
Өмнийн говьд авъяас хоолойгоороо гайхагдсан СТА, дуучин Б.Цэрэн-Очир “Дүүрэн заяатай Монгол” бие даасан анхны цомгоо монгол түмэндээ өргөн барьж байна. Урлагт хөл тавьснаас хойшхи 10-аад жилийн уран бүтээл, аялгуу эгшгийн дээж 14 дуу энэ цомогт багтжээ.
Б.Цэрэн-Очирын дуучин болсон түүх хэн хүнд тохиогоод байхааргүй сонин. Хүү 5 дугаар ангиасаа сургууль завсардан, малчин болжээ. Зах зээлд шилжээд удаагүй. Юм юм ховор. Ганц хүүхдээ ч болов мал дагуулбал, гэдэс цатгалан, мөр бүтэн амьдарна гэх бодолтой олон хүн хүүхдүүдээ сургуулиас нь гаргаж байсан үе. Нэг өдөр аав нь малд нүдтэй хүүгээсээ “Миний хүү, сургуульд сурахаа болиад, малчин болох уу?” гэж асуужээ.
Хүү ч дуртай зөвшөөрснөөр, хөдөө гарсан гэнэ. Ах, эгч, дүү нар нь аймгийн төвд сурч байхад, хөдөө хөхөрч, гадаа гандаж явсаар, амьдралын хатуу хөтүүг багаасаа мэдэрсэн хүү нэг л өдөр үргэлжлүүлэн суралцахаар шийдэж.

Угаас хичээл номдоо сайн байсан болохоор эчнээгээр 8, 10 дугаар ангиа дүүргээд, Монгол Фермер Дээд Сургуульд элсэн суралцжээ. Сургууль төгсөж ирмэгцээ, мал аж ахуйгаа улам боловсронгуй болгох санаатай оролдож эхэлсэн гэнэ.
Хааяахан аймгийн төвд ирэхдээ очдог ганц газар нь театр байж. Дуулах тун дуртай. Театрын караокед ганцаараа зогсож байгаад л хуучны дуунуудаас дуулна. Хажуудах хүмүүс нь элдэв юм ярьж байсан ч тоолгүй дуулсаар байгаад л гардаг байж. Нэг удаа дуулж байхыг нь сонссон театрын уран бүтээлчид уран сайханчаар орох санал тавьсан гэнэ. Малчин залуу өөрийгөө чамлаад, тэдний саналыг тоолгүй өнгөрч.
Хожим театрын дарга дахин санал тавьснаар, дуучин болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Тэр жилдээ л СУИС-д шалгалт өгч, элсэн суралцсан байна. Ингэж л дуунд дурласан малчин залуу урлагт хөл тавьжээ. Харин одоо тэр анхны цомгоо өлгийдөн авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ