2010 онд Хөрөнгийн зах зээл Хөгжлийн хөшүүрэг байж чадав уу

img

Ингэж асуухын учрыг одоо өгүүлье.   “...Оюутолгой, Таван толгой, Эрдэнэт, Монголросцветмет гэх зэрэг дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц томоохон төсөл, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг олон улсын болон дотоодын бирж дээр шууд гарган арилжаалах боломж бүрдүүлэх явдал нэн чухал гэдгийг энэ ажил хариуцсан нөхөд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэж Ерөнхий сайд С.Батболд   2009 оны 12 дугаар сарын 1-ний өдөр   Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд,  үнэт цаас, даатгалын салбарын төлөөллүүдтэй хийсэн уулзалт дээр хэлж байв. Нэг ёсондоо, Гүйцэтгэх засаглалын тэргүүн 4 хоногийн дараа улиран одох 2010 оныг угтахдаа  Хөрөнгийн зах зээл Хөгжлийн хөшүүрэг шүү  гэдгийг албан ёсоор мэдэгдсэн нь энэ байсан.

Ерөнхий сайд ийн мэдэгдсэнтэй зэрэгцэн   хорин нас шүргэж яваа Монголын хөрөнгийн зах зээл хөлд орж чадалгүй өдийг хүрсэн талаар идэвхитэй ярьж эхэлсэн билээ. Улмаар, нэг айлын хүүхдүүд мэт биесээ  түшиж явах ёстой, санхүүгийн системийн иж бүрдэл гэж болох  банкны тогтолцоо, хөрөнгийн зах зээл буюу үнэт цаасны арилжаа, даатгалын тогтолцооны харилцан хамаарал гэж юм байхгүй явж ирсэн талаар Санхүүгийн салбарынхан чуулахдаа  ч санал нэгтэй ярьцгаасан юм.

Дэлхийн улс орнуудын жишигт санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтыг арилжааны банк, гадаадын зээл тусламж, хөрөнгийн зах зээл дээр хийгдсэн хөрөнгө оруулалт зэрэг нь  тэнцвэртэй бүрдүүлж байх ёстой атал  манайд   хөрөнгийн зах зээлээс орж ирэх хөрөнгө оруулалт   4-5 хувийг  л бүрдүүлж  ирсэн байдаг.  Энэ нь  санхүүгийн системийг хүнтэй зүйрлэвэл тахир дутуу байдлаар явж ирсэн гэхэд болох юм.

Тиймээс  Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж  тэндээс   мөнгө босгохын тулд  дэлхийн хөрөнгийн зах зээл дээр албан ёсны тоглогч болох учиртай.  Тэрчлэн өнгөрсөн оны өдийд  Торонто, Лондон, Хонг Конг, Нью- Йоркийн хөрөнгийн биржүүдэд Монгол улсын уул уурхайн  ордтой хамааралтай 20 гаруй компанийн  хувьцаа арилжаалагдаж байгааг бид ярьж байсан. Тухайлбал, Хонг-Конгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хөшөөтийн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Mongolia Energy Corporation Limited” компани нийт 6,1 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 27,0 тэрбум хонг-конг долларын санхүүжилтийг бий болгосон бол, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй  Айвенхоу майнз компани Оюутолгой ордоор барьцаа хийж  424,9 сая ширхэг хувьцаа гаргаж 5,6 тэрбум канад долларын эх үүсвэрийг тус тус бий болгож чадсан.  Тэгвэл  2010 оны хоёрдугаар сард  монгол менежменттэй “Хүннү Коал” компани Австралийн хөрөнгийн бирж /ASX/ дээр хувьцаагаа гаргаж, 20 сая доллар босгон шуугиан дэгдээсэн. Мөн 2010 оны аравдугаар сарын 13-ны  өдөр  Монголын үндэсний компаниудаас “Энержи ресурс” анх удаа Хонгконгийн хөрөнгийн бирж дээр амжилттай IPO хийж,  улмаар 650 сая ам.долларын хөрөнгө босгосон.

“Энержи ресурс” –ийн эл алхам нь  бид баялгийнхаа   эзэн  шиг сэтгэж, цаашлаад Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрчлөлтийг дагуулах боломж их байна гэдгийг, их мөнгийг босгож чадна гэдгийг  бусаддаа үлгэрлэсэн гэдгийг онцлох нь зөв юм.  Эдийн засгийн эргэлтэд орохоор яригдаж, шийдэгдэж, хүлээгдэж буй стратегийн 17 ордоос өдгөө илүү их өгөөжийг хүлээж буй нь Тавантолгой.   Ордыг эргэлтэд оруулах,  охин компани “Эрдэнэс Тавантолгой”-д ч их итгэл хүлээлгэж байгаа. Тавантолгой бол төрийн өмч. Гэхдээ төрийн өмч учраас эзэнгүй гэж хандах байдал уг орд дээр байх ёсгүй. Ордын баялгийг барьцаалж босгох мөнгө  нийт олны амьдралд бодитой дэмжлэг болж, хөгжил дагуулсан бүтээн байгуулалтуудад тусаж очих ёстой. Эдийн засагт нэмэр бус нэрмээс  болсон сонгуулийн хийрхсэн амлалтыг биелүүлэх хэрэгсэл болгон тарамдах ёсгүй.

Түүнчлэн    дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц томоохон төсөл, аж ахуй нэгжүүдийн хувьцааг олон улсын болон дотоодын бирж дээр шууд гарган арилжаалах нөхцлийг бий болгох ёстой талаар сүүлийн нэг жилийн турш идэвхитэй яригдлаа. Харин  Ерөнхий сайд оны  сүүлийн сард  Оросод айлчлахдаа “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмэт” үйлдвэрийг нэгтгэн IPO хийх нь зөв гэдэг асуудлаар В.Путинтэй тохиролцоод ирсэн.  Тохиролцсон учраас  бодитой ажил болох цаг дөхөж буй гэж найдаж байна.

Ер нь 500 жилийн  үүх түүх  яригдах  дэлхийн хөрөнгийн зах зээлд Монгол улс ашигт малтмалын арвин их баялагтайн хувьд сүрхий сайн тоглогч  болж тодрох,   мөнгө босгох  боломж бий гэдгийг дэлхийн нэр хүнд бүхий  биржийн  эрхмүүд хэлж байгаа.   Лондонгийн хөрөнгийн биржийн төлөөлөгчид манайд  ирж сургалт явуулаад буцсан.   Тэд   МХБ-ийг удирдах  менежментийн багаар  шалгарах хүсэлтэй байгаагаа  илэрхийлсэн. Тиймээс ч  тэднийг Хөрөнгийн биржийн тендерийг  хүчингүй болоход нөлөөлсөн гэж хардах  нь зүй ёсны билээ.    Ерөнхийдөө бол  Монголын хөрөнгийн зах зээл гаднынхны дэмжлэгээр тэдний стандартад хүрэх ёстой болж байна.  Харин одоо Хөрөнгийн зах зээлийн    2010 оны ерөнхий дүр зураг ямар байгааг харъя.

Эргэлт хийж чадсан уу

Хөрөнгийн зах зээл өнгөө засахад нөлөөлөх үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь гадаадын хөрөнгө оруулалт. Тэгвэл гадны хөрөнгө оруулагчид манай улсын хөрөнгийн зах зээлийг идэвхитэй сонирхож байгаатай холбоотойгоор 2010  онд   хөрөнгийн зах зээл өссөн байна. Тодорхой хэлбэл, энэ оны эхний хагас жилийн байдлаар  гадаадын аж ахуйн нэгжүүдийн хийсэн арилжаа нь нийт арилжааны үнийн дүнгийн 60-аас илүү хувьд  хүрчээ. Тэрчлэн  уул уурхайн компаниудын ханш эрс өсөлттэй байгаа нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид манай улсын уул уурхайн салбарт түлхүү анхаарал төвлөрүүлж байгааг илэрхийлж буй юм.

Энэ  онд  хөрөнгийн зах зээлийн хувьд эргэлт хийсэн гэж ҮХШХ үзэж байгаа аж.  Тодруулбал,   хувьцааны зах зээлийн хувьд энэ онд харьцангуй  өсөлттэй байж,  энэ оны эхний гурван улирлын байдлаар  нийт зах зээлийн үнэлгээ нэг их наяд /1 180 162 974 719/ төгрөг, топ-20 индекс 13 007,09 нэгжид тус тус хүрчээ.

Монголын хөрөнгийн бирж дээр нийт 339 хувьцаат компанийн 2,8 тэрбум ширхэг хувьцаа бүртгэлтэй байгаа ба эдгээр компаниудын  59 компани нь уул уурхайн салбарт, 66 компани нь аж үйлдвэрлэлийн салбарт, 68 компани нь хөдөө аж ахуйн салбарт, 86 компани нь барилгын салбарт, 60 компани нь худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Түүнчлэн, 2008 оноос хойш хийгдээгүй байсан бондын арилжаа 2010 онд  нэг удаа хийгдэж  Монголын Хөрөнгийн Бирж    есдүгээр сарын 17-ны өдөр нийт 30.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 3,000 ширхэг Засгийн Газрын энгийн бондыг арилжжээ. Уг арилжаагаар   Засгийн Газрын  бондын хүүгийн төлбөрийг 44.2 сая төгрөгөөр хэмнэсэн аж.

Харин хувьцааны ханшийн өсөлттэй компаниудыг үйл ажиллагаа явуулдаг салбараар нь ангилан  үзэхэд  Аж үйлдвэрийн салбар 26 , ХАА-н 13, Барилга тээврийн 19, Уул уурхайн 15, Худалдаа үйлчилгээний 16, Хөрөнгийн зах зээлийн жуулчлагч 1 компаниуд байгаа аж.

Аж үйлдвэр, ХАА,  Барилга тээврийн,  Худалдаа үйлчилгээний салбарт ханш өссөн үнэт цаасны тоо их харагдаж байгаа боловч нэгж хувьцааны ханшийн өсөлт нь бага юм. Харин уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын нэгж хувьцааны ханш харьцангуй ихээр нэмэгдсэн байна.

Уул уурхайн компаниудын ханшийн өсөлт /мянган төгрөг/

Таван толгой  хамгийн өндөр үнэлгээтэй

Харин зах зээлийн нийт үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 479.1 тэрбум төгрөгөөр буюу 68.3 хувь өсч, нэг их наяд 180.2 тэрбум төгрөг болсон байна. Хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компанид Таван толгой ХК /263.3 тэрбум/, Шивээ овоо ХК /189.9 тэрбум/, Багануур ХК /137.4 тэрбум/, АПУ ХК /121.1 тэрбум/, МЦХ ХК /81.5 тэрбум/, Шарын гол ХК /79.5 тэрбум/ зэрэг хувьцаат компаниуд оржээ.

Зах зээлийн үнэлгээ  /тэрбум төгрөг/

ТОП-20 индекс 70   хувиар өсчээ

Энэ оны эхний гурван улирлын байдлаар  топ-20 индексийн багцыг 2 удаа шинэчлээд байгаа аж.  Энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн Топ-20 индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,355.34 нэгжээр буюу 70.0 хувиар өсч 13.007.09 нэгж болсон үзүүлэлттэй байгаа юм.  Ер нь оны эхнээс топ-20 индекс тогтвортой өссөн байна.   ТОП-20 индексийн өсөлтөд   индексийн сагсанд багтдаг Шарын гол,  Шивээ овоо,  Таван толгой, АПУ, Багануур, Бидисек, Нако түлш , Монголын цахилгаан холбоо  зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш энэ оны эхэн үетэй харьцуулахад тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Тэгэхээр Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлсэн бусад улс орнуудтай харьцуулахад нас болоод хөгжил сул манай улсын Хөрөнгийн зах зээл гадаадын стандартад нийцэж, хөл нийлүүлж алхахад,  үндсэн утгаараа хөгжлийн хөшүүрэг болоход багагүй хугацаа орох нь мэдээж. Тиймээс шүүмж дагуулах асуудлууд ч цөөнгүй бий. Монголын Хөрөнгийн Бирж гэдэг газрыг  анх байгуулсан шаардлага өдгөө улирч, хуучирсан гэдэг нь тодорхой.  Тэгэхээр Хөрөнгийн биржийг шинэ менежментээр урагшлуулахын тулд засгийн бодлого дорвитой, тодорхой  байх ёстойг мэргэжилтнүүд хэлдэг.

Гэсэн ч Монголын  Хөрөнгийн зах зээлд боломж бий гэдгийг шинэ 2011 оныг угтан, онцолж хэлье. Ашигт малтмалын баялгийнхаа ачаар  бид  дэлхийн  улс гүрнүүдийн ашиг сонирхлыг онц ихээр татаж буй нь маргаангүй үнэн билээ.

Э.Болорхажид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ