Зүгээр л дөрөвдүгээр сарын нэгээн

img

 

Инээдмийн өдрийн үүх түүхээс

Энэ өдрийг дэлхийн ямар ч оронд албан ёсоор баярын өдөр гэж тэмдэглэдэггүй. Гэсэн ч хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг баярын тоонд зүй ёсоор оруулдаг. Хуурах эсвэл инээдмийн гэх зэргээр нэрлэж ирсэн эл өдрийг 1565 оноос тэмдэглэж иржээ.  Францын хаан IX Карл хуанлийн тооллыг шинэчлэн зарлахдаа нэгдүгээр сарын 1-нээс эхлэхийг албан ёсоор зарлаж, хуучин хуанлийн дөрөвдүгээр сарын 1-нийг халах болсноос хойш тухайн үед тоглоомоор бие биедээ шинэ жилийн баяр хүргэж бэлэг өгснөөр энэхүү өдрийн түүх эхэлсэн юм. Цаг хугацааны эрхээр франц хэлтнүүд шинэ жилийн бэлэг солилцохоо мартагнаж бяцхан загасыг зөрж өнгөрсөн нэгнийхээ нуруун дээр сэм наадаг болсноор Загасны өдөр болж энэ нь янз бүрийн хэлбэрээр нэгийгээ чадах, хуурахад хувирч Европ, Британийг хамран “тэнэгүүдийн өдөр” болжээ. АНГЛИД Английн уран зохиолд энэхүү Тэнэгүүдийн өдрийг дөрөвдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг гэж XVII зуунд бичиглэн үлдээсэн байна. Түүнчлэн 1564 онд Францад тэмдэглэж байсан тухай баримт ч байдаг аж. Англид болон түүний колони орнуудад Григорийн цаг тооллын бичгүүдэд 1572 онд, Шотландад 1600 онд тус тус оруулсан байна. Харин Францад Аll Fools Dey буюу Бүх тэнэгүүдийн өдөр хэмээн тэмдэглэдэг байна. Үүнээс хойш колонийн орнууд уг уламжлалыг Хойд Америк, Австралид экспортлон аваачсан байна. АНУ-Д Америкийн сурагчдын хамгийн түгээмэл даажигнаан нь зам дээр “өшиглөхийг чинь хүлээе” гэсэн бичигтэй эвхсэн цаас хаядаг гэнэ. Аав ээж нар нь ч бас хүүхдүүдээ хуурдаг аж. Тухайлбал, ширээн дээр дотор нь хөвөн юмуу даавуу чихээд шоколадаар бүрсэн бялуу тавьж хуурдаг гэнэ. Инээдмийн өдрийг өдгөө дэлхийн хаа сай-гүй тэмдэглэх болжээ. Энэ өдрийг АНУ-д зүрх сэтгэлийн баяр болгон тэмдэглэдэг аж. Тэгэхдээ төрийн баяр цэнгэл болгодоггүй гэнэ. Дашрамд дурдахад, Калифорнийн эрүүл мэндийн хүрээлэнгийн профессор Стенли Теп бичихдээ: “ Өдөрт 30 минут инээвэл зүрхний шигдээс тусдаг өвчтөн хагас жил дахин тийм өвчин тусахгүй яваад сүүлдээ бүрмөсөн эдгэрдэг. Харин эрүүл хүмүүс бол хэдэн арван жилээр ч насаа уртасгаж чадна” гэж нотолсон байна. ГЕРМАНД Инээдмийн өдрийг мөн л тиймэрхүү янзаар тэмдэглэдэг гэнэ. Тухайлбал, өвчтэй хүүхдээ хуурч инээлгэж байгаад эмчилж эдгэрүүлдэг гэнэ. Ийм маягийн даажигнаан Англид ч, Германд ч аль алинд нь байдаг гэнэ. Энэ нь дундад зуунаас эхтэй Шүтээн бичгээс үүдэлтэй ажээ. ЧЕХИД Чех, словакууд ч энэ баярыг нэгэн адил дөрөвдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг байна. Мөн Польш, Литвад ч мөн нэг л өдөр ижилхэн тэмдэглэдэг аж. Уг баярыг Европт ромчууд дэлгэрүүлсэн хэмээн судлаачид үздэг ажээ:. УКРАИНД Энэ баярыг Украинд германчууд ХVIII зууны эхээр аваачсан гэж судлаач нар үздэг бөгөөд үүнийгээ Худал хэлэх өдөр буюу Худалч- Мариягийн өдөр хэмээн нэрлэдэг байжээ. Энэ өдөр нь хуучин цаг тооллын бичигт Дөрөвдүгээр сарын 1-тэй давхацдаг юм байна. Эх сурвалж “ТВ хоног” сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ