Утаанаас болж Монгол үндэстэн мөхөх үү

img

Ирээдүйг сүйтгэгч утаа Монгол үндэстэн мөхлийн ирмэгт иржээ. Бусдад эзлэгдэж биш, хорлогдож биш, ердөө л хар утаанаас болоод тэр. Нэг ёсондоо  өөрсдөө л өөрсдийгөө устгах аюул тарьж байна гэсэн үг. Нийт хүн амынх нь талаас илүү хувь  нийслэлд шавчихсан гэдэг утгаар нь ингэж хэлэхэд үнэхээр хатуудсан болохгүй. Үүнд төр засаг, ард иргэд хоёулаа буруутай. Гэхдээ  2 сая 700 гаруйхан иргэнийхээ  аж амьдралыг олигтойхон тодорхойлж чадаагүй эрх мэдэлтнүүд  бурууг илүүтэй хүлээх учиртай.  1991 оны шинэ  Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн амьдран суух газраа өөрөө сонгох эрхтэй” гэж заагаагүй бол, УИХ-ын харьяаны байгууллага болох Хүний эрхийн үндэсний комисс уг заалтыг үндэслэн гомдол гаргаж, улмаар хөдөөнөөс хотод шилжих ирэх хураамжийг үгүй болгоогүй бол, хот төлөвлөлтийг эхнээс нь зөв хийж ирсэн бол, газар олголтын асуудал дээр хяналт тавьсан бол....өнөөдөр 10 хүний нэгийг нь залгих хүчтэй утаа хэмээгч аймшгийн “бууны аман” дээр тулж очихгүй л байсан даа. Таныг, биднийг, бидний үр хүүхдийг,  мандан бадарч, бас уруудан доройтож явсан, гэхдээ л туурга тусгаар үлдэж чадсан Монгол Улсын маань ирээдүйг балагт утаа устгах гэж үү? А. Отгонболд: Эрүүл орчинд амьдрах эрхээ олж авья “Ирээдүйн хот” ТББ-ын гишүүн “Хатагтай”  эмнэлгийн захирал А.Отгонболд: -Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч хүн амынх нь тал илүү хувь  оршин сууж амьдардаг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд  аж төрөх эрх нь зөрчигдөөд удаж байна. 2000 оноос орон нутгийн иргэд нийслэлийг зорих их нүүдэл эхэлж, гэр хороололд суурьших болсон нь нүүрс түлэх айл өрхийн тоог эрс нэмэгдүүлсэн. Зөвхөн гэр хорооллын айл өрхийн түлсэн нүүрсний утаа, үнс нурам, бохир ус  гэлтгүй  хотын хаа  ч тэр хог хаягдалдаа дарагдаж, хөрсний бохирдолыг их хэмжээгээр үүсгээд байна. Гэтэл төр засгаас  агаарын бохирдолыг дан ганц утаатай холбон тайлбарлаж,  хэдэн тэрбумаар нь хөрөнгө хаяж байгаа нь нууц биш. Агаарын бохирдолын оргил үе нь өвлийн улирал  хэдий ч,  бусад улирлуудад агаар дахь тоосонцорын хэмжээ дэлхийн стандартаас хэдийн давсан. Агаарын бохирдол ийнхүү жилийн дөрвөн улиралд үргэлжилсэнээр нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, элдэв төрлийн халдварт өвчин, харшил, хорт хавдарын өвчлөл эрс нэмэгдэж байна. Иймд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, агаарын бохирдлын эсрэг дорвитой алхам хийж чадахгүй байгаа Засгийн газрыг шүүхэд өгнө. /2012.1.24/ Монголд жирэмсэлж буй 10 эмэгтэйн 6 нь ургийн гажигтай хүүхэд төрүүлж    байна Нийгмийн эрүүл мэндийн Хүрээлэнгийн захирал Ж. Оюунбилэг : - Бидний утаа гээд байгаа зүйлд маш олон төрлийн хортой бодис байдаг нь хүний бие эрхтэн болон насны ангиллаар нь хор уршиг нь илэрсээр байгаа юм. Хамгийн их хортой зүйл нь утаанд тоосонцор гэж байдаг ба ПМ2.7 гэдэг тоосонцор нь хамгийн хортой гэж тооцогддог бол 1м3 – пм 2.5 байх ёстой бол хотын төв хэсгээр 75-100мгр байгаа нь 30-40 дахин их, гэр хороолол орчмоор 200-300мгр байгаа нь 100-120 дахин их байна гэж мэргэжлийн хэмжүүрээр тогтоогоод байгаа юм байна. Энэхүү хорт бодис нь юугаараа ийм аюултай байна гэвэл хүний удмын санд нөлөөлдгөөрөө маш аюултай юм. ПМ2.7 тоосонцор бодис нь хүний биед 3 замаар ордог. 1. Амьсгалын замаар 2. Арьс салстаар 3. Хамгийн аюултай нь ургийн саадаг даваанд нэвтрэнэ. Эхийн авсан халдвараас урагт саадгүй нэвтэрдэгээрээ маш их аюултай. За тэгэхээр бидний өдөр болгон амьсгалж байгаа энэхүү хорт утаа нь бидний удмын санд үр удамд ямар их хор хөнөөл авчраад байгааг та эрхбиш ойлгож байгаа байх. Тэгвэл үүгээр зогсохгүй вирусын халдвар ханиад томуу гэх өвчлөл маш ихээр нэмэгдээд байна. Тэр тусмаа өсвөр насны хүүхэд залуучуудын дунд энэхүү өвчлөл өсөж байгаа нь гамшиг. Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-д өдөрт ханиадаар өвдсөн 50-100 хүүхэд ирдэг байна. 60 орчим хувь нь хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн тоо баримт байна. /2013.01.20/ Ш.Нямдаваа: Тоосонцрын хэмжээ энэ жил 40-50 хувь нэмэгдсэн Агаарын бохирдлын асуудлаар Агаарын чанарын мэргэжлийн албаны нарийн бичгийн дарга Ш.Нямдаваа: Дээд удирдлагуудын нийтэд мэдээлж байгаа дүн бол зөвхөн эх үүсвэрийг нь багасгачихаад агаарын бохирдол төдөн хувиар буурлаа гэдэг. Үнэндээ бидний багаж хэрэгслийн дүгнэлтээр бараг буурсан зүйл байхгүй. Гэхдээ түүхий нүүрс түлэхийг хориглосон хязгаарлалтын бүсэд бага зэргээр буурсан ч нийслэлийн хэмжээнд ямар ч өөрчлөлт ороогүй. Манай багаж нийт найман төрлийн бодисыг тодорхойлдог. Ингэхдээ хүний эрүүл мэндэд хамгийн их хор хөнөөлтэй тоосонцор, хүхэр, азотын давхар исэл нийслэлд аюулын хэмжээнд хүрсэн. Тухайлбал, зуны улиралд гэр хорооллын агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурдаг байхад өвөлд хүхэрлэг хийн энэ хэмжээ 200-300 дахин ихэсдэг. Хүхэрлэг хий хаанаас гардаг вэ гэхээр боловсруулаагүй түүхий нүүрснээс үүсдэг. Мөн нарийн ширхэгт тоос агаарт дэгдэнэ.

Агаарын бохирдол багтраа үүсгэдэг МУИС-ийн багш Ш.Лодойдамба: Улаанбаатар хотын төлөвлөлт маш муу байгаагаас болж агаарын бохирдол үүсдэг. Учир нь нийслэлийн байрлалын хувьд салхи нь ихэвчлэн баруун хойноосоо чиглэдэг гэнэ. Тэгэхээр хотын баруун хойд хэсэгт юу их байдаг билээ. Таган дээр тавьсан ааруул шиг уулын энгэр, орой хаана л зай талбай байна тэнд баахан эсгий гэр, оройтой оройгүй байшин сүндэрлэсэн байдаг шүү дээ. Ядаж хотын төв хэсэг нь дөрвөн талаараа уулаар хүрээлсэн, бас их хотгор газар байрладаг. Ингэхээр уулын орой дээр буусан гэр хорооллын айлуудын түлшний утаа газрын хотгор хэсэг рүүгээ орж хотын төв хэсэгт суунагладаг. Тоосонцрын бохирдол эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, зүрхний хэмнэл алдагдах, архаг бронхитийн явц хурдасч, амьсгалын замын өвчний шинж тэмдэг нэмэгдэх, уушгины үйл ажиллагаа буурч улмаар багтрааны хүндрэл үүсгэх хамгийн аюултайг тогтоосон./2012.10.3/ Гэр хорооллыг орон сууцжуулсны дараа л бохирдолгүй  болно шүү дээ Нийслэлийн эрүүл мэндийн газрын орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Байгалмаа: Судалгаагаар Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж болон цочмог, архаг бронхит, уушгины үрэвслийн өвчлөлийн хооронд шууд хүчтэй хамаарал илэрсэн. Ер нь хүн амын дунд бронхитын хурц хэлбэр шинээр бүртгэгдэж, нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь агаарын бохирдолттой шууд холбоотой юм. Мөн хүүхэд болон 65-аас дээш насныхны дархлаа илүү суларч, өвчилж байна. Амбулаториор бүртгэгдсэн агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөлийг бронхит, архаг бронхит, астма, ларингитийн өвчлөл баталж байгаа юм. Агаарын бохирдол ихтэй газар амьдардаг хүн амын дунд амьсгалын замын үрэв-сэл, харшлын гаралтай эмгэг, зүрх судас, хоол боловсруулах замын эмгэг, арьс салстын үрэвсэл, харшлын гаралтай эмгэгүүд элбэг тохиолддог нь нэгэнт батлагдсан. Агаарын бохирдол эрүүл мэндэд хортой гэдэг нь нэгэнт батлагдсан. Тухайл¬бал нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүний амьсгалж буй агаартай хамт хүний биед орж, цусны  гемоглобин гэсэн уурагтай нэгдээд төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ингэснээр  бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, ухаан алдуулах зэрэг амь насанд аюултай бохирдуулагч юм. Харин азотын ислүүд нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож алсдаа уушгийг үрэвсүүлэж, хорт хавдар үүсгэх аюултай бол хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг. Хөө тортог, том, нарийн ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушгины архаг өвчин болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагч үүргийг гүйцэтгэдэг. Ер нь агаарын бохирдлыг бууруулахгүйгээр амьсгалын замын өвчлөлийг бууруулах ямар ч боломжгүй. Гэр хороолол тэлсээр байвал орчны бохирдол буурахгүй. Ер нь гэр хорооллыг орон сууцжуулсны дараа л бохирдолгүй  болно шүү дээ. Гэхдээ агаарын бохирдол гэдэг нь зөвхөн утаа биш юм. Бидний нүдэнд харагдахгүй өчүүхэн жижиг тоосонцрууд хамгийн аюултай. Тоосонцор хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон. Гэр хорооллынхон өвөлжин ил задгай үнс, угаадсаа асгачихдаг. Гэтэл тэр нь хөрс хэсэх үед үерийн усаар түрэгдэж хотын төвдөө хураад тоосонцор үүсгэх гол шалтгаан болдог Судалгаанаас харахад хотын хүүх¬дүүд хөдөөгийнхөөс бронхит өвчнөөр хоёр дахин, бронхийн багтраа өвчнөөр тав дахин илүү өвч¬лөмтгий байдаг. Эдгээр өвчнөөс шалтгаалж хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдарын өсөлт хөгжил, биеийн хэлбэрт нөлөөлж байна. Хүүхдийн цээж өргөсөх, намхан болох зэрэг шинжүүд илрэх болсныг судлаачид тогтоосон. Агаарын бохирдлоос болж жирэмсэн эмэгтэйчүүд эрт буюу хожуу үеийн хордлоготой, хүчилтөрөгчийн дутагдалтай төрж байна. Хүчилтөрөгчийн дутагдалтай төрсөн нярай хүчилтөрөгчөөс хамааралтай өвчнөөр өвчилдөг. Энэ нь ч нас баралтын шалтгааны 50 хувийг эзэлдэг. Тиймээс жирэм¬сэн үедээ цэвэр агаарт хүүх¬дээ тээж, бойжуулах нь хамгийн үр дүнтэй арга юм. Л.Оюунцэцэг: Нийслэлд эрүүл уушгитай хүн үлдэхгүй Хавдар судлалын үндэсний төвийн уушгины эмч Л.Оюунцэцэг: -Нийслэлийн агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд зөвхөн уушгины хавдар төдийгүй өөр олон төрлийн өвчин тусах нь ихэссэн. Ер нь утааны хор хөнөөл хүний удамшилд нөлөөлөх, эрэгтэйчүүд нөхөн үржихүйн өвчлөлтэй болох, эмэгтэйчүүд удамшлын эмгэг, өндгөвчний үрэвсэлтэй болох, бага насны хүүхдүүд уушгины хорт хавдраар өвчлөх, дархлаа султай болох гээд бүх эд эрхтэнд нь сөргөөр нөлөөлдөг. Манайд уушгины эмнэлэг, эмч нар хангалттай олон бий. Тиймээс улсын хэмжээний нэгдсэн тоог хэлж мэдэхгүй юм. Гэхдээ 2009 онд 4719 хүн оношилж эмчилсэн бол 2010 онд 5229 хүнийг эмчилсэн, харин 2011 онд 6000-аад хүнийг үзэж эмчилсэн. Мөн өдөрт уушгины хорт хавдартай 5-6 хүнийг оношилдог байсан бол сүүлийн үед энэ тоо 14-16 болж өслөө. Уушгины өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа нь мэдээж нийслэлийн агаарын бохирдолтой шууд холбоотой. Магадгүй энэ мэтээр өвчлөгсдийн тоо жил бүр өсөөд байвал тун удахгүй нийслэлд эрүүл уушгитай хүн үлдэхгүй биз. Агаарын бохирдлын улмаас хүний дархлаа суларч, аливаа өвчинд өртөмтгий болдог. Агаарын бохирдлыг хүн амын төвлөрөл, машины утаа л үүсгэж байгаа шүү дээ. Гэхдээ зөвхөн агаарын бохирдол л хорт хавдрын шалтгаан болж байна гэвэл өрөөсгөл ойлголт. Ер нь бүх муу муухай нийлж байж энэхүү хорт хавдар гэгч аймшигт өвчнийг бий болгож байна. Утаанаас болж өдөрт 4-5 хүн нас барж байна Unen.mn сайтын сурвалжлагч Ж. Сүрэн: Нас баралт үүн дотроо зүрх судасны тогтолцооны нас баралтад илүү хамааралтай нь илэрчээ. Агаарын бохирдлоос болж жилд дунджаар 1600 буюу өдөрт дөрвөөс таван хүн нас барсан байна. Насны хувьд ихэнх нь бага насныхан болон өндөр настнууд. Эмнэлэгт зүрх судасны тогтолцооны өвчлөлөөр хэвтэн эмчлүүлэгчдийн голлох шалтгаан нь мөн л тоосонцор. Хүнд харагдахааргүй жижиг хэмжээстэй нарийн тоосонцор нь хүний уушгинд орж цаашлаад зүрхэнд нөлөөлснөөр уушгины болон зүрхний гаралтай өвчнийг үүсгэж, амьдрах хугацааг богиносгодог байна. Төрөлтийн гажгийг нэмэгдүүлдэг нь ч жам ёсны үзэгдэл гэнэ. /2012.01.18/ Ямар ч тайлбаргүйгээр мэргэжлийн эмч нарын дүгнэлт, сэрэмжлүүлгийг жишээ болгож хүргэхэд ийм байна. Танд нэгийг бодогдуулж байвал өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, энэ улсын төлөө өөрөөр сэтгэж, санаж сэрэх цаг болсон биш үү? Барилгын салбар мандан бадраг Дөрөвхөн жилийн дотор хот, хөдөөгүй барилга байшин тоолж барахын аргагүй биш ч гэлээ тун боломжийн хэмжээнд сүндэрлэжээ. Тэртээ тэргүй нүдэнд ил байгаа болохоор үгүйсгэхийн аргагүй  ололт амжилтын нэг бол яах аргагүй барилгын салбарын хөгжил юм. Тэр тусмаа хүний хамгийн амин чухал хэрэгцээ болсон орон сууцны хангамж, нийлүүлэлтэд чамлахааргүй дэвшил гарсан байна. Энэ бол 2004 оны УИХ-ын сонгуулиар АН-ын санаачилж, улмаар АН, МАН /МАХН/-ын хамтран байгуулсан Их эвслийн Засгийн газрын эхлүүлсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн үр дүн юм. Тухайн үед биелэгдэшгүй мөрөөдөл мэтээр зарим улстөрчид шүүмжилж байсан ч хэдхэн жилийн дотор олон айл өрх гэр хорооллын утаа, тоос шорооноос салж эрүүл тохилог байранд аж төрөх болсон билээ. Ер нь 2004-2012 он бол их бүтээн байгуулалт барилгын салбарт хүчтэй өрнөсөн цаг хугацаа байлаа. Уул уурхайтай зэрэгцэн хурдтай хөгжсөн салбар бол яах аргагүй барилга. Харамсалтай нь “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог”-ийн үлгэрээр зарим нэг барилгын компаниуд, эрх мэдэлтнүүдийн гаргасан алдаанаас болж амин чухал энэ салбарын нэр хүнд доошлов. Барилгачдын дээр “сүх” байнга далайгаастай байх болов. Эрх мэдэлтнүүдийн “бууны овоо хараа” өдөр бүр чиглэж байх болов. Үнэн хэрэгтээ нэг хүний, нэг аж ахуйн нэгжийн алдааг бүхэл бүтэн салбарт нь үүрүүлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үү? Тэд адилхан л хөдөлмөр байгаа, тэд бүтэн байгуулж байгаа Монгол Улсын иргэд шүү дээ. Хамгийн гол нь ажиллаж амьдрах, хөдөлмөр эрхтэй хүмүүс. Алдаа доголдол гаргаж, үр дагаварт нь эгэл жирийн иргэд хэлмэгдсэн бол хариуцлага тооцох нь зөв. Хэн ч буруутгахгүй. Хамгийн гол нь олон эрх ашгийн үүднээс үйл явц бүрийг ялгаж салгаж, уян хатан хандаж байж гэмээнэ ардчилал, шударга ёсны зарчим хангагдах учиртайсан. Барилга барих зөвшөөрөл авах гэж бүтэн жилийн хугацааг үрдэг нь барилгынхны хувьд хамгийн том шүдний өвчин. Үүнээс болоод цаг хугацаа, хөрөнгө мөнгөний эрхээр ажлаа эхлүүлсэн аж ахуйн нэгж байдаг. Энэ нь нэг талаас барилга барих зөвшөөрлийг эргэж харах, холбогдох хууль дүрмийг нь шинэчлэх тал дээр  туйлын мэдрэмжгүй, сэтгэлгүй хандаж ирсний балаг. Харин хотын одоогийн удирдлагууд тэр тогтолцоог системээр нь өөрчлөх ажлыг эхлүүлсэн нь олз. Шинэчлэлийн Засгийн газар ч барилгын материалын үнийг хямдруулах, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжихээ илэрхийлсэн нь цаг үеэ олсон яах аргагүй зөв шийдвэр. Нөгөө талаасаа сүүлийн жилүүдэд манайд гэр бүл салах үзэгдэл байсаар байгаа нь нууц биш. Тэгвэл үүнд орон байрны асуудал нөлөөлдөг нь тодорхой болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн байргүйгээс хоёр тийшээ болохоос аргагүйд хүрч буй залуус цөөнгүй бий. Хэрэв  100 мянган айлын орон сууц хөтөлбөр цаашдаа ч эрч хүчтэй хэрэгжээд эхэлбэл гэр бүл тогтворжиж, Монголын ирээдүйд нэгэн гэрэл гэгээ нэмэгдэх бус уу. Нийгмийн төлөвшилд гэр бүлийн төлөвшил хамгийн чухал нөлөөтэй гэдэг. 100 мянган айл зуухны ам шагайхгүй болсон цагт энэ улсын хөгжил огт түвшинд гарч ирнэ  гэсэн үг.  Учир нь барилга бол бүтээн байгуулалт. Барилга бол хөгжлийн илэрхийлэл билээ. Өнөөдөр монголчуудын хувьд эрүүл орчин нөхцөл л туйлаас эрхэм болоод байна.

Эх сурвалж: www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Denduu bnaa:
shildeg tehnolog- g ni avchraad utaagaa tsevershuuleh bolomj neelttei bgaa ch UB hotin darga nar ter ajlig hiihgui hudlaa baahan end tendhin Company uralduulaad suuj bgaa
2013-03-15
Irgen:
Ereh barigchid utaag tseverlehed yamarch zov arga hemjee avahgui bgaa zovhon teruugeer Business hiigchdiig demjiji bgaa
2013-03-15
Mongoljin:
Mongol utaanaas
2013-03-13
Tuya:
Selbe goliin ereg bolon dotoriig tseverlehed hotiin zahirgaa anhaaraach. Gadaa bie zasaj, hog hayaj baigaa humuuseer bohirduulsan gazriig ni tseverluudeg tsagdaa ajiluaya
2013-03-13