
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгуулага, компаниудын удирдлагуудтай Барилга, хот байгуулалтын яамныхан ээлжит уулзалтаа хийлээ. Энэ удаагийн уулзалтыг Барилгын хөгжлийн төв, үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч төвтэй хамтран зохион байгуулсан байна. Уулзалтанд барилгын 70 гаруй компанийн 200-аад төлөөлөл оролцож, орон сууцны нийлүүлэлтийг дэмжих төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг ярилцсан бөгөөд иргэдийг хэрхэн орон сууцжуулах боломж, чадамж байгаагаа ярилцлаа.
Статистик тоо мэдээллээр 2012 онд 11 мянга 349 айлын орон сууц Улаанбаатар хотод ашиглалтанд орсон бол 2013 онд 19 мянга 300 айлын орон сууц ашиглалтанд орох юм байна. Энэ жил ашиглалтанд орох сууцны 14 мянга 030 нь 55 м кв, 3480 нь 55-70 м кв, 1880 нь 75-аас дээш м кв тай байр байгаа гэнэ. Эдгээр орон сууцны хэд нь ямар ч асуудалгүй бэлэн болох вэ, хэдэд нь дэмжлэг хэрэгтэй болохыг салбарын яамныхан сонслоо.
Барилга, хот байгуулалтын яам Монгол банктай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд зээлийн эх үүсвэр шийдэгдэж, эрэлт талаасаа 800 тэрбум төгрөг орон сууцны моргейжийн зээлд зориулахаар болсныг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн мэдээллээ. Мөн тэрбээр “Одоо нийлүүлэлт талаа хамтдаа ярилцья. Тухайлбал энэ жил яг хэдэн орон сууц барих вэ? Дутагдаж гачигдаж байгаа зүйл юу байна? Баригдаж байгаа орон сууцнуудад ямар хөрөнгө оруулалт шаардлагатай байна зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа. Орон сууцны нийлүүлэлтийг дэмжихийн тулд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг яамнаас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд барилгын материал үйлдвэрлэгчдэд 370 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм. Ийнхүү эргэлтийн хөрөнгөөр дэмжих нь үндэсний үйлдвэрүүдээ дэмжээд зогсохгүй та бүхний ажилд ч тус болно” гэлээ. Харин барилгын компаниудын удирдлагын зүгээс орон сууцны үнийг бууруулахын тулд шинэ технологи энэ салбарт нэвтрүүлэх, газар дэд бүтцийг төрөөс шийдэж өгөх, мөн компаниудад хөнгөлөлттэй зээл олгож өгөх зэрэг хүсэлтийг тавьж байв.
Энэхүү уулзалтын дараа БХБЯам, Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд барилгын компанийхантай ганцаарчилсан уулзалт хийж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсон, ямар дэмжлэг хэрэгтэй болохыг нь тэмдэглэж авав. Ингэж төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэснээр иргэд орон сууцтай болох боломж нээгдэнэ хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ