Ц.Мухар: Эмчийн ажил буянтай бас нүгэлтэй

img

Монголын анагаах ухааны академийн гишүүн, гавьяат эмч, доктор, профессор, зохиолч Ц.Мухартай ярилцлаа.

-Утга зохиол, урлаг таны эмнэлэг, эмчилгээнд ямар нэмэр тус болдог вэ?

-Анагаах ухаан бол шинжлэх ухаан, туршлага, сэтгэл бас урлаг гэсэн томъёолол байдаг. Өвчтэй хүн очиход холоос ирсэн зочин шиг дулаан уур амьсгалаар тосч угтдаггүй эмнэлэг, эмнэлэг биш. Хүний зовлонг мэдрэхгүй, сэтгэлгүй эмч, эмч биш.

-Эмч нарын дундаас олон зохиолч төрдөгийн цаана мэргэжил нь урлаг, сэтгэл гэдэгтэй холбоотой болов уу?

-Зохиолч Х.Зандраабайдийн бичсэн “Монголын зохиолчдын намтрын лавлах” (2009)-д орсон долоон зуугаад зохиолчийн дунд эмчийн мэргэжилтэй арван найм. Тэднээс ардын зохиолч нэг, соёлын гавьяат зүтгэлтэн хоёр, төрийн шагнал хүртсэн нэг гээд бодохоор авьяас буюу их Намдагийн хэлдэгээр “эмзэглэл”-тэй төрсөн залуус эмч нарын дунд цөөн ч гэсэн байна гэсэн үг.

-Зохиолчид авьяас чухал уу, хөдөлмөр оролдлого чухал уу. Ерэн есөн хувь нь хөдөлмөр, дөнгөж ганц хувь нь авьяас гэж хэлдэг мэргэд бий?

-Зохиолч, урлаг, соёлын ажилтнаас бусад мэргэжилд энэ үг зөв. Зохиолчийн хувьд тонгоргож ойлгох хэрэгтэй. Авьяас гэдэг бол бурхнаас заяасан нандин эрдэнэ. Сурч болдоггүй эрдэм.

- Эмч хүнд ямар эрхэм чанар байх ёстой вэ?

-Хүнлэг чанар, эмчийн ёс суртахуун. Би эмчийн ёс суртахууны талаар “Монголын эрүүлийг хамгаалах” (2011) номдоо бичсэн есөн “Афоризм”-ээс зургааг чамд хэлж өгье.

  • Жинхэнэ эмч хүн өвчтэй хүнийг чагнуураар чагнаж, мэсээр хагалдаггүй. Сэтгэлээрээ чагнаж, зүрхээрээ зүсдэг.
  • Өөрөө хохирсон ч хүнийг баярлуулж, уучлал гуйж сур
  • Хүнээс илүү бурхан гэж байхгүй. Харин бурхнаас илүү хүн гэж бий.
  • Хүнийг эмээр, мэсээр, үгээр эмчилдэг. Сүүлчийнх нь илүү хүчтэй ч байж болно.
  • Мэсийн шарх эдгэрдэг, үгийн шарх хувилдаг
  • Ёс зүйгүй эмч, эрлэгийн цалам барьсан “шулам”гэсэг үг бий

-Таны эмчийн амьдралд гарсан хамгийн харамсалтай тохиолдол юу вэ? Ер нь эмч нарт ийм явдал олон гардаг уу?

-Эмчийн ажлыг буянтай ажил гэж сэтгүүлчид та нар бичдэг. Бас хоёр сайхан дуутай. Гэвч тийм биш. Эмчийн ажил буянтай боловч бас нүгэлтэй. Монголын эмч нар нэг жилд хагас сая гаруй хүнийг өвчин, эмгэгээс нь салгаж буян үйлддэг боловч арван зургаан мянган хүний “ам барьж” нүгэл хийдэг. Би тэдний нэг нь. Ажил хийсэн хүнд алдаа эндэгдэл гардаг гэж орчин үеийн хүмүүс ярьдаг болж. Энэ үг албан хаагч нарт хандсан, өөрийгөө өмөөрсөн магадгүй улс төрийн ханштай үг болов уу. Энэ өмөөрлийн үг эмчид хамаарахгүй. Эмч хүн алдах эрхгүй.

-Таны нэг номд Монголын эмч нар 52 төрөлжсөн мэргэжлээр мэргэшсэн гэж бичсэн байна билээ. Энэ олон мэргэжлийн эмч нар хоорондоо яаж холбоотой ажилладаг юм бэ? Бас дэндүү олон шинжилгээ, эм байдаг?

-Хүний бие нэгдмэл гэсэн онол бий. Тийм учраас нэг хүнийг 52 мэргэжлээр машин-техникийн эд анги шиг 52 салган авч үзэж болохгүй. Толгой өвдсөн болгон мэдрэлийн өвчин биш. Эмэгтэйчүүдийн өвчнөөс эхлээд олон өвчинд толгой өвддөг. “Ерөнхий мэргэжлийн эмч” орчин үед “үнэд” орж байна. Би сумын эмч, аймгийн эмч, ерөнхий эмчийн албыг хаших хугацаанд өвчтэй хүнд “ерөнхий мэргэжлийн” ухаанаар хандаж эмч нарт зөвлөгөө өгдөг. Лабораторийн шинжилгээ бол эмчийн сэтгэхүйд туслах чанартай болохоос “оношлогч” биш. Шинжилгээнд өөрчлөлтгүй боловч өвчтэй, өөрчлөлттэй атлаа эрүүл байдаг тохиолдол бий. Дэлхийн 10 том бизнесийн нэг нь эмийн худалдаа. Олон улсын эмийн худалдаанд 25 мянга гаруй төрлийн эм эргэж байна. Улс болгон нэн чухал хэрэгцээний эмийн нэр тоог Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталдаг. Энэ тоо 200-400. Эм бол талх биш, сүү биш, шөл биш болохоор ингэж хязгаарлалт тогтоож үнэтэй “хатуу” эм, хуурамч “зөөлөн” эмнээс хүн ардаа хамгаалж байгаа төрийн бодлого. Хөгжингүй орны иргэд эмнээс айдаг. Монголд хэрэглэж байгаа эмийн 20 хувь нь хуурамч гэж хэлсээр байтал манайхан эм тарианд сүнсгүй.

-Та яагаад хувийн эмнэлэгтэй болсон юм. Улсын эмнэлэгт ажиллахад юу нь гологдоод байна. Танай эмнэлгийн эмч нарын цалин улсын эмнэлгээс илүү юу. Та хувийн эрүүл мэндийн салбарт ямар гавьяа байгуулав?

- “Ачтан” эмнэлгийн эзэн би биш. Н.Нацагдорж захиралтай “Пума констракшн” компаний өмч. Улсын эмнэлгийг би голоогүй. Тэтгэвэрт гараад энд ирсэн. Төрийн өмчийн эмч нарын цалингаас бидний цалин илүү байсан. Гучин хувийн нэмэгдлээс хойш адил болсон. Доктор, профессоруудынх хагас сая давдаг. “Ачтан” Монголдоо үлгэр жишээ болж чадсан.

-Анагаахын шинжлэх ухааны доктор, профессорын хувьд нэг асуулт байна. Монгол хүний биемахбодь мэдрэлийн тогтолцооны онцлогт тохирсон анагаах ухааны шийдэл манайд хэрэгтэй байна уу?

-Манайхан юм л бол Америкийг дуурайх гэж олноороо очиж, магтан шагших юм. Тэнд муу сайн юм бүгд бий. Үхэл манайхаас өндөр. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Нэг л том төхөөрөмж авчихвал хүнээ мөнхрүүлчих юм шиг ярьдаг. Үүний цаана бизнес нуугдаж байдаг нь батлагдсан. Өлчир чийрэг, өвчнөө тоодоггүй, гэнэн цайлган монгол хүнийг монгол эмч нар л сайн эмчлэнэ. Манайд эмчийн сургалт бэлтгэл ухралтанд орсон. Гадаад дотоодод 4-5 жил сургасан эмч арваад жил ажиллаж туршлагажиж байж мэргэшдэг. Сайн эмчтэй, сайн тоног төхөөрөмжтэй томоохон эмнэлэг л өвчтэй хүнд тус болно. Бас эмчийн цалинг таван зуугаас саяд хүргэж байж нэг алхам ухарсан Монголын эрүүл мэнд хоёр алхам урагшилна.

-Эмч хүнд эм, мэс засал, үг гэсэн гурван зэвсгийн аль нь эрхэм бэ?

-Эмээр, мэсээр эмчлэхийг заалгаж сурч болно. Харин үгээр эмчлэхийг заалгаж сурдаггүй эмчийн урлаг, авьяас.

-Танаас эмнэлэг, эрүүл мэндийн талаар залхтал асуух шиг боллоо. Одоо асуултыг өөрчилье.

- Амьдрал гэдэг асуулт. Амьдрал мөнх болохоор асуулт бас дуусахгүй, мөнх.

-Энэ насны гавьяа юу вэ?

-Амьдрал. Өөр юу ч биш. Ядуу ч бай, баян ч бай, Амьдрал гэдэг хүн болж төрсний гавьяа.

- Эмчийн хувьд хийж чадаагүй, чадахгүй асуудал танд байна уу?

-Би Монголын төв, хөдөөгийн эрүүл мэндийн бүх салбарт ажилласан. Өөрийнхөө хэр хэмжээнд чадах зүйлээ хийсэн. Чадаагүй чадахгүй юм байлгүй яахав. Гэвч би харамсдаггүй.

-Таныг илэн далангүй цагаан цайлган хүн гэж хэлдэг. Зөв үү?

-Буруу байх аа. Миний овог Хар Сэмүүн. Манай нутгийнхан ам мурийхаараа хар санаатай Хар Сэмүүнийхэн гэдэг юм билээ.

-Таныг хүмүүс хүндэлж хүрээлдэг юм билээ. Хүний хайр хүндэтгэлийг юугаар хариулдаг вэ?

-Энэ чинь харин хэцүү асуулт байна. Профессор гэж шавь нар минь, аав гэж хүүдүүд минь хүндэлдэг. Миний шавь, манай эмч нар надаас айдаг гэдэг. Айна гэдэг хадны мангаа байна гэсэн үг биш. Хүндэтгэлийн нэг шинж. Миний бичсэн ном, зохиолыг сонирхон уншдаг хүмүүсийг би их хүндэлдэг. Хүндэтгэлийг олох амар, даах хэцүү. Дааж чадна гэдэг хариу барьж байгаа нь тэр.

-Та нутагтаа очиход ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Би Ховд (төрсөн нутаг), Дундговь, Сүхбаатар (ажилласан) гэсэн гурван нутагтай хүн. Ажлаар, амрахаар, урилга заллагаар энэ гурван нутгаар бууж морддог. Төрсөн нутгаараа очих болгондоо өвөлжөө, зуслангаараа орж жолом нэртэй урц гэрийнхээ буйран дээр очиход эх, эцэгтэйгээ уулзан золгосон юм шиг. Эхийн минь хөхний сүү амтагдах шиг, эцгийн минь нэхий дээлийн үнэр үнэртэх шиг. Би үе үе төрсөн гэртээ ээж, аавдаа эрхэлсэн бага насаа дурсан зүүдэлдэг өвгөн.

-Зохиолч хүнтэй бүтээл туурвилын талаар асуухгүй өнгөрч боломгүй. Та хэдийгээс зохиол бичиж хэдэн ном бүтээл гаргаад байна.

-Дунд сургуулийн Х анги, сумын эмч байхаас эхэлсэн. Гучаад жил хүүрнэл зохиол оролдож  хоёр роман,  таван тууж, дөчөөд өгүүллэг туурь бичиж 12 ном хэвлүүлсэн.

-Уран зохиол таны хоёрдох мэргэжил үү?

-Эмч болохоосоо өмнө эсээ, өгүүллэг бичиж эхэлсэн болохоор хоёрдох биш, нөгөө талаар зохиолч гэдэг эрдмийг заалгаж сурдаггүй болохоор мэргэжил биш авьяас. Манай нутагт бичиг мэдэхгүй мөртлөө дуу шүлэг зохиодог Жангар тууль хайлдаг хүмүүс нэг биш байсан.

-Та зохиолын дүр, дүрслэлийг хаанаас яаж олж авдаг вэ?

-Амьдрал. Ийм нэртэй хоёр номтой. Байгаа юмыг байхгүй юм шиг, байхгүй юмыг байгаа юм шиг бичиж чадвал боллоо. Ойрад Монголын түүх уншиж, домог сонсож, олон дүр, дүрслэл олж Оросын нэрт яруу найрагч Л.Ошанины хэлдгээр “Жирийн юмны жирийн бишийг, мэдэх юмны мэдэхгүйг нээж” хэдэн эсээ роман, туурь бичсэн дээ.

-Таны “Сүүлчийн зарлиг”, “Төөрсөн зээ” туурийг баримтат тууж гэж хэлж болох уу. Үнэн, бодит юм шиг санагддаг?

-Миний нэг нөхөр Архангай аймгаас утасдаж, охин минь Малайзад сурахаар явж байна. Чиний төөрсөн зээтэй танилцуулж туслалцаа авъя гэсэн. Өөрөөсөө гурван эгч хасаг бүсгүйд хайр сэтгэлээ алдсан 17 настай Монгол хүүгийн тухай “Анаргуль” гэдэг өгүүллэг бий. Миний нэг шавь тэр өрөвдөлтэй залуу та өөрөө мөн үү гэж асууж инээдэм болж байсан. Уншигчдыг ингэж “хуурч” чадвал  гайгүй бичиж гэж боддог. Эхний хуудас уншаад тэгж төгсөх нь гэж “таачихвал” зохиол биш.

-Та залуу зохиолчдын бүтээлээс хэр уншдаг вэ? Нэг жишээ хэлж болох уу?

-Би бүх үеийн зохиолчдын бүтээлийг шамдан уншдаг. Ахмад үеэс Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн,Д.Намдаг нарын зохиол, дунд үеийнхнээс Соргодогийн Жаргалсайханы “Чингэс хааны нууц түүх”  роман, Пүрэвжавын Баярсайханы тууж, өгүүллэгийг дахин сэргээн уншиж их юм олж авдаг. Залуу үеийнхнээс саяхан Банзрагчийн Цэрэнжамцын “Наран даль”, Ай.Төмөр-Очирын шинэ шүлгийн түүврийг уншлаа. Ганболдын Баяр гэдэг залуу яруу найрагчийн шүлгийг “Өнөөдөр” сонин, “Цог” сэтгүүлээс олж харлаа. Түрдэг тэргэн дээр явдаг хөдөөгийн энэ залуу Эрээнцавын Нямсүрэн шиг орчин цагийн олон шүлэгчийн толгой дээр “цахиур хагалах” байх аа. Ийм залуу авьяастныг засаг (БСШУ-ы яам) дэмжээд туслаад өгөх “нүдтэй” байх ёстой юм даа.

-Та бухимдах, баярлах, тайван байхад бодол санаа тань яаж хувирдаг вэ?

-Монголчууд эцэг эхдээ, багшдаа, даргадаа загнуулахыг тоодоггүй, гүдэсхэн ард түмэн. Би хүнийг загнаж уурлаж, бухимдах дургүй. Бас баярлах нь удаан. Зорьсон ажлынхаа ард гарчихаад тайван сууж ганц аяга хүйтэн шар айраг балгах дуртай. Хэдийд ч би бодол санаанаасаа ухардаггүй.

-Та дахин төрвөл дутагдлаасаа юуг авч үлдэх вэ?

-Олон дутагдалтай болохоор сонгож чадахгүй байна.

-Хүүхдүүдээсээ хэнд нь өөрийгөө үлдээх вэ?

-Удам муутаас хүүхэн бүү ав. Ухаан муутаас үг бүү ав гэж манай Ойрад түмний цэцэн үг байдаг. Удам муутаас хүргэн бүү сонго гээгүй нь учиртай. Хүний удам нагац талаа их дагадаг. Төрлийн дээд нагац, төрийн дээд хаан гэж үүнийг хэлээд байгаа юм.Миний хүүхдүүд эхийн талаа их татсан болохоор өөрийгөө хэнд үлдээхийг эхнэр бид хоёрын удам судар шийднэ дээ.

-Сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Би танд зууy нас бэлэглэе?

-XXI зуунд хүний дундаж нас 100 болно. Урт насална гэдэг тоондоо биш чанартаа байгаа юм. Ухаантай, хөдөлмөрийн чадвартай урт наслах герионтологийн ухаан хөгжиж байна. Би ХХ зууны хүн болохоор зуу насалж чадахгүй болов уу. Харин XXI зууны та нар “зуны сар зургаа биш зуун хорин настай биш” гэж айл хэсч аяга тагш суллан давхиж явдаг хэнэггүй нэгэн эрийн гутрангуй үзлийг “бут ниргэж” чадна байх аа.

П. Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fuck you:
oiloggui ee fza
2019-09-04
Болд:
аавтай нь холбоотой зүйл бичсэн нэг ховор номыг хаанаас олж болохыг би мэдэх юм байна.тэр номонд нэг хасаг дээрэмчнийг хэн яаж устгасан, тэр нь ямар эмээлтэй байсан гээл ... Тэр номыг албаны хэрэгцээнд зориулж цөөхөн хувь хэвлээд дараа нь хурааж авч тоо ёсоор нь устгаж билээ.
2013-03-26
yansan:
Ukhaalag torson torguud Tand sain saikhanig khusev
2013-03-26
yansan:
ene khun shig ajillaj suraach Mongolchyydin neg tom dutagdal negiigee demjij baij ergeed demjleg avna gedgiig ikh muu oilgodog Bor zurkheeree zutgeed gavyat bolson khundee olon talin avyastai ukhaalag torson torguud Tand amjilt khusev
2013-03-26
zochin:
kkk, yag unen
2013-03-26
зочин:
Эмч хүн АЛДАХ ЭРХГҮЙ гэдэг үнэн үг шүү. Монголын ЭМ-ийн салбар хөгжтөл 15 жил бна аа. Энэ гутранг үзэл биш. Бодит байдал ийм л бна. Сүүлийн үед төгсөж байгаа эмч нарын чанар бүр муудсаныг эмч нар хүлээн зөвшөөрдөг шүү.
2013-03-26
зочин:
Монголын эмч нарын дийлэнх нь хүний зовлонг мэдрэхгүй, сэтгэлгүй эмч амь бөхтэйгээр байсаар бна. Гадаад орны эмч нар шиг сэтгэлтэй байгаач.Солонгос, Тайланд болон бусад улс руу Монголчууд хэдэн мянгаараа мөнгөө баран явсаар л энэ нэг юм хэлээд байгаа юм биш үү.Монгол эмч нар мэдлэг сайтай, эмч нь сэтгэлтэй, ёс зүйтэй бол ард түмэн нь юу гэж харь орон руу эдийн засгаараа хохирон явах вэ дээ.
2013-03-26
Мухар новш:
Хүн муутай хогийн хүндээ миний аавтай яаж нөхөрлөж хэчнээн жил идшээ зөөлөглөө
2013-03-25
zochin:
anagaah uhaanii yos zuig durdaj bichsen bna. bayar hurgie.
2013-03-25
bataa:
uhaantai hun bn
2013-03-25
3ын эмч:
ёстой Монголын анагаах ухааны тэнэг дүр дээ. Нэр нь хүртэл Мухар орсоор бол Тупой. Бид нар мистер Тупой гэдэг блаа
2013-03-25
zochin:
kkk, yag unen
Dulmaa:
sain saihniig husie
2013-03-25
zochin:
Nas ahih saikhan yum aa, yostoi burj javjaa tssurtal gavarch dee.
2013-03-25