Хүүхэд харах үйлчилгээг дэмжиж байна гэв

Тэрээр хэлэхдээ, УИХ, Засгийн газар улс орны ирээдүйг дээрээс шийдэхээс илүүтэйгээр орон нутгийн чадавхийг сайжруулах нь улс орны ирээдүйг тодорхойлох чухал асуудал юм. 1990 оны хувьсгалаар ололттой сайн зүйлийг бишгүй бүтээж чадсан ч бидний зорьж байгаа хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бүтээж чадсангүй. Нэг намын цөөн тооны албан тушаалтнууд шийдвэр гаргадаг байсан өмнөх тогтолцоо хэвээр байсаар байна. Тиймээс энэ удаагийн УИХ төрийн, төсвийн болон төрийн албаны төвлөрөл, эрх мэдлийг задлах арга хэмжээг авч эхэлсэн. Бид дараагийн цоо шинэ шинэчлэлийн давлагааг иргэдийн оролцоотойгоор орон нутагт нэвтрүүлэх бодлого баримталж байна.
Үүний нэг тод жишээ нь 2013 оны Төсвийн тухай хуулиар орон нутагт урьд байгаагүйгээр төсвийн эрх мэдлийг олгосон явдал юм. Орхон аймагт 26 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөгдсөн. Үүнээс 8,8 тэрбум төгрөг нь орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан байгаа. Энэ мөнгөөр юунд хөрөнгө оруулахыг шийдэх нь иргэдийн мэдэлд байх ёстой. Хороо, дүүрэг, сум, баг дээр хүний амьдралын гол цөм оршиж байгаа учраас “Орон нутаг үндсэн нутаг” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үзэл бармтлалтай зуун хувь санал нэг байгаа. Орхон аймагт Шууд ардчиллыг хөгжүүлэх анхны цахим сургалтын төв байгуулагдаж, хангайн бүсийн аймгуудад сургагч багш бэлдэж эхэлснийг сонсоход таатай байна. Иргэддээ төрийн байгууллагууд үүд хаалгаа нээж, хамтран ажиллах үндэс тавигдсан байна гэж ойлгож байна. Орон нтугийн удирдлагууд санаачлагатай идэвхтэй ажиллах хэрэгтэй” гэлээ.
Орон нутгийн хөжглийн сангийн хөрөнгийг иргэдээс санал аваад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхэд ямар бэрхшээл тулгарсан болон иргэдээс санал авахад цаашид юунд анхаарах хэрэгтэй байгааг албаны хүмүүсээс М.Батчимэг гишүүн тодрууллаа. 2013 оны хөрөнгө оруулалтын ажил, 2014-2016 оны хөрөнгө оруулалтын жагсаалтыг оны өмнө найман удаа хэлэлцүүлэн баталжээ. Гэхдээ энэ жил иргэдэд бодлогын баримт бичгийн талаар мэдээлэл хомс байсан учраас аймгийн хэмжээний хөрөнгө оруулалтаас илүүтэйгээр хувийн чанартай саналуудыг их гаргаж байсан байна. Тиймээс иргэддээ мэдээллээ өгсний дараагаар хөрөнгө оруулах салбараа эрэмблэх нь зүйтэй байна хэмээн Орхон аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Даваадорж хариулав.
Мөн орон нутагт зарлагдсан тендерийг ил тод шударга явуулахад хууль эрх зүйн хувьд хүндрэл үүсдэг эсэх талаар асуусан гишүүн асуултад Орхон аймгийн худалдан авах ажиллагааны албаны дарга Оюунгэрэл хариулт өгсөн юм. Энэ онд тус аймагт 10,2 тэрбум төгрөгний худалдан авалт хийгдэнэ. Баян-Өндөр суманд 2,6 тэрбум төгрөг, Жаргалант суманд 2,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Анхан шатны байгууллагуудад эрх мэдлийг шилжүүлэх үүднээс тус хоёр сум өөрсдөө худалдан авалтаа зохион байгуулах болжээ. Үнэлгээний хорооны бүх гишүүн худалдах, худалдан авах мэргэшсэн сертификаттай байхыг хуульд заасан. Гэвч мэргэжилтнүүд бүгд сертификаттай байх боломжгүй учраас энэ заалт орон нутагт зөрчигдөж байгаа талаар албаны хүн мэдээлж байлаа.
Хүүхэд харах үйлчилгээг дэмжиж байгаа ч боловсрол үнэгүйдэх аюултайг сануулав УИХ-ын гишүүн М.Батчимэг Орхон аймгийн Боловсрол соёлын газартай хамтарч “Сургуулын өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийж, цэцэрлэгийн багш нартай санал солилцсон юм.Улсын хэмжээнд нийт 56 мянган хүүхэд буюу 10 хүүхэд тутмын гурав нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чаддаагүй байна. Орхон аймагт хувь, хувьсгалын нийт 25 цэцэрлэг бий. Нэг цэцэрлэгт дунджаар 200 орчим хүүхэд байна. Мөн л цэцэрлэгийн хомсдолд орж байгаа аймгийн нэг бөгөөд 1450 хүүхдийг цэцэрлэгт хамруулах шаардлагатай байгаа гэдгийг аймгийн Боловсрол, соёлын газрын дарга О.Ариунгэрэлт хэлж байсан.
Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд төр бүх асуудлыг зохицуулдаг тогтолцооноос зайлсхийж иргэдэд, аж ахуй нэгжүүдэд хувийн цэцэрлэг буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг олгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Энэ асуудлаар Орхон аймгийн цэцэрлэгийн багш нар байр сууриа илэрхийлж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт руу хэт чиглэж, хүнээ хөгжүүлэхгүй байсаар ирсэн төрийн бодлогод шүүмжлэлтэй хандаж байсан.
Багш нар хүүхэд харах үйлчилгээг дэмжиж байгаа ч гэр цэцэрлэгээр хэн дуртай нь айлын зургаан хүүхдийг авч харах нь наад зах нь цэцэрлэгийн стандарт, эрүүл ахуй, хоол хүнсний чанар хангахгүй. Цаашлавал цэцэрлэгийн багш нарын мэргэжил, сургуулийн өмнөх боловсрол үнэгүйдэх сөрөг нөхцөл байдал үүсэх аюултайг сануулж байлаа. Мөн багш нарын цалин, нэмэгдэл, эцэг эхчүүдийг хариуцлагажуулах, цэцэрлэгийн насны хүүхдийн онцлогт тохирсон ном, товхимол, гарын авлага, хүүхдийн тоглоомны үйлдвэртэй болох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг байгуулах зэрэг өөрсдийн салбарт тулгамдсан олон асуудлыг хуулийн төсөлд тусгах талаар саналаа илэрхийлж байсан юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн М.Батчимэг тус аймгийн Иргэний танхимд “Шууд ардчилал- Иргэний оролцоо”, “Шууд ардчиллыг хэрхэн хэрэгжүүлэх вэ” зэрэг ном, гарын авлагын дээжээс гардуулан өглөө.
Орхон аймгийн иргэд “Тамхины хяналтын тухай хууль”-д сэтгэл хангалуун байна
“Иргэдийн оролцоо төсвийн төлөвлөлт” сэдвээр М.Батчимэг гишүүн Орхон аймгийн иргэдтэй “Уурхайчин” соёлын ордонд нээлттэй ярилцлаа. Уулзалтад Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх нар оролцлоо. УИХ-ын гишүүн М.Батчимэг , “2012 оны УИХ-ын намрын чуулганаар бие даасан 16 хууль батлаж, 67 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол 61 тогтоол шийдвэрийг гаргажээ. Төсвийн тухай хуулийг хугацаанд нь батлаж, ирэх зургадугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, тэтгэврийн зөрүү, ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, хүнсний тухай, хүнсний аюулгүй байдлын тухай зэрэг хэд хэдэн чухал бодлогын баримт бичгийг баталсан байна.
Мөн тамхины хяналтын тухай хуулийг баталсан. Олон хүний эрх ашиг хөндөгдсөн учраас тэр хирээр янз бүрийн өнцгөөс яригдаж байгаа. Хууль нэгэнт батлагдан гарсан бол хэрэгжүүлэх нь иргэн бидний үүрэг. Гэхдээ дутуу бодсон, амьдрал нийцэхгүй асуудал гарахыг үгүйсгэхгүй. Засаж сайжруулах боломж бий. Мөн УИХ-ын байнгын хороодыг чадавхижуулах, мэргэшүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар, улс төрийн намуудын тухай, нэгдсэн сонгуулийн хуультай болох талаар гурван том ажлын хэсэг ажиллаж байна” хэмээн УИХ-ын үйл ажиллагааны талаар иргэдэд товч танилцуулав.
Эрдэнэт хотын иргэд тамхины хяналтын тухай хууль батлагдан гарсанд сайшаалтай хандаж буйгаа илэрхийлээд цаашлаад архины тухай хууль батлан гаргах нь зүйтэйг хэлэв. Мөн төрийн байгууллагад намчирхсан байдал үүсэхээс сэргийлэх талаар байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-аас батлагдан гарч буй хууль өөрөө иргэдийг авилга өгөх нөхцөл байдалд оруулдаг талтай шүүмжлэв. Тухайлбал, ямар зөрчил гаргасан хүний жолоо барих эрхийг нэг жилээр, зургаан сараар хасах уу гэдэг тодорхойгүй. Эрүүгийн хуулинд 10 мянган төгрөг авсан, 10 сая төгрөг авсан хоёр хүний хүлээх хариуцлага ижил байх жишээ ч байгаа гэдгийг тодотгож байв.
Харин өнөөдөр /2013.03.15/ эрхэм гишүүн “Монгол хэлний тухай” хуулийн төслийн үзэл баримтлалын талаар нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн Боловсрол, соёлын газарт хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ