Улаанбадрах хоёр дахь Хонгор болох нь

img

  Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлолтоос болж мал үхэж байгаа нь тодорхой болсон талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норовсүрэнгийн таван үхэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд нэгэн зэрэг үхсэн. Өмнө нь тэдний хэд хэдэн үхэр үхсэн ч ингэж нэг зэрэг олноор хорогдсон тохиолдол гараагүй байна. Иймээс учрыг тодруулахаар холбогдох байгууллагуудад ханджээ. Улмаар ураны хайгуулаас болж үхэр, мал үхсэн байж болзошгүй гэдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/-өөс үзэж, маргааш өдөр нь үхэр үхсэн шалтгааныг тодруулахаар Цөмийн эрчим хүчний газрын байцаагчдын хамт газар дээр нь ажилласан байна. Харин агаар, ус, хөрс болон үхрийн чөмгөнд хийсэн шинжилгээний хариугаар Д.Норовсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн нь цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого болох нь тогтоогдсон юм. Улсын мал эмнэлэг, үржлийн газраас үхрийн бэлчээрээс ус, хөрс, ургамлын дээж мөн ураны хайгуулын хаягдлын цэг болох Зөөвчийн овоо, Шар дов зэрэг газраас шаарын дээж удаа дараа авч цацрагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, геологийн төв лабораторид шинжлэхэд дээрх материалууд цацраг болон хүнд металлын бохирдолтой гарчээ. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтэний бичил шинжилгээний дүнгээр цацрагийн хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт энэ сарын 11-нд гарсан байна. Гэтэл Цөмийн энергийн газраас энэ бүхнийг үгүйсгэж, үхэр уранаас болж үхээгүй гэсэн дүгнэлт гаргаад байсан юм. Тодруулбал, кальцийн дутагдал болон таринаас болж үхэр үхсэн гэсэн дүгнэлтийг тус газраас гаргажээ. Үүнд маш том ашиг сонирхлын зөрчил байгаа гэдгийг Байгаль орчны иргэний зөвлөлөөс үзэж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Тэр ч бүү хэл Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтаас малчин Л.Норовсүрэнгийнхийг тухайн газраас нүү гэсэн албан бичиг яг биднийг тэнд ажиллаж байхад ирж байсан. Энэ нь тухайн бүс нутаг ямар аюултай болсон болохыг харуулж байгаа юм. Эрдэмтдийн гаргасан дүгнэлтийг өөрчилж байгаа нь хачирхалтай. Шар дов хэмээх газар бол цацрагийн хэмжээ байх ёстой хэмжээнээс 30 дахин их байгааг эрдэмтэд тогтоосон. Тиймээс иргэдийн амь насанд аюул учраад байгаа энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Уран бол химийн болон цацрагийн хортой байдаг. Химийн гэдэг нь амьсгалаар, арьсаар, шарх соривоор нэвтрээд хүний цусанд ороод янз бүрийн архаг өвчин үүсгэх аюултай байдаг. Харин цацрагийн хор нь хорт хавдар үүсгэх аюултай байдаг. Энэ бол энгийн жишээ юм. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын “Арева”-ийн охин компани уран олборлохоор зэхэж, одоогоор 2000 тонн ураны хүдэр туршилтын журмаар олборлосон талаар эх сурвалжууд мэдээлээд байгаа. Тиймээс Улаанбадрах сумыг хоёр дахь Хонгор болгохгүйн тулд төрийн засаг тэр зүгт анхаарал хандуулаач гэдгийг хурлын үеэр тэд мэдэгдсэн юм.  Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

areva:
areva mongoloos zail.
2013-03-27
uran:
neg negeesee huulj bga yum bol vnen zuw huulhad yadag yum be 2000tn gechihje uran gedegee medej yarih heregtei bhdaa
2013-03-26