С.Энхбат: Шавь нар маань одон медалиас ч илүү үнэ цэнэтэй

img

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн Бага ангийн “Арга зүйч” багш Санжаагийн Энхбаттай ярилцлаа.Тэрбээр 2008 онд аймгийн Боловсрол соёлын газрын “Ахлах багш”, цол тэмдэг, 2009 онд “Ахмад багш нарын холбоо”-ны “Багшийн алдар”, 2010 онд  Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2011 оны сумын байгууллагын аварга” гээд  гавьяа шагнал нь үргэлжилнэ.Түүний ажлын туршлага, шавиа гэсэн сэтгэлийнх нь ертөнцөөр бага ч атугай аялахаар зорилоо.   -Дөнгөж сургуульд орсон жаахан хүүхдэд багшийн үг бурхны сургааль шиг санагддаг. Багш хэмээх эрхэм алдарыг хүртсэн тэр түүхэн үеэс тань яриагаа эхэлье? -Би багаасаа л багш болохыг мөрөөддөг байлаа. Тэр гэгээн хүсэлдээ хөтлөгдөн явсаар 1993 онд Архангай аймгийн Багшийн сургуульд элсэн орж 1997 онд “Бага ангийн багш” хэмээх энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн дээ. 2004 онд МУБИС-ийг “Орос-Англи хэл”-ний багшаартөгссөн. Залуу хүний хувьд цаг ямагт мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхсэн гэж хичээдэг. Самбар, шохойтой залуугаасаа зууралдсан болохоор энэ мэргэжилдээ дэндүү дасчээ. Багш болоход миний аав, ээжийн минь ач буян их байсан. Миний аав, ээж маш их хөдөлмөрч, дайчин, хүнлэг энэрэнгүй сайхан хүмүүс байлаа. Аав, ээж минь “Эх орон, энхрий бяцхан шавь нартаа ээлтэй сайн багш болоорой” гэж үргэлж захидаг байв. Эцэг, эхийнхээ захиасыг би маани, мэгзэм шиг дээдэлж хүндэтгэн биелүүлнэ дээ гэж цаг ямагт бодож явдаг даа. -Багш хүн далд увидасаараа ч шавиа үлгэрлэн хүмүүжүүлж байдаг.  Та энэ үгтэй санал нийлэх үү? -Тийм ээ. Бага ангийн хүүхдийг цэцэгтэй зүйрлэдэг. Тэд цэвэрхэн цагаан цаас шиг “амьтад”. Багшийн үйл хөдлөл, үг яриаг аль хэдийнэ анзаарч дуурайна.  Тиймээс тэднийхээ хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэхсэн гэж хичээдэг. Би хичээлийг уран бүтээл гэж боддог.  Багш хүн хичээлдээ өмгөөлөгч байх хэрэгтэй.  Мөн олон янзаар сэтгэх гээд нарийн юм бий бий. -Түмний үрсийн оюуны уурхайг нээж түүнээс шавхагдашгүй их нөөц гаргаж чадах шидтэн бол багш хүн. Та шавийнхаа оюуны уурхайн нөөцийг хэрхэн, ямар аргаар нээдэг вэ? -Ихэнх хичээлээ багаар зохион байгуулж, аль болох хүүхдийн сонирхолд нийцүүлж хичээлээ заахыг эрмэлздэг. Багаар зохион байгуулж хичээл заахад хүүхдүүд  бие биеэсээ их зүйл сурдаг. Тухайлбал, “Зураг урлал, технологийн хичээл”-ийг багаар зохион байгуулахад, хүүхдүүд маш их идэвхтэй оролцож урам ордог. Жишээ нь, уг хичээлд үүрэггүй хүүхэд гэж байхгүй. Багийн гишүүн тодорхой үүрэг хүлээж, түүнийгээ нэр төртэй биелүүлэх болдог. -Таны бодлоор сайн багш гэж хэнийг хэлэх вэ? -Шавиа сонсдог, энгийн үгээр хэлэхэд мэргэжил, мэдлэгээ байнга дээшлүүлдэг, илүү сайн болохыг цаг ямагт хичээдэг, хүнлэг хүнийг хэлэх болов уу. -Та дээрх шалгуурт нийцэх үү? -Нийцэх байх аа . -Сурган хүмүүжүүлэх ур чадвар, эв дүй гэж юу вэ? -Багш хүнд ур чадвар, эв дүй маш чухал. Бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлж, итгэл үнэмшилтэй иргэн болгон төлөвшүүлэх нь багш бидний эрхэм үүрэг. Балчир хүүхэдтэй ээжээс нь өөрцгүй харьцаж, тэдний хайр хүндэтгэлийг хүлээх нь чухал. Би залуу хүний хувьд туршлагатай,ахмад багш нараасаа ур чадвар, эв дүйг нь өвлөж авахын тулд одоо ч  гэсэн суралцдаг. Багш хүн насаараа суралцдаг байх аа. -Хувийн янз бүрийн онцлогтой 30 гаруй хүүхдийн сурах үйл ажиллагааг төлөвлөн жигд зохион байгуулах нь тийм ч амар зүйл биш байх? -Багшийн мэргэжил заах арга барил, эв дүй их шаардсан ажил. Одоо миний даасан анги 37 сурагчтай. Тэд маань 37 зан гаргана шүү дээ. Тэр бүгдэд тэдний эвийг олж эрдэм номд шамдан суралцахын учрыг тайлбарлаж эвээр заадаг даа. Хүүхэд багшийн үгнээс зөрдөггүй юм. Гэхдээ хүүхэд л  юм чинь дүрсгүйтэх  үе байж л байдаг. Тэр бүгдэд нь зэмлэнэ гэдэг учир дутагдалтай. -Тэгэхээр та шавиа зэмлэдэггүй гэж ойлгож болох уу? -Хаанаас даа. Зэмлэх үе гаралгүй л яахав. Жишээ нь өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй сурагчийг эхлээд учир шалтгааныг нь эвээр асуудаг. Хариулахгүй тохиолдол ч бий. Энэ үед нь “Даалгавар хийхийн ач холбогдолыг тайлбарлаж өгдөг. Олон удаа даалгавар хийгээгүй тохиолдолд  “Илжиг шиг зөрүүд байж болохгүй шүү” гэж зэмлэдэг юм. Би шавь нартаа ихэвчлэн зүйр цэцэн үг хэлдэг. Тухайлбал, “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Эрдэмтэй хүн номхон, их мөрөн дөлгөөн” гээд л ярина шүү дээ/инээв/ -Та өөрийн болон шавь нарынхаа амжилтаас сонирхуулаач? -“Багш нарын ур чадварын уралдаан”-д  гурван удаа тэргүүн байр, 2011 онд аймагт гуравдугаар байр,олимпиад уралдаанд тогтмол амжилт гаргаж байсан. Би өөрийнхөө амжилтаас илүү шавь нараараа бахархдаг. Шавь нар маань ч их амжилт гаргадаг. Бүгдийг нь яривал зай талбай их орох байх. Жил бүр зохиогддог  математикийн олимпиадад алт хоёр, мөнгө хоёр, хүрэл дөрвийг авчээ. Миний амжилт гаргасан нь дан ганц миний хөдөлмөр биш, хамт олон, гэр бүлийн минь нөмөр нөөлөг их шүү дээ. -Багш, шавийн барилдлагыг биеэр туулж яваа танаас багш хүний “үнэт чанар” мэдрэгддэг? -Багш мэргэжлээрээ өөрийн төрсөн нутаг болох Архангай аймгийн Эрдэнэмандал сумынхаа сургуульд 16 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нэгдүгээр ангийг дөрвөн удаа даан авч төгсгөсөн. Даасан ангийн сурагчдын сурлагын амжилт чанар сум, аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байдагт урамшдаг юм. Багш бол бүтээлч ажил. Сурагчдаа бүтээлч сэтгэлгээтэй болгохыг хүсдэг.  Бүтээлч сэтгэлгээг эзэмшсэн хүүхэд цаашид улам ихийг санаачлан хийх нь дамжиггүй. Шавь нар маань ямар ч одон медалиас илүү үнэ цэнэтэй. Миний шавь нараас монголын ирээдүйн сэхээтэн, эрдэмтэн мэргэд төрнө гэдэгт  огтхон ч эргэлздэггүй.  Шавь нарын минь зам мөр алтан нарны цацраг шиг гэгээн байгаасай гэж залбирдаг. -Арав гаруй жил багшилсан хүнд олон сайхан дурсамж бий байх. Нэгийг нь ч гэсэн хэлж өгөөч? -Өө зөндөө бий. Чамайг асуухаар нэг дурсамж санаанд бууж байна. Миний хамгийн анхны даасан сурагчид дөрөвдүгээр анги төгсөхдөө дурсамж үлдээсэн юм. Уг дурсамждаа: “Одоо болохоор дурсгал гээд Оюутан болоод мартуузай, багшаа” гээд биччихсэн байсан. Хүүхэд болохоор нарийн учрыг нь ойлгоогүй, ах, эгч нараасаа л хуулсан юм шиг байна лээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Enhee:
Ta narta hairtai ok
2013-05-04
bayaraa:
enheedee az jargal ervvl enkh hamgiin sain saihan bvhniig hvsen erooe .
2013-03-30
Batdelger:
Hairt duudee aurgan humuujuuleh ajild ni undruus undur amjilt husen eruue, ulam ih amjilt gargaarai
2013-03-29
догоо:
Дүүдээ амжилт хүсье, өшөө их амжилт гаргаарай
2013-03-29
Нараа:
танд сайн сайхныг хүсье
2013-03-29
Bayarmaa:
bagshdaa sain saihniig husie
2013-03-28