Монгол Улсын харилцаа холбооны аюулгүй байдал хангагдсан уу ...
Сүүлийн жилүүдэд Хятадын харилцаа холбооны салбарт амжилттай яваа ZTE компанийн тухай элдэв яриа газар авах болсон. Тэгвэл тус компанитай холбоотой санхүүгийн томоохон асуудлууд үүссэн талаар хоёр хоногийн өмнө news.yahoo.com/rumor-zte-executives-detained-mongolia-011037066.html цахим хуудсанд нийтэлжээ. Уг нийтлэлд дурдсаныг дор сийрүүллээ.
“ZTE- Монгол дахь салбарт аюул учрах уу
Хятадын харилцаа холбооны салбарт амжилттай яваа ZTE компанийн томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгаа юм байна. Гэтэл саяхан Хятадын харилцаа холбооны салбарын мэдээ мэдээллийг дамжуулдаг “IT-Business news” сэтгүүлд бичсэнээр ZTE-ийн Монгол дахь салбарт ч асуудал үүсэх магадлал өндөр байгаа учраас тэнд мөрдлөг шалгалт хийж эхэлсэн гэжээ. Энэхүү мөрдлөг шалгалтыг Монголын Авлигатай тэмцэх газар хийх бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирал ч шалгагдах гэнэ. Түүнчлэн ZTE-ийн Хятад эрхмүүдтэй холбоотой хувийн асуудлууд ч сөхөгдөж болзошгүй байгаа талаар энэ сэтгүүлд бичжээ. Зөвхөн ZTE –ийн албан тушаалтнуудаас гадна Монголын харилцагч талууд ч энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй.
Хэдийгээр ZTE-ийн удирдлагуудтай холбоо тогтоож бодит байдлын талаар мэдээлэл авахыг хүссэн боловч бодитой хариу ирүүлэхгүй байгаа ажээ. Өмнө нь ч энэ компанийн томоохон албан тушаалтнууд авлига хээл хахуулийн хэргээр олон жилийн ялаар шийтгүүлж байсан удаатай. Хамгийн сүүлд л гэхэд тус компани болон зарим улсын Засгийн Газрын хооронд их хэмжээний мөнгөний алдагдлын асуудал үүсчихээд байгаа аж. Энэ компанитай холбоотой бусад хэргүүд ч өмнө нь өөр улсуудад гарч байсан юм байна. Эдгээрээс дурдвал Алжир болон Кени улстай холбоотой авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан юм. Зөвхөн мөнгөний хэргээс гадна техникийн талаасаа ч тэр төдийлөн таашаагдаагүй юм байна. Тиймээс ZTE-гийн төхөөрөмжийг улсын нууц задруулдаг гэх шалтгаанаар хэд хэдэн улсад хоригложээ.
Харин Монгол дахь салбар нь хүмүүст итгэл хүлээлгэж байгаа. Энэ нь тус компанийн талаарх мэдээлэл, мэдлэг дутмаг байгаатай хобоотой байж мэднэ хэмээн үзэж байгаа. Тиймээс Монгол дахь салбар нь уг компанийн талаар ямар нэгэн сөрөг мэдээлэл гаргаагүй нь компанийн цаадахь үнэн бодит нөхцөл байдлыг мэдэхгүйгээс ийнхүү ажиллаж байгаа юу, эсвэл бодит байдлыг мэддэг ч нуусан уу гэдэг нь тодорхойгүй байна. Ямартай ч тус компанийн Монгол дахь салбарт учирч болох эрдсэлээс болгоомжтой байхыг “IT-Business news” сэтгүүл анхааруулжээ.
Жил гаруйн өмнө харилцаа холбооны салбарт маш өргөн сүлжээтэй Хятадын “ZTE” компанийн асуудал манайд ч бас сөхөгджээ. Тодруулбал, Хятадын төрийн өмчид 51 хувь нь байдаг “ZTE” компанийн тухай сөрөг мэдээлэл цацагдах болсон нь энэ компани Монголын Засгийн газартай дараагийн том гэрээгээ хийх гэж байгаатай холбоотой гэж эх сурвалжууд өгүүлэв. Энэ компани нь дэлхийн хэд хэдэн оронд харилцаа холбооны төхрөөмжөөрөө дамжуулан хяналтаа тогтоосон байдаг. Ялангуяа Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран гээд хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ. Тендер авахдаа тухайн улсын эрх баригчдад удаа дараа авлигал өгсөн нь баримтаар нотлогдсон. Энэ хэргээр Филиппиний ерөнхийлөгч ч суудлаасаа огцорч байв. Мөн Энэтхэг, Норвеги зэрэг орнууд “ZTE”-ийн төхөөрөмжийг яриаг замаас нь тагнадаг гэж хэрэглэхийг хориглож ч байсан.
Үүнийг батлах мэт өнгөрсөн оны аравдугаар сард /эх сурвалжийг энд дарж үзнэ үү/
АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна гэж зарлаж байжээ. Тус хорооноос энэхүү асуудлыг жил шахам судалж гаргасан тайландаа эдгээд компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэжээ. Тухайлбал, Huawei бол цахилгаан холбооны төхөөрөмж нийлүүлдэг хамгийн том компани, тиймээс дэлхийн хамгийн том 50 цахилгаан холбооны компаниудын 45 нь ямар нэгэн хэмжээгээр Huawei-гийн төхөөрөмжүүд ашигладаг. Энэ төхөөрөмжүүд дээр нууц программ суулгахад дэлхийн ихэнх хүмүүсийг чагнах боломжтой. Huawei-г үндэслэгч нь Хятадын ардын армийн инженер байдаг гэжээ. Мөн Герман улсын бүх их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог Deutsches Forschungsnetz хэмээх сүлжээнд Huawei-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд хорьсон бол Австрали улс ч гэсэн мөн ийм шийдвэр гаргасан хэмээн дурьдсан байна.
Харин Монголд салбараа нээсэн ZTE компани нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Жи мобайлийн байрны дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд анх 2004 онд төлөөлөгчийн газраа байгуулжээ. Тухайн үед үүрэн телефоны оператор “Skytel” компанитай хамтран СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэд Монголын зах зээлд анх орж ирэхдээ Засгийн газарт хоёр сая долларын бэлэг өгч, 300 сая долларын тендер авч байсан нь тухайн үед багагүй хэл ам дагуулж байсан юм. Тухайн үед Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газрын дарга байсан Ч.Сайханбилэг “Манай оператор компаниуд уналтад ороод нэг минут нь нэг цент болчихсон байсан. "ZTE"-ийн төхөөрөмжийг тавьснаар урсгал нь хяналтад орж, доод үнэ нь найман цент болж ашиг нь нэмэгдсэн. Хувийн хэвшлийнхэнд ч энэ ашигтай хувилбар байсан учраас бүгд дэмжсэн” гэж байсан нь хэвлэл мэдээллээр гарч байсан юм. Түүний дараа МШХХГ-ын дарга болсон А.Мөнхбат тус компанийн талд үйлчилдэг талаар салбарынхан нь ярьж байжээ.
2012 оны сонгуульд А.Мөнхбат өрсөлдөхөөр зэхэж МШХХГийн даргын албан тушаалыг өгсөн хэдий ч сонгуульд өрсөлдөөгүй нь ZTE ийн асуудалтай нэр холбогдсоноос болсон байж болзошгүй гэсэн олны үг ортой байж магадгүй юм.

Монгол Улсын холбоо мэдээллийн салбарт Япон, БНСУ, Нидерландын компаниуд хөрөнгө оруулалт хийж, технологийн хувьд БНХАУ-ын ZTE, HUAWEI компаниудаас бүрэн хараат байна. Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Skynet, Mobinet,Majicnet, Citinet, Micom компаниуд ялгаагүй БНХАУ-ын ZTE, HUAWEI компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг. Үүнээс харахад Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл өндөр байна хэмээн оролцогчид илтгэл тависан юм. Мөн хэдэн жилийн өмнө Филиппиний үндэсний их багтаамжийн сүлжээ хэмээх төсөлтэй холбоотой их хэмжээний авлигын хэрэг илэрч, шалгаж үзэхэд гүйцэтгэгчээр нь ZTE компани шалгарсан байжээ. Тус компанитай байгуулсан гэрээг долоон сарын дараа цуцалсан байна. HUAWEI компанийн Англид нийлүүлсэн тоног төхөөрөмжөөс мэдээлэл хулгайлах чип илэрчээ. Энэтхэг, Гаити улсуудад CDMA сүлжээ байгуулах төсөлд HUAWEI ялсан ч мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар дээрх орнуудын Засгийн газар гэрээгээ цуцалж байсан зэргээр хурлын үеэр илтгэгчид дурджээ.
Ямартай ч олон улсын хэмжээнд тийм ч сайнаар нэр нь дуудагдахаа больсон дээрх хоёр компанийн нэг болох ZTE компанийн талаар хамгийн сүүлийн мэдээллийг үндлэслэн өнгөрсөн хугацаанд манай улсын хэвлэл мэдээллээр гарсан баримтуудаас багцлан хүргэхэд ийм байлаа. Даяаршлагдсан эрин зуунд амьдарч байгаа монголчууд та бид өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ олж авахад бүх төрлийн гарц нээлттэй болсон дээрх баримт материалыг нягталж үзэх бүрэн боломжтой. Асуудлын гол нь дэлхийн улс орнуудад хэрэглэхийг хориглочихоод байгаа БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон ZTE хэмээх компаниуд манай улсад аюул учруулахгүй гэсэн баталгааг хэн гаргаж өгөх вэ. Мэдээлэл, харилцаа холбооны аюулгүй байдал гэдэг улс орны халдашгүй дархан байдлын үндэс тул холбогдох албаныхан энэхүү асуудлыг сайтар судалж үзэхэд илүүдэхгүй биз ээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ