Хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг болж байна
Хөдөлмөрийн яамнаас ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлж буй “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Баялгийг бид бүтээнэ” өдөрлөгийг өчигдөр “Буянт-Ухаа цогцолбор”-т зохион байгуулсан бол өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Уг арга хэмжээний хүрээнд байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгөөр хөдөлмөрийн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийг танилцуулах, “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн үр дүнг үнэлж дүгнэх юм байна. “Хөдөлмөрийн яам болон түүний салбар байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, сурталчлахад энэхүү өдөрлөгийн зорилго оршиж байгаа” хэмээн өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав онцолсон. Өдөрлөгт нийслэлийн бүх дүүргийн хөдөлмөрийн хэлтэс оролцож өөрсдийн үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ иргэдийн хүсэлтээр ажилд зуучлах үйл ажиллагааг газар дээр нь хийж байлаа. Мөн яам болон түүний харьяа агентлагууд оролцсоноос гадна Техник технологийн коллеж, Үйлдвэр урлалын сургууль, Монгол Солонгосын технологийн коллеж, Хүнсний технологийн коллеж зэрэг сургуулиуд энэхүү өдөрлөгт оролцож байна. Энэхүү өдөрлөгт “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдсан суралцагчид оролцохоор ирсэн байв. Танхимын сургалтаа дуусгасан 5000 орчим суралцагч ажлын байр руугаа явахад бэлэн болсныг салбарын сайд дурьдаж байсан. Түүнчлэн тэдний дараагийн ээлжинд суралцах 2000 гаруй суралцагч хичээлээ эхлэхэд бэлэн бслсон гэнэ. Б.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ