А.Ариунболд: Банкууд иргэдээс зээлийн шимтгэл авч буйг зогсооно

-ШӨХТГ-т иргэдээс хэр их гомдол санал ирж байна. Танай агентлаг хамгийн сүүлд ямар дорвитой ажлыг эхлүүлээд байна вэ?
-Манай агентлагын иргэдийг сонсдог 1284 тоот утсаар хэрэглэгчдээс маш олон өргөдөл гомдол, мэдээлэл, санал ирж байна. Мэдээж хэвлэл мэдээллээр гарч буй мэдээ мэдээлэл цаг үеийн асуудалд санаачлагаараа хяналт шалгалт, судалгаа хийдэг. Ер нь өнгөрсөн хоёр сарын хугацаанд манайх ачаалал ихтэй ажилласан.
Сүүлийн үед арилжааны банктай холбоотой ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, валют солиход ханшийн зөрүү гардаг байсныг цэгцэлсэн. Өөрөөр хэлбэл задгай валютыг бага мөнгөөр худалдан авдаг байсныг зогсоож бүхэл вальютай ижил ханшаар худалдан авахуулдаг болгосон.
Дараагийн ээлжинд картны шимтгэлийг судалж байна. АТМ-аас хэрэглэгч мөнгө авахад төлбөрийн картны шимтгэл төлдөг. Тэгвэл хэрэглэгч төлбөрийн картны шимтгэл төлж байгаа нь эдийн засгийн хувьд хэр бодитой юм бэ гэдгийг судалж байна. Түүнчлэн банкууд зээлийн шимтгэл авч байгаа асуудлыг ч анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл иргэн хүн зээл авчихаад дараа нь дахин шимтгэл төлж байгаа нь хэрэглэгчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Та дэлгүүрээс 850 төгрөгөөр талх худалдан авчихаад дахин талх худалдаж авсны шимэтгэл гэж 0.2 хувь төлж байгаатай яг адилхан. Тухйн банк хэрэглэгчид мөнгөө зээлдүүлсэн бол төлбөр нь хүү. Төлбөрөө хүүгээр авчихаад та нэг сая төгрөгийн зээл авсан 0.2 хувийн шимтгэл төл гэдэг. Үүнийгээ банкиуд болзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор авч байгаа гэж тайлбарладаг. Банкны салбарт хэрэглэгчийн эрх ашиг маш их зөрчигдөж байна. Тиймээс банк санхүүгийн чиглэл рүү орж ажиллах бодолтой байна.
Ирэх гуравдугаар сарын15-нд “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” тохионо. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд хэрэглэгчийн эрхийг хамгаалах шударга хууль гэсэн уриан дор тэмдэглэнэ. Амьдрал дээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль хоцрогдсон. Тиймээс энэ жил хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг олон улсын төвшинд хүртэл сайжруулж УИХ-аар батлуулах нь гол зорилго болж байна. Бусад орны хууль тогтоомжийг судална. Мэдээж хуулийн төслөө боловсруулсны дараа иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулна.
-Таксины үйлчилгээтэй холбоотой мэдээллүүд маш их гарч байна. Таксигаар зорчсон иргэдийн аюулгүй байдлыг яаж хамгаалах ёстой юм бэ?
-Таксины үйлчилгээ авч буй иргэдийн амь нас эд хөрөнгө баталгаагүй болжээ. Сүүлийн үед үүнтэй холбоотой олон гэмт хэрэг гарч байна. Тиймээс таксины үйлчилгээг аюулгүй олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор тодорхой алхмуудыг хийлээ. Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Такси эрхэлэгч компаниудтай уулзалт зохион байгуулсан. Уулзалтын үр дүнд такси үйлчилгээний стандарт боловсруулан Стандарт хэмжилзүйн газарт хүргүүлээд байна. Энэ стандарт батлагдвал хэд хэдэн асуудлыг нэмж шийдэх боломжтой болж байгаа юм.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд таксины үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх асуудлыг шийднэ. Нөгөөтэйгүүр такси үйлчилгээнийнхэн үйлчлүүлэгчдэд ялгавартай ханддаг. Ойрхон газар явахгүй, эсхүл тоолуураа буруу ажиллуудаг гэх мэтчлэн олон зүйлийг цэгцэлнэ. Тоолуурыг баталгаажуулна. Хэрэглэгчдэд бодитой үйлчилгээ үзүүлдэг байх. Хамгийн гол асуудал нь такси үйлчилгээ уналтад орчихсон. Улсын хэмжээнд дунджаар 700 гаруй такси явж байна. Үлдсэн нь хувиараа ажилладаг халтуурчид.
Дунджаар 6000 гаруй хүн хувиараа таксинд явж байна. Хувиараа таксинд явж байгаа иргэдийн үйлчилгээ ямар ч хяналтгүй. Стандарт дүрэм журам ч байхгүй. Хяналт тавих газар нь ч тодорхойгүй. Тиймээс иргэд хэн гэдэг хүний таксинд суусан нь тодорхойгүй. Тиймээс энэ албан бус үйлчилгээг албажуулна. Хэрэв та хувиараа таксины үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол Нийтийн тээврийн газартай гэрээ байгуулж ажиллана. Стандарт шаардлага хангаж ажиллана. Хувиараа үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийг шууд зах зээлээс шахаад гаргачиж болохгүй. Тэдгээр иргэдийн орлого амжиргааны асуудлыг зохистой түвшинд шийдэхийг зорьж байна.
-Дуудлагын таксины үйлчилгээг яаж сайжруулах вэ?
-Такси дуудлагатай холбоотой гомдол их гарч байна. Дуудлага өгөхөөр ирдэггүй. Утсаа барьж бай. Холбож өгнө гэх мэтчилэнгээр хэрэглэгчийг утсан дээр удаан барьж төлбөр их гаргадаг. Эсхүл такси дуудсан гэчихээд хэдэн минутын дараа байхгүй гэдэг хариултыг өгч байгаа тохиолдол бий. Энэ асуудлыг цэгцлэхийг зорьсон. Дуудлага үйлчилгээ эрхэлж утас ажиллуулдаг газар олон мөртлөө такси нь 700. Хаанаа ч хүрэлцдэггүй. Тэгэхээр хувиараа халтуур хийж байгаа таксичдыг дуудлага үйлчилгээнд хамруулчихвал үйлчилгээ бодитой болно. Хоёрдугаарт, та дуудлага үйлчилгээ авч чадаагүй бол энгийн утасны тарифаар мөнгөө төлнө. Нэгэнт үйлчилгээ аваагүй бол өндөр тарифаар мөнгө төлөх нь зах зээлийн зарчимтай нийцэхгүй.
-Хувиараа такси үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс илүү мөнгө байнга нэхдэг. Үүнийг яаж зохицуулах вэ. Таван км явчихаад найман км-ийн мөнгө нэхэх тохиолдол өдөр тутам тохиолдож байна?
-Хувиараа явж байгаа таксиг албажуулж тоолууртай болгоно. Нийтийн тээврээс баталж өгсөн тарифаар үйлчилгээ үзүүлнэ. Хэрэв илүү мөнгө нэхвэл торгоно. Жолоодох эрхийг нь хасах гэх мэтээр хариуцлагын механизмыг нь бүрдүүлээд өгчихвөл үйлчлүүлэгчдээс илүү төлбөр авдаг байдал зогсоно.
-Хяналт яаж тавих вэ?
-Стандарт батлагдчихвал Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу ЗЦГ, Нийтийн тээвэр, МХЕГ гэх мэтчлэн холбогдох салбарууд нь чиг үүргийнхээ хувьд хяналтаа тавина.
-Том оврын автобусны үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ?
-Иргэд өдөр тутам нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа. Том оврын автобустай холбоотой гомдлууд байнга гардаг. Нийтийн тээврийнхэнтэй уулзалт хийсэн. Нэгдүгээрт, мэргэшсэн жолоочийн асуудлыг ярьсан. Дөнгөж 18 настай залуу төгсөөд автобус барихаар насны төлөвшлийн хувьд зохимжгүй. Олон хүний амь насыг хариуцаж яваа тээврийн хэрэгслийн жолооч уралдааны машин шиг хурдалдаг. Замаар гарч яваа зорчигчийг дайрч гэмтээдэг үзэгдэл маш их ихэссэн. Үүнийг шийдэхгүй бол хэрэглэгч хохирч байна. Энэ замбараагүй байдлыг таслан зогсооно. Буудал зарладаг асуудал хэвшихгүй байна. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаар энэ сарын дундуураас аян зохион байгуулна. Үнийн хувьд Авто тээврийн тухай хуулиар нэг талаасаа нийслэлийн Авто тээврийн газар, нөгөө талаасаа Автобус компаниуд тохиролцож гэрээний үндсэн дээр үнийг тохирно гэсэн заалт бий.
Гэхдээ талууд ШӨХТГ- т хандан хүсэлт гаргасан. Үнийн асуудлыг судалж үзсэн. Автобус компаниуд өмнө нь бөөний үнээр дизель түлшээ авдаг байснаа жижиглэнгийн үнээр худалдаж авдаг болсон. Хямд үнээр автобус компаниуд түлшээ авах боломжийг бүрдүүлж өгсөн. Ингэснээр автобусны үнийг тодорхой түвшинд барьж байна. Хоёрдугаарт автобус компаниудад төрөөс мөнгө өгч байгаа. Өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих үнийн хөнгөлөлт. Гэтэл нь хоёр талдаа сөрөг нөлөө үзүүлж байгаа. Автобус компаниудын зүгээс өдөрт оюутан хоёр л удаа зорчих ёстой байтал хэд хэдэн удаа зорчихоор манайх алдагдал хүлээгээд байна гэдэг. Иргэдийн зүгээс заримдаа үнэгүй үйлчилгээгээ авч чадахгүй байна гэсэн гомдол гарч байгаа. Тэгвэл ерөөсөө оюутан, өндөр настанд хөнгөлөлтийн мөнгийг нь төрөөс олгодог болгох. Ингэснээр оюутан, өндөр настан автобусанд мөнгөө төлөөд зорчдог байя гэсэн санааг хэрэгжүүлнэ.
Ийм байдлаар аль аль талаа унагахгүй зохицуулалт хийхгүй бол нийтийн тээврийн салбар уналтад орох юм бол хүнд байдал үүснэ.
Шатахуун импортлогч компаниуд торгуулиа төлж байна уу?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт асуудал шилжсэн.Тэгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шатахуун импортлогч компаниудын торгуулыг төлүүлж улсын төсөвт оруулна гэсэн үг л дээ.
-Хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийх үү?
-Хүнсний аюулгүй байдал бол хамгийн чухал асуудал. Хүнсэн дээр анхаарал тавьж ажиллаж байгаа. Төлөвлөгөөд шалгалт хийж байна. Хүнсний аюулгүй байдлын тухай хууль батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Хаяг шошго зөрүүтэй, хугацаа дууссан, жин дутуу гэх мэтчилэн олон гомдлууд ирж байна. Хэрэглэгчдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах ёстой хүнсний сүлжээ дэлгүүрүүд эрхийг нь зөрчсөн тохиолдолд нэлээн чанга асуудлыг ярина. Хатуу гараар үзнэ гэж ойлгож болно. Бас нэг анхаарал татсан олон гомдлуудын нэг нь эмнэлгийн үйлчилгээ. Иргэдээс ирсэн гомдолд эмнэлэгт хэвтсэнөвчтөн эм тариагаа гаднаас авдаг. Гэтэл эмлчүүлэгчийн стор дээр өөрсдөө худалдан авч хийлгэсэн эм тариаг нь бичсэн тохиолдол ч гарч байна гэсэн гомдол ирж байна. Эрүүл мэндийн салбарт хэрэглэгчдийн эрх ашгийг маш их зөрчиж байна. Эмнэлгүүдэд манайхаас ажлын хэсэг байгуулагдан шалгалт хийж эхэлсэн. Санхүүгийн гэмт хэргийн асуудал байж болзшгүй. Түүнчлэн 7 хоног хэвтсэн өвчтөний стор дээр 10 хоног болгон бичсэн гэх гомдол ч байна.
-Ярианы төлбөрийг секундээр тооцдог болсон. Бүх үүрийн телефоны компаниуд хэрэгжүүлж эхэлсэн үү?
- Өнгөрсөн гуравдугаар сарын1-нээс ярианы төлбөрийг секундэд шилжүүлэхээр болсон. Хэрэгжиж эхэлсэн. Нэг секундын төлбөрийг үүрэн телефоны компаниуд тогтоон Харилцаа холбооны зохицуулах хороог хянаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан юм билээ. Хуулийн дагуу Харилцаа холбооны зохицуулах Мобикомын нэг секундийн үнийг тогтоож өгсөн.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ