЭЛЧ нар Монголын төрийн хийгээд төрийн бус байгууллагуудад олон бий. Гэсэн ч тэдний хүмүүнлэгийн тусламж эдгээр тэнүүлчдэд оногдохгүй бас үйлчлэхгүй. Тиймээс тэднийг тэнүүлчид гэхээсээ илүүтэй МАРТАГДСАН иргэд гэх нь оновчтой.
Саяхан Шведийн Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас Монгол Улсын Гадаад харилцааны яам,

Хүүхдийн төлөө үндэсний төвд хандан нэгэн албан бичиг иржээ. Уг бичигт, тус улсад таван Монгол хүүхэд гудамжинд гуйлга гуйн амьдарч байна. Насанд хүрээгүй эдгээр хүүхдүүдийг Монголын талд буцааж өгвөл насанд хүртэл нь асран хамгаалж чадах уу. Үгүй бол хүүхдийн эрхийг хамгаалах Шведийн байгууллагад хүлээлгэн өгнө гэсэн байжээ.
Гэсэн ч манай хүүхдийн төлөө байгууллагууд шууд “ЗА” гэсэнгүй. Нэлээд дүлэгнэж, эргэн буцсаны эцэст “Монголын тал хүүхдүүдийг хүлээн авахад бэлэн. Манайд хүүхдийн эрхийг хамгаалдаг, асран хамгаалдаг байгууллага бий” гэсэн хариуг өгсөн. Гэхдээ тэдгээр хүүхдүүдийг хэрхэн яаж авах талаар ганц үг ганхийсэнгүй. Тэднийг харгалзан Монголд авч ирэх хүн ч явуулаагүй гэж байгаа.

Харин энэ дуулианы хажуугаар тэдний эцэг эх, хаяг байршлыг тогтоохоор холбогдох байгууллагууд нь хөөцөлдсөн боловч яг таг тогтоож чадсангүй. Ямарч л байсан 1 хүүхэд Шведэд иргэний шинэчилсэн бүртгэлд, 1 хүүхэд Монголд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна. Үлдсэн 3 хүүхдийн талаарх мэдээлэл архивын болон цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа гэсэн бүдэг бадаг мэдээллийг л олж авчээ. Мөн Монгол хүүхэд Шведэд үрчлэгдсэн болон Швед рүү хууль бусаар хилээр нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна гэх. Тиймээс цаасан дээр бичсэн нэргүй, цасан дээр үлдээсэн мөргүй эдгээр гурван хүүхдийг цагдаагийн газрынхан анхааралдаа авч мөрдөн шалгаж эхэлсэн байна. Тэгээд бас дээрх хүүхдүүдийг хүндэтгэх үүднээс нэрийг нь олон нийтэд зарлахгүй хэмээн гэдийж буй. Эдгээр хүүхдүүд нь тэнгэрээс унаж газраас гараагүй л байлтай.Уг нь нэр, хүйсийг нь олон нийтэд зарлачихвал хэргийн учир тайлагдаж хэний хэн, ямар зорилгоор, хэний золиосонд явж байгааг цагдаагийнхан нэг их хөрөнгө зарлагадаж, хөл болохгүйгээр олчих боломжтой.
Гэтэл Швед дэх Монголын Элчин сайдын Яаманд Монгол хүүхдүүд хууль бусаар оршин сууж байгаа тухай мэдээллийн

талаар “А” ч үгүй сууж байв. Тэгэхээр хүнээ тоолж чадахаа байсан Монголчууд хүүхдүүдээ бүртгэж чадахаа байжээ гэсэн дүгнэлтийг өгөхөөс өөр яалтай.
Тун удалгүй Цагдаагийн ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Консулын газартай хамтран уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэд энэ уулзалтаараа хэрхэн ажиллах чиглэлээ гаргаж байж хүүхдүүдийн асуудлыг нэг тийш нь шийдэх гэнэ.
Харин хүүхдийн төлөө газар эл асуудлыг шийдэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаа сэргийлэх гээд нэлээд хэдэн байгууллагаар ул туурайгаа эргэтэл гүйлдэж байгаа гэх.

Монгол улсын хүүхдийн байгууллага иймэрхүү янзаар ажиллаж, хүүхдийн төлөө ЗҮТГЭЖ байна. Манайхныг таван хүүхдийг авчрах уу эс авчрах уу, үнэхээр Монгол улсын иргэд мөн үү биш үү, хэний хэн гээч юм хэмээн лавлах, шүүх ажиллагааг хэдэн хоногоор сунжруулан хүнд сурталдаж байгааг юу гэж ойлгох вэ.
Гэтэл “Шведийн цагаачлалын алба Монголын талд буцааж өгвөл насанд хүртэл нь асран хамгаалж чадах уу. Үгүй бол хүүхдийн эрхийг хамгаалах Шведийн байгууллагад хүлээлгэн өгнө” хэмээн Монгол улсын хүүхдийн төлөө газрын АМЫГ нь асууж байдаг.
Үнэхээр Монгол улс хүүхдүүдээ тоолж, хянаж, хариуцаж, хооллож ундалж чадахгүй байгаа бол хөгжлөөрөө тэргүүлж яваа улсад “ТУШААЖ” дараа нь хяналт тавиад явбал дээр биш үү. Тэд мөр бүтэн, гэдэс цатгалан яваг.

Бас дээр өгүүлсэнчлэн Нарантуул, Хархорин зах орчмын мартагдсан хүмүүсийг яаж ийгээд Швед рүү гаргах хэрэгтэй. Хөгшин Европын үнэр нэвт шувт шингэсэн Шведийн гудамжинд ноорхой хувцастай, нүд шүд нь гялалзсан, архины эхүүн үнэр хир буртаг үнэртсэн нүүрэндээ хар толботой, нүдээ арай ядан нээж байгаа юм шиг ядарсан нөхдүүдийг Шведийн цагаачлалын албаныхан “олзолж” Монгол улсын холбогдох албан байгууллагууд руу нь мэйл шидэх байлгүй.
Гэхдээ дээрх хүүхдийн нэгэн адил “Хүнээ хүлээж авахгүй бол манайх хүний эрхийг хамгаалах байгууллагадаа шилжүүлээ” гэвэл ямар гоё вэ. Нөгөө л муу нэртэй, луу данстай МАРТАГДСАН иргэд Монголчууд бидний нүүр царай болж, бас мөр бүтэн гэдэс цатгалан явна шүү дээ гэж егөөдөхөөс.
Ж.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ