Тэд хурдан морио 800 саяар, унаач хүүхдээ 100 мянган төгрөгөөр даатгадаг
Орчлонд хүн болж төрсөн хэн бүхний хамгийн эрхэм нандин эрдэнэ бол мэдээж түүний үр хүүхэд. Өдрөөс өдөрт өсөж том болон ээж, аавынхаа хайрыг татаж байдаг хүүхэд гэдэг бяцхан ертөнцийг эрхмийн дээд эрдэнэ гэлтэй. Эцэг эх нь мөнгөтэй мөнгөгүй байх нь тэдэнд чухал биш гагцхүү хайр л тэднийг хамгаас ихээр жаргалтай болгож, өсөж торниход нь амин дэм болж байдаг. Хүүхдээ хайрлах эцэг эхийн хайр янз бүр. Амьдралын боломж бололцоо, бэл бэнчингийнхээ хэрээр хүүхдээ эрхлүүлж, өсгөж хүмүүжүүлдэг. Энэ бол хорвоогийн жам. Гэтэл сүүлийн жилүүдэд манай мөнгөтэй, чадалтай эрхмүүд хүүхдийг хайрлах сэтгэлээ гээж, өөрсдийн зугаа цэнгэлийн нэгээхэн хэсэг болгосоор л... Тэдний энэ зугаа цэнгэлд өөрсдийнх нь хүүхэд огт хамаагүй л дээ. Яагаад гэвэл тэдний үр хүүхэд нь паартай байшинд амттанд умбаж, гадаадын үнэтэй тоглоом наадгайгаар зугаацаж суугаа. Харин морь унах дуртай борог гэрт өсч өндийсөн өлчирхөн багачууд аав ээжийнхээ зөвлөснөөр, ахмад хүмүүсийн үгэнд орон өнөөх мөнгөтэй эрхмүүдийн хурдан морийг унах ажилд дайчлагддаг болжээ.
Уг нь хөдөөгийн багачуудыг морьгүйгээр төсөөлөх аргагүй тул хурдан морь унах нь асуудал биш л дээ. Гэхдээ өвлийн хүйтэнд, хаврын хавсарганд салхи сөрж хурдлан давхина гэдэг тийм ч хүсээд байх сонголт биш. Дээхнэ үед улсынхаа баяр наадмаар хурдан морь унаж, Гийнгоо хадаан давхиж явсан хүүхэд нас шиг сайхан дурсамж үгүй байв. Гэтэл одоо улсын баяр наадам, аймаг бүсийн их хурд, цэргийн баяр, манлай уяачын цолны мялаалга гээд л зуны гурван сар багадаад жилийн дөрвөн улирал тасралтгүй морь, хүүхэд хоёрын чадал чансааг шалгасан хурдан морины уралдаан зохиогддог болчихлоо. Хамгийн гол нь эдгээр наадам нь ард түмний баяр, цэнгэл гэхээсээ илүүтэй хөрөнгө чинээтнүүдийн морь, машинаа гайхуулдаг талбар болсон. Тэдэнд морио хурдлуулж, дөрвөн дугуйтынхаа чадлыг шалган зэрэгцэж давхих шиг сайхан зүйл үгүй.
Моринд хайртай монголчуудын орчин цагийн бодит дүр болцгоосон тэд морио 800 сая төгрөгөөр даатгуулдаг гэнэ лээ. Харин хурдан морины унаач хүүхдийг 100 мянган төгрөгөөр даатгуулна. Хүүхэд морь хоёрыг хэрхэн яаж харж харьцаж байгаагийн нэг жишээ нь энэ. Тэгээд ч хайртай морийг нь унах хүүхэд хэнийх байх нь чухал биш, аймгийн юмуу сумын Засаг даргатай ярьж тохиролцох, унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай ярилцаж зөвшилцөөд л болоо. Унаач хүүхдийг даатгалд хамруулж, хамгаалалтын хувцас хэрэгсэлээр хангахыг дээрээс үүрэгдсэний дагуу багахан бэлтгэл базаагаад өвлийн хүйтнийг үл тоон уралдаан товлосон хугацаандаа л зохиогдоно. Уралдаан эхлэхээс өмнө унаач хүүхдийн амь нас эрүүл мэндийн даатгалд 100 мянган төгрөг, хамгаалалтын хувцас хэрэгсэлд нь хотын хүүхдүүдийн хэрэглэх дуртай роликны малгай, өвдөгний хамгаалалт авч өгөөд л болоо.
Гэвч жилийн жилд хурдан морины хүүхэд унаж бэртэж, амь насаа алдсан гэх мэдээлэл гарсаар л. Хичнээн хүүхэд хүнд гэмтэж, эдгэрэшгүй өвчтэй болсныг, хичнээн гэр бүлд хагацлын сүүдэр дайрсныг ч бүртгэж, баримтжуулсан нэгдсэн мэдээлэл алга. Монгол Улсын Үндсэн хуулинд байх Үндэсний их баяр наадмын тухай хуулийн заалтад хурдан морины унаач хүүхэдтэй холбоотой хэдхэн үг, өгүүлбэр л бий. Хурдан морины унаач хүүхэд 7-оос дээш насных байна. Хүүхдийг даатгалд хамруулна гэснээс өөрөөр тэдний амь нас эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалсан нэг ч өгүүлбэр байхгүй. Үндсэн хуулинд заасны дагуу улсын хэмжээний албан ёсны цорын ганц хурдан морины уралдаан нь Ардын хувьсгалын баяр наадам. Гэтэл энэ наадам нь ч хурдан морины унаач хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах тал дээр хангалтгүй байдаг. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд Улсын баяр наадмаар 200 гаруй хурдан морины унаач хүүхэд гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байна.
Тэгвэл 2013 он гарсаар хурдан морины унаач хүүхдүүдтэй холбоотой сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл хэд хэд гарлаа. Уг нь Монгол Улсын Засгийн газраас нь хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэлэлцэн өвлийн хурдан морины уралдааныг хориглосон. Гэвч Засгийн газар шийдвэрээ цуцалж чаддаг юм, бидэнд эрх мэдэл бий хэмээн батлах мэт “Дүнжингаравын хурд 2013” хэмээх уралдаан зохиогдов. Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулсан тус уралдаантай зэрэгцээд Нийслэлийн Багануур дүүрэгт "Нүүрэнтэйн хурд 2013", Төв аймгийн Баянчандмань суманд "Аймгийн хойд бүс"-ийн уралдаан, Өвөрхангай аймгийн Бүрд суманд "Өвөрхангай аймгийн зүүн бүс"-ийн уралдаан тус тус зохион байгуулагдсан.
Зөвхөн “Дүнжингаравын хурд 2013” уралдааны үеэр арав гаруй хүүхэд бэртэж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэнээс таван хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Тэд хүзүүний хугарал, тархины хүнд гэмтэл, нүдний гэмтэл, олон мөчдын хугарал гээд эдгэрсэн ч насаараа хэн нэгний асрамжинд очих магадлал өндөр. Харин маш хүнд гэмтсэн нэг хүүхэд нь мориноосоо унах үед зэрэгцэж давхисан машинд дайруулсан гэж зарим хэвлэл мэдээллээр гарсан. Гэтэл арваадхан хоногийн өмнө Ховдын Жаргалант суманд байрлах 123 дугаар цэргийн ангийн захирагч Цэргийн баярт зориулсан морины уралдаан зохион байгуулах үеэр 8 настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Айлын жаахан хүү моринд чирэгдэж амь насаа алдчихаад байхад хүүхдийн төлөө гэх байгууллагууд чив чимээгүй, чихгүй мэт суусаар л байна. Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн манлай уяач н.Бат-Эрдэнийн цолны мялаалгын хурдан морины уралдаан болж, таван хүүхэд бэртэж, нэг хүүхэд нь маш хүнд гэмтэн өвчнөө даалгүй амиа алдсан байна.
2011 онд Монголын Хүүхдийн төлөө үндэсний газар, Морин спорт, уяачдын холбоотой хурдан морины унаач хүүхдийн тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм билээ. Уг санамж бичигт унаач хүүхдийн эрхийг хамгаалахаар заасан гэдэг ч хувцас хэрэгсэл өмсгөх, насны хязгаар зэргээс хэтрээгүй. Гэтэл Хүний эрхийн үндэсний комиссоос хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тоонд хурдан морины унаач хүүхдийн асуудлыг оруулахыг хүссэн ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад яаж чадаагүй хэмээн учирлаж сууна. Учир нь монголын төрт ёсны уламжлал яахаараа хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болдог юм хэмээн эрх мэдэлтнүүд хүлээж аваагүй аж.
Хэдийгээр монгол түмний уламжлал мөн боловч өвлийн хүйтэн, хаврын хавсарганаар хүүхэд морь хоёрыг зовоох ёсгүй. Ёс заншлаа яривал өвс ногоо жигдэрч, хүн малын нуруу тэнийсэн зуны дэлгэр цагт л хурдан морины уралдаан зохиогддог байсан. Тэр ч бүү хэл хурдан морьдтой зэрэгцэж давхих автомашины уралдаан ч байгаагүй. Тиймээс өнгөтэй, мөнгөтэйдээ эрдэж, баярхсан хэсэг нөхдийн зугаагаа гаргах хэрэгсэл нь болоод байгаа хурдан морины унаач хүүхдийн эрхийг хамгаалсан тусгайлсан хууль хэрэгтэй байна. Хариуцлагагүй нөхдүүдэд оногдуулдаг 10-50 мянган төгрөгийн торгууль гэдэг бол үнэхээр эмгэнэлтэй, бас инээдэмтэй хэрэг. Гэтэл тэд хэд хичнээн төгрөгөөр ярилцаж, бизнесийн зорилгоор морьдоо уралдуулдаг билээ.
Хүний хүүхдийг өөрийн хүүхэд шиг хайрлаж, халамжилдаг сэтгэлтэй болохгүй бол монголын маань ирээдүйн нэгээхэн хэсэг насаараа тахир дутуу болж байна. Зарим нь энэ орчлонд яах гэж ирсэн гэдгээ ч ухаарч амжилгүй балчирхан насандаа амь насаа алдаж байна. Мөнгөтэй байлаа гээд аав ээжийн амин эрдэнэ болсон бяцхан үрсээр туг тахих эрх тэдэнд байхгүй. Хурдан морио 800 сая төгрөгөөр даатгадаг атлаа айлын жаахан хүүхдийг 100 мянган төгрөгөөр амь насыг даатгачихаад инээд алдан зогсож байгаа тэд монгол эр хүний жудгаа гээсэн хүн “араатнууд”. Тэд хэзээ ч өөрсдийнхөө үр хүүхдийг өвлийн хүйтэнд хурдан морины уралдаанд оролцуулахгүй.
Гэхдээ тэд баяр хөөртэйгээр гэртээ харьж, ялалтаа бахархалтайгаар үр хүүхэддээ ярьж суугаа. Тэд унаж бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийг эргэж тойрч, эцэг хүний ёсоор эмнэлгийн хаалгаар шагайж байгаагүй гэдгийг олон олон эцэг эх баталж чадна. Зах зээлийн буюу хөрөнгөтний нийгэмд хүчтэй хүчгүй, мөнгөтэй мөнгөгүйгээрээ ялгарч байгаа ч тэд ардын хүүхдээр зугаагаа гаргаж байгаад харамсаж байна. Тиймээс Монгол Улсын ерөнхийлөгч таныг энэ асуудлыг эрхэм оюундаа тунгааж, Засгийн газрын шийдвэр ч нөлөөлж үл чадах хуультай болгоно гэдэгт итгэж байна. Монгол хүүхдийн амь 100 мянган төгрөгөөр үнэлэгдэх ёсгүй…
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ