Үнийн өсөлт 10.9 хувьд хүрчихжээ
Манай улсын эдийн засгийн сүүлийн улирлын тоймыг Дэлхийн банк өчигдөр мэдээлсэн. Харин өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын Монголын нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
I. Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээнд 2011 оны эхний 10 сард 58667 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 3423 эх буюу 6.2 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 58897 болж, 3444 хүүхэд буюу 6.2 хувиар өслөө.
Улсын хэмжээнд 2011 оны эхний 10 сард нэг хүртэлх насандаа 965 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 118 хүүхэд буюу 10.9 хувь, 1-5 хүртэлх насны 212 хүүхэд эндэж, 80 хүүхэд буюу 27.4 хувиар буурчээ.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны 10 дугаар сарын эцэст 39.4 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 950 хүнээр буюу 2.4 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Увс (951 хүн), Баянхонгор (895 хүн), Завхан (892 хүн), Сүхбаатар (319 хүн), Төв (304 хүн), Хэнтий (264 хүн), Дундговь (200 хүн) аймагт буурсан нь ажилгүй нийт иргэдийн тооны бууралтад голлон нөлөөлжээ.
Нийгмийн даатгалд 2011 оны эхний 10 сард 606.5 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 395.5 мянга буюу 65.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 211.0 мянга буюу 34.8 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 74.5 мянга буюу 14.0 хувь, үүнээс аж ахуйн нэгж байгууллагынх 66.1 мянга буюу 20.1 хувь, төсөвт байгууллагынх 8.3 мянга буюу 4.1 хувиар нэмэгджээ...
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2011 оны эхний 10 сард 56.8 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 мян.хүн буюу 2.0 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 6.9 тэрбум төг буюу 31.6 хувиар нэмэгджээ.
Хүний хөгжил” сангаас 2011 оны эхний 10 сард 603.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.7 сая иргэнд олгожээ.
Халдварт өвчнөөр 2011 оны эхний 10 сард 4067 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 516 хүн буюу 14.5 хувиар өсөхөд цусан суулгаар өвчлөгчдийн тоо 143 хүн буюу 50.5 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 38 хүн буюу 7.9 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 36 хүн буюу 42.9 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 13 хүн буюу 3.4 хувиар буурсан хэдий ч вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 608 хүн буюу 44.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Улсын хэмжээнд 2011 оны эхний 10 сард 15966 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 176 хэргээр буюу 1.1 хувиар буурчээ. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн аюулгүй байдлын эсрэг (254), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (230), хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг (51), захиргааны журмын эсрэг (39) зэрэг гэмт
хэрэг нэмэгдсэн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (561), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (136), хүн амын эрүүл мэндийн эсрэг (56) зэрэг гэмт хэрэг буурсан нь голлон нөлөөлөв.
Гэмт хэргийн улмаас 2011 оны эхний 10 сард 6581 хүн гэмтэж, 888 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 855 буюу 14.9 хувиар өсч, нас барсан хүний тоо 220 буюу 19.9 хувиар буурсан байна.
II. Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2011 оны 10 дугаар сард өмнөх сарынхаас 0.8 хувь, 2010 оны 12 дугаар сарынхаас 6.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.9 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 0.4 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 1.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 2.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2011 оны 10 дугаар сарын эцэст 6088.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 24.4 тэрбум төг буюу 0.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2215.2 тэрбум төг буюу 57.2 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011 оны 10 дугаар сарын эцэст 694.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 10.3 тэрбум төг буюу 1.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 232.7 тэрбум төг буюу 50.3 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 10 дугаар сарын эцэст 5221.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 161.5 тэрбум төг буюу 3.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2131.6 тэрбум төг буюу 69.0 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны 10 дугаар сарын эцэст 71.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 10.5 тэрбум төг буюу 17.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 7.6 тэрбум төг буюу 9.7 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2011 оны 10 дугаар сарын эцэст 347.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 9.8 тэрбум төг буюу 2.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 54.8 тэрбум төг буюу 13.6 хувиар буурсан байна. Үнэт цаасны арилжаа 2011 оны 10 дугаар сард 21 өдөр явагдаж, 51.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 7.9 сая ш үнэт цаас арилжигдсан байна.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2011 оны 10 дугаар сард 20662 болж, өмнөх сарынхаас 894.6 нэгжээр буурчээ
Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2011 оны эхний 10 сард 3474.3 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3284.6 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 189.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Улсын нэгдсэн төсөв өмнөх оны мөн үед 47.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл энэ оны эхний 10 сард ашигтай гарахад өмнөх оны мөн үеийнхээс орлогын өсөлт нь зарлагын өсөлтөөс 5.3 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.
Төсвийн урсгал орлого 3394.3 тэрбум төг, урсгал зардал 2484.8 тэрбум төг болж, урсгал тэнцэл 909.5 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 964.7 тэрбум төг буюу 46.7 хувиар нэмэгдэхэд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн орлогын албан татвар 267.4 тэрбум төг буюу 82.7 хувиар буурсан хэдий ч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 494.6 тэрбум төг буюу 73.6 хувь, бусад татварын орлого 303.9 тэрбум төг буюу 2.3 дахин, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 128.0 тэрбум төг буюу 41.0 хувь, гадаад худалдааны татварын орлого 126.4 тэрбум төг буюу 84.2 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 120.5 тэрбум төг буюу 49.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 120.7 тэрбум төг буюу 49.9 хувиар өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 63.5 тэрбум төг буюу 62.4 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 28.4 тэрбум төг буюу 3.4 дахин, хүү, торгуулийн орлого 14.3 тэрбум төг буюу 66.6 хувь, газрын тосны орлого 10.7 тэрбум төг буюу 28.5 хувиар өссөн нь голлон нөлөөлөв. Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2011 оны эхний 10 сард 3284.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 983.4 тэрбум төг буюу 42.7 хувиар нэмэгдсэн нь зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 7.0 тэрбум төг буюу 18.2 хувиар буурч, татаас, шилжүүлгийн зардал 556.7 тэрбум төг буюу 70.3 хувь, бараа, үйлчилгээний зардал 233.3 тэрбум төг буюу 26.8 хувь, хөрөнгийн зардал 169.8 тэрбум төг буюу 44.4 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 30.6 тэрбум төг буюу 14.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Хөрөнгийн зардалд 2011 оны эхний 10 сард 552.2 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 169.8 тэрбум төг буюу 44.4 хувиар нэмэгджээ. Энэ нь дотоодын эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 138.1 тэрбум төг буюу 37.1 хувь, гадаад эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 31.8 тэрбум төг буюу 4.0 дахин өссөнөөс шалтгаалжээ.
Манай улс 2011 оны эхний 10 сард дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9141.0 сая ам.долл, үүнээс экспорт 3788.6 сая ам.долл, импорт 5352.4 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2011 оны эхний 10 сард 1563.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1305.7 сая ам.долл буюу 6.1 дахин өсчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2010 оны 10 дугаар сард 17.9 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2011 оны 10 дугаар сард 219.2 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 201.3 сая ам.долл буюу 12.3 дахин өсчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4331.2 сая ам.долл буюу 90.0 хувь, үүнээс импортын хэмжээ 2818.4 сая ам.долл буюу 2.1 дахин, экспортын хэмжээ 1512.7 сая ам.долл буюу 66.5 хувиар өсчээ.
III. Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Улсын хэмжээгээр 2011 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 445.3 мян.т үр тариа, 199.3 мян.т төмс, 98.3 мян.т хүнсний ногоо хурааж, 1145.3 мян.т хадлан, 43.0 мян.т гар тэжээл, 2.3 мян.т дарш бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс үр тариа 99.2 мян.т буюу 28.7 хувь, төмс 43.7 мян.т буюу 28.1 хувь, хүнсний ногоо 21.3 мян.т буюу 27.7 хувь, хадлан 41.9 мян.т буюу 3.8 хувь, гар тэжээл 13.4 мян.т буюу 45.3 хувиар их, харин дарш 32.8 т буюу 1.4 хувиар бага байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 оны эхний 10 сард 1669.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 152.5 тэрбум төг буюу 10.1 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.7 хувиас 2.3 дахин, гоймон, нарийн боов, талх, сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, амтат ус, ундаа, жүүс, архи, шар айраг, тамхи, шахмал түлш, хиамны зүйл, цемент, хивс, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3 хувиас 9.0 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Төмөр замын тээврээр 2011 оны эхний 10 сард 15201.2 мян.т ачаа, давхардсан тоогоор 3201.0 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1482.1 мян.т буюу 10.8 хувь, зорчигчдын тоо 278.2 мян.хүн буюу 9.5 хувиар өсчээ. Төмөр замын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 10 сард 323.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 73.0 тэрбум төг буюу 29.1 хувиар өсчээ.
Агаарын тээврээр 2011 оны эхний 10 сард 2.2 мян.т ачаа, давхардсан тоогоор 476.8 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 868.3 т буюу 63.1 хувь, зорчигчдын тоо 145.4 мян.хүн буюу 43.9 хувиар өсчээ. Агаарын тээврийн салбарын орлого 2011 оны эхний 10 сард 134.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 36.7 тэрбум төг буюу 37.4 хувиар нэмэгджээ.
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2011 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд (32.0 мм) орсон байна. Энэ оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Төгрөг суманд хамгийн их дулаан буюу нэмэх 28 хэм, Завхан аймгийн Отгон суманд хамгийн хүйтэн буюу хасах 21 хэм байлаа. Салхины хурд Дундговь аймгийн Мандалговь суманд 26 м/с хүрчээ. Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2011 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 31 удаа, Баруун дөрвөн замын орчимд 28 удаа, Мишээл экспо төвийн орчимд 23 удаа, Хархорин зах, 32-ын тойрог орчимд тус бүр 18 удаа, 1-р хороолол орчимд 14 удаа, Офицеруудын ордон орчимд 4 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 13-р хороолол, 32-ын тойрог орчимд тус бүр 21 удаа, Баруун дөрвөн замын орчимд 15 удаа, Мишээл экспо төвийн орчимд 6 удаа, 1-р хороолол орчимд 3 удаа, Офицеруудын ордон орчимд 2 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 28 удаа, Баруун дөрвөн замын орчимд 24 удаа, 13-р хороолол орчимд 17 удаа, Мишээл экспо төвийн орчимд 8 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 13-р хороолол, Баруун дөрвөн замын орчимд тус бүр 17 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.
Аюулт үзэгдэл, осол 2011 оны эхний 10 сард 2956 удаа гарсны улмаас 189 хүн амь насаа алдаж, 165.5 мян.толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ. Энэ оны эхний 10 сард объектын түймэр 2509 удаа, бичил уурхай, нурангины осол 20 удаа, мал, тэжээвэр амьтны галзуу өвчин 39 удаа, гол, нуурын усанд унасан осол 84 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ