
Суурь инфляцийн өсөлтийг сааруулах зорилгоор он гарснаас хойш Монгол банк бодлогын хүүг гурван удаа өсгөж, арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг хоёр удаа нэмээд байгаа. Аравдугаар сард бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөж 12.25 хувь болгосон нь одоогоор хамгийн сүүлд авсан арга хэмжээ.
Гол нь удаа дараагийн арга хэмжээ сайн мэдээ дагуулж эс чадаж байгаа. Инфляцийн өсөлтийн шинэ мэдээ гарсаар байгаа. Төв банкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн сүүлийн арга хэмжээний тухайд голлох хүчин зүйл нь дотоодын шалтгаан, тэр дундаа улстөрчдийн хэт их зарлага дагуулсан шийдвэрүүд гарч болзошгүй байгаатай холбогдож байсан.
Тэгвэл Дэлхийн банк Монголын төв банкны үйл ажиллагааг зөвтгөх зүйлийг хэлж байна. Тодруулбал, “Бодлогын арга хэмжээний үр дүн гартал цаг хугацааны хоцрогдол байдаг, мөн инфляцийн өсөлт саарахгүй байгаа учраас нэмж арга хэмжээ авах шаардлагатай байна. Хэдий тийм боловч засгийн газраас одоо төсвийн тэлэх бодлого баримтлаж байгаа учраас мөнгөний бодлогын инфляцийг бууруулах үйл ажиллагааны үр нөлөө хязгаарлагдмал болоод байна” гэж мэдэгдлээ.
Тэгэхээр дотоодын улстөрчдийн замбараагүй араншин улсын эдийн засагт харанга дэлдээд байгааг Дэлхийн банк анхааруулж байгаа дүр зурагтай. Өөрсдийнх нь үйл ажиллагаа болохгүй байгаа тухай таагүй үгсийг энэ мэтээр цөөнгүй дуулж байгаа улстөрчид шинэ төсвийн төслийг эцэслэх гээд сууж байгаа. Засгийн эрхийг хамтран барьж байгаа хоёр намын бүлэг төсвийн төсөл дээр дахин мөнгө нэмэхгүй ч, хасч танахгүй гэдэг дээр нэгдмэл санаа оноотой байгаа билээ.
Мөн Дэлхийн банкны тухайд манай арилжааны банкуудтай холбоотойгоор дараах зүйлийг мэдэгдэж байна. Хоёр банк дампуурсан 2009 онтой харьцуулахад Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн нөөц ихээхэн сайжирчээ.
Гэхдээ банкны салбарын зээлийн өсөлт өндөр байгаагаас системийн хэмжээнд активын чанарт анхаарлаа хандуулах шаардлага гараад байгаа аж. Банкны зээлийн үлдэгдэл 9 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад бодит дүнгээрээ 52 хувиар өссөн нь эдийн засгийн бодит суурь өсөлтийн хувиас өндөр байгаагаас гадна төвлөрөл ихтэй, чанаргүй зээлийн багц өндөр хэвээр байна.
Банкны салбарын татан төвлөрүүлсэн харилцах хадгаламжийн хэмжээ дахин шинэ амжилт тогтоох гэж байгаа хэдий ч зээл, хадгаламж харилцахын харьцаа 100 хувь руу дөхөж, хөрвөх чадварын эрсдэл нэмэгдэж байгааг илтгэж байгаа аж.
Санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад нарийн хяналт шалгалт, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл, харилцах хадгаламжийн харьцааны үзүүлэлтийг нэмэх зэргээр макро зохистой хэм хэмжээ, журам зааврыг урьтач байдлаар мөрдүүлэх нь чухал ач холбогдолтой гэсэн зүйлийг манай талд мэдэгдэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ