Монголын хууль харийн мөнгөнд үйлчлэх үү
Өнөөдөр дэлхий нийтээр 18-аас доош насны 246 сая гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Тэдний дөрөвний гурав нь буюу 180 сая хүүхэд аюултай, аминд халтай нөхцөлд хөдөлмөрлөсөөр байна. Ихэнх нь эзэмших хэрэгтэй боловсролоос хоцрогдож, бие махбодийн болон сэтгэл зүйн, бэлгийн мөлжлөгт өртсөн байна.
Зарим нь хүнд хөдөлмөрөөс болж тахир дутуу болж улмаар нас биед хүрэхээсээ өмнө нас барах тохиолдол байдаг. Харин үлдсэн хэсэг нь аймхай, сэтгэл зүйн хувьд сул дорой болдог.
Хүүхдийн хөдөлмөрийн хүнд хэлбэрийг та олж хараагүй байж болох. Учир нь хүүхдүүд ихэвчлэн гэрийн ажил, бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэх, далд уурхай, тоосгоны үйлдвэр зэрэг олны хараанаас хол газар хөдөлмөр эрхэлдэг. Бид хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг ил гаргаж л нийгмийн энэ идэвхигүй, хэнэггүй байдлыг өөрчилж чадна.
Хөдөлмөрийн тухай хуулиар 13 настай хүүхэд хөдөлмөр эрхлэхийг хориглодог. Хүүхэд 14 насанд хүрсний дараа эцэг эхийн зөвшөөрлөөр хөдөлмөрийн аюулгүй байдалд тодорхой цагаар ажиллах эрх зүйн орчин бүрддэг. “Монгол улсын хуулинд 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ” заасан байдаг. Насанд хүрээгүй хүүхэд ажил эрхлэх явцдаа бусдын зодуурт өртөн тулгуур эрхтний хүнд гэмтэл авсан хэрэг гарсан. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Топ” тоосгоны компанийн ажилчид 16 настай Казырбэк хүүгийн зүүн шилбийг чулуугаар хугалсан хэрэг 06-р сарын 07-ны өдөр гарсан.
Хүчирхийлэлд өртсөн Казырбэк хүү гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Энэ долоо хоногт хүнд хагалгаанд орно. Дахин хөл дээрээ босч чадахгүй ч байж магад гэсэн эмгэнэлтэй мэдээг эмчлэгч эмч нь өгсөн юм.
Хэрэг гарах болсон шалтгаан нь гуравхан тоосгоноос эхэлжээ. Монгол хүн эх орондоо гуравхан тоосгоны ч үнэ хүрэлгүй, хүнд хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн нь эмгэнэлтэй. Хэрэг гардаг өдөр зөвхөн энэ хүү ч хүчирхийлэлд өртөөгүй аж. Тус тоосгоны үйлдвэрт насанд хүрээгүй хүүхдүүд зуны амралтаараа ажилладаг гэнэ. Өглөө болж үйлдвэрийн ажилчид ажилдаа гарчээ. Тоосго зөөдөг трактор дээр сайн дадлагажаагүй охин ухарч яваад гурван ширхэг тоосго унагасан байна.
Гэтэл Жан гэгч хятад эзнийх нь ихэд уурлаж охиныг элдвээр доромжлон зодсон байна. Сул дорой охиныг зодуулж байхыг нь харж тэвчээгүй Монголчууд охиныг өмөөрснөөр үйл явдал хурцаджээ. Ингээд зугтаж яваа монголчуудын араас том том чулуу нүүлгэсэн байна. Хөлөө хугалуулсан хүүгийн найз Мийгаа гэгч залуу толгойгоо хагалуулах шахсан байна. Цагдаагийн байгууллагад хандаж, эмчилгээний нөхөн төлбөр, хуулийн хариуцлага тооцсон эсэхийг лавлахад хууль хяналтын байгууллагуудад шалгуулж байгаа,тэхдээ нэмэргүй биз. Хятад эзэд нь их мөнгөтэй хүмүүс урьд нь энэнээс илүү ноцтой хэргийг ч гэсэн нуун далдалж, өөрсдийгөө цэвэр аваад гарч байсан юм гэсэн хариулж хэлж байлаа.
Айхгүй ч гэлээ аягүй гэсэн үг байдаг даа. Тэд харин бүр оодорч байна. “Мөнгөгүй ч гэсэн эх оронтой хүн дээ би” гэж аархаж ярих халамцуухан эрчүүдийн яриаг цөөн биш сонсож байлаа. Харийн хүн эх оронд минь ирчихээд элэг нэгтнүүдийг минь ингэж хүчирхийлээд байхад эх орондоо амьдрах итгэл арагш алхана уу... гэхээс урагш тэмүүлэхгүй биз.
Хэрэв хуулийн дагуу эрүүгийн хариуцлага тооцвол Хятадын “Топ” тоосгоны үйлдвэр насанд хүрээгүй хүүхдүүдийг хуулинд зааснаас, хүнд нөхцөлд илүү цагаар ажиллуулсан,бүлэглэн хүнд хүчирхийлэл үйлдсэн, хэл амаар дайрч доромжилсон зэрэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүснэ. Монгол улсын засгийн газар, хууль хяналтын шат шатны байгууллагууд элэг нэгтний сэтгэлээр хандаж, хуулийн дагуу шударга шийдвэр гаргаж, харь орны хар явдалтангуудад хариуцлага тооцоосой гэж хүсч байгаагаа хүүгийн ээж Кульнаар илэрхийлсэн юм.
Уг асуудал зөвхөн хөлөө хугалуулсан хүү, хүүгээ өрөвдөх эх хоёрын асуудал биш. Монгол улсын тусгаар тогтнол, эрх эрх чөлөөний ойлголтонд хамаарах асуудал. Монголын шүүх, цагдаагийн байгууллагууд Монгол хүний эрхийг хуулийн дагуу хамгаалж чаддаг уу? Харийн мөнгөнд үнэгүйдэж, хүчгүйддэг үү гэдгийг харуулах анхаарал татахуйц асуудал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ