Өмнөговь аймгийн оюутан, залуус 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монгол улсын их сургуулийн хурлын танхимд уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Тус уулзалтанд Улаанбаатар хотод сурч байгаа оюутан залуучуудаас гадна ажил эрхэлдэг Өмнөговийн уугуул залуус оролцож Өмнөговь аймгийн “Шинэ давалгааг” эхлүүлэхээр санал нэгтэйгээр клуб байгуулахаар болсон юм. Клубын үйл ажиллагааг салбар салбарт идэвхижүүлэх үүднээс салбар бүрт зөвлөл байгуулж, Өмнөговь аймгийн бүх сумдад салбар клуб байгуулан үйл ажиллагааныхаа цар хүрээг хүртээмжтэй болгох эхний зорилт тавиад байна. Уул уурхай, Эрүүл мэнд гэх мэт салбар бүрт зөвлөл байгуулах нь үйл ажиллагааны чиглэл тодорхой байх давуу талтайг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Асуудлыг суулт хийж, бослого гаргаж бус оюунлагаар олон талт шийдлийг хайж, оюунлаг бослого, оюунлаг эсэргүүцлийг хийх болно гэж танилцуулгадаа хэллээ. Мөн клуб нь дэргэдээ www.umnugovi.mn цахим хуудсаар үйл ажиллагааныхаа мэдээллийг олон нийттэд хүргэх юм байна. Клубын гишүүдэд зориулсан сургалтыг тодорхой хугацаагаар зохион байгуулж гишүүдээ хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр болж байна. Тус клуб нийгэмд эзлэх байр сууриа улс төрийн аль нэгэн намын шууд болон шууд бус нөлөөнд автахгүйгээ хадгалах үндсэн зарчмыг баримтлах болно гэж дүгнэлээ.