
Инфляци ядуу эмзэг бүлэгт хамгийн сөргөөр нөлөөлдөг гэдгийг Дэлхийн банкны судалгаа ч харуулж л байна. Улаанбаатар хотын албан бус хөдөлмөрийн зарим захаас 10 дугаар сард хийсэн судалгаагаар бодит орлого инфляцийн шалтгаанаар 7 дугаар сараас хойш огцом багасчээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн бараг тал нь олсон орлогоороо үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэсэн байна.
Гэтэл инфляци өсөх хандлага хадгалагдсаар байдаг. Улаанбаатар хотод үнийн ерөнхий түвшин 8 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувийн өсөлттэй байсан бол 9 дүгээр сард 11.9 хувь болж нэмэгджээ. Хүнсний бараа, эрчим хүчний үнийг хасч тооцсон суурь инфляци он гарснаас хойш тогтвортой өсч байгаа бөгөөд энэ нь өндөр өсөлттэй байгаа эдийн засаг, төр засгаас олгож буй бэлэн мөнгөнөөс үүдэлтэй цалин, үнийн ерөнхий дарамт байгааг харуулж байгааг Дэлхийн банкнаас мэдэгдлээ.
Хүнсний барааны үнэ өсч, засгийн газраас төсвийн зарлагыг огцом өсгөх гэж байгаа энэ үед инфляци цаашид нэмж өсөх магадлал өндөр байна.
Уул уурхайн тоног төхөөрөмж, түлшний импортын огцом өсөлттэй холбоотойгоор гадаад худалдааны алдагдал түүхэнд байгаагүй түвшинд дөхөж очжээ. Сүүлийн 12 сарын гулсмал нийлбэрээр тооцсон алдагдал 9 дүгээр сард 1.4 тэрбум ам. долларт хүрсэн. Экспортын өсөлт мөн өндөр байгаагийн гол шалтгаан нь БНХАУ уруу ачигдаж байгаа нүүрс юм. Гэтэл зэсийн экспортын хэмжээ бараг өсөлтгүй байгаа бол ноолуурын экспорт бүр муу байна. Дэлхийн хэмжээнд эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлахтай холбоотойгоор төгрөгийн ам. доллартай харьцах ханш 8 дугаар сар гарснаас хойш чангарсан нь Азийн бүсийн бусад мөнгөн тэмдэгтүүдтэй ижил байлаа. Гэхдээ Оюутолгойн ордын бүтээн байгуулалттэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалтын Монголд орж буй урсгал өндөр байгаагаас дөнгөж 4.8 хувиар буюу харьцангуй багаар чангарсан гэж үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ