Багш нар ажил хаяна
“Засгийн газар амлалтаа хэрэгжүүл”, “Бид ажилласаар цөхөрч байна” гэсэн бичигтэй цагаан өнгийн лоозон барьсан багш, эмч нарын төлөөлөл өнөөдөр 14.00 Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Жагсагчид Засгийн газрын өнгөрсөн аравдугаар сарын 3-нд хуралдсан "Хөдөлмөр нийгмийн зөвшилийн гурван талт" уулзалтаар төрийн болон төсөвт байгууллагын ажилчдын цалинг ирэх нэгдүгээр сарын 1-нээс хоёр үе шаттайгаар нэмэх тухай гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм.
Уг тайван жагсаалыг нээж Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг, нийслэлийн Ерөнхий боловсролын 67-р сургуулийн багш н.Үзмээ нар үг хэлэв. Тэдний хэлж буйгаар” Багш нарын цалин маш бага. Ганцхан жишээ дурдахад нэг багш банкнаас хоёр жилийн хугацаатай хоёр сая төгрөгийн зээл авахыг хүссэн боловч” Таны цалин энэ зээлийг авахад хүрэлцэхгүй байна” гэсэн хариултыг зээлийн мэргэжилтэн өгч байсан.
Тэгэхээр багш нар ямар өрөвдмөөр бага цалинтай нь энэ баримтаас харагдаж байгаа юм. Засгийн газраас “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо”-ны 2011 оны аравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг 2012 оны нэгдүгээр сарын 1-нд 80 мянган төгрөгөөр, гуравдугаар сарын 1-нд бага цалинтай ажилчдын цалинг илүү нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байсан.
Гэтэл Засгийн газрын хуралдаанаар цалин хөлсийг нэмэгдүүлэх хугацааг хоёр сараар хойшлуулсан байна. Тиймээс бид Засгийн газрыг амлалтаа биелүүлэхийг шаардан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад хүрлээ” гэсэн юм.
Уг жагсаалын ерөнхий зохион байгуулагч Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзоригоос дараахи асуултад хариулт авлаа.
-Та бүхэн Засгийн газарт ямар шаардлага хүргүүлээд байна вэ. Өнөөдрийг жагсаалыг хэдэн багш дэмжиж байна вэ?
-Бид Засгийн газарт төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс,мөн сарын шинийн баярын өмнө Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар харилцан зөвшилцсөн хувь хэмжээгээр тус тус нэмэгдүүлэх асуудлыг 2012 оны төсөвт тусгаж шийдвэрлэхийг шаардаж байна. Засгийн газар дангаараа шийдвэр гаргаж 2012 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс 80 000 төгрөгөөр, тавдугаар сарын 1-ний өдрөөс 23 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаа юм л даа.
-Өмнө нь нэг удаа шаардлага хүргүүлсэн байх аа?
-Тиймээ, Засгийн газарт ҮЭ-ийн холбооны төлөөлөл 2011 оны арваннэгдүгээр сарын7-ны өдөр яг энэ асуудлаар хүргүүлсэн ч тодорхой хариу ирүүлээгүй.Тиймээс энэ хоёр шаардлагын хариуг энэ сарын 17-ны дотор ирүүлэхийг Засгийн газраас шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ.
Жагсаалд багш нараас гадна урлаг соёлынхон ч оролцон дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм байна. Багш нарын төлөөллүүд Засгийн газарт хандан цалин хөлсөө нэмэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж “Засгийн газар шийдвэрээ хэрэгжүүл” “Багш нарт хүртэх ёстой хүндэтгэлийг хүлээлгэхгүйгээр боловсролын зуунд хөл тавихгүй” хэмээн дуу нэгтэйгээр хашгирч байлаа. Энэ үеэр 67-р сургуулийн багш н.Үзмээгээс цөөн асуултад хариулт авсан юм.
- Жагсах болсон гол үндэслэлдээ тайлбар өгөөч?
- Эсэргүүцлийн жагсаалыг 7500 багш дэмжиж гарын үсэг зураад байна. Бидний ажиллах нөхцөл маш хүнд. Бид яагаад жагсаалын хэлбэрт орох хүртэл тэмцэх болов гэдэг үндэслэлээ танилцуулсан. Та бүхэн сонссон байх.Багш нарын цалинг хоёр үе шаттайгаар нэмнэ гэсэн амлалтаа Засгийн газрыг биелүүлэхийг шаардсан хэрэг. Өнөөдөр өр зээлгүй багш нэгээхэн ч үгүй болжээ. Энэ бол боловсролын салбарын эмгэнэл.
-Хэрэв Засгийн газар шаардлагыг тань хүлээн авахгүй бол яах вэ?
-Засгийн газраас тодорхой хариу өгөхгүй, шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялт зарлана.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ