Орон сууцжуулах бодлогоо зарлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 04 дүгээр сарын 13-нд болж 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Засгийн газар орон сууцжуулах бодлогоо зарлалаа
2012 оны байдлаар манай улсын нийт хүн амын 23,8 хувь, Улаанбаатар хотын хүн амын 40 хувь нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байна.
Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, иргэдийг орон сууцжуулах асуудлаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, бодлогоо гаргалаа.
Шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 ам.метрээс дээшгүй талбай бүхий орон сууц, эсвэл ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас худалдан авахаар хүсэлт гаргасан, орон сууцны нийт үнийн дүнгийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн иргэдийг жилийн 8 (-,+1) хувийн хүүтэй, 20 хүртлэх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг баталж, ипотекийн зээлийг арилжааны бүх банкуудаар дамжуулан иргэдэд олгох ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгалаа.
Мөн орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зорилгоор 2013-2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, санхүүжилтийн асуудалтай байгаа орон сууцны барилгуудын судалгааг үндэслэн үе шаттайгаар санхүүжүүлэх ажлыг арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулахыг үүрэг болголоо.
Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловсруулан батлуулж, 2013-2014 онд 1300 айлын түрээсийн орон сууцыг барих ажлыг зохион байгуулах үүргийг мөн өглөө.
Үйлдвэрлэлийн салбарт зээлийн дэмжлэг үзүүлнэ
Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих үйлдвэрлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгтэй тэнцэх урьдчилгаа төлбөр болгон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 27.7 сая ам.доллар хүртэл, өвлийн хүлэмж барихад 17.4 сая ам.доллар хүртэл, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 45.0 сая ам.доллар хүртэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 13.5 сая хүртэл ам.долларын зээлийг 4.5 жилийн хугацаагаар олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
Экспортод гарч буй угаасан ноосыг дотооддоо гүн боловсруулж, хагас болон цэвэр ноосон 2.5 сая тууш метр даавуу үйлдвэрлэх “Монгол ноосон даавуу” төслийг боловсруулжээ. Оёдлын салбарт жилд 50 орчим тэрбум төгрөгийн даавуу импортолж байна. Ноос боловсруулах үйлдвэрийн салбарт даавууны үйлдвэрлэлийг бий болгосноор ноосон түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох, салбарын үйлдвэрлэлтийг 50 тэрбумаас 150 тэрбумд хүргэх, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 50 тэрбумд хүрэх, уг үйлдвэрлэлийг дагасан 500 орчим жижиг, дунд үйлдвэр байгуулагдах боломжтой. Төслийн хүрээнд гурван үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулна.
“Импортыг орлох болон экспортын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх” төсөл хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр орон нутаг болон нийслэлд 30 гаруй үйлдвэр шинээр байгуулагдаж, 50 гаруй жижиг үйлдвэрүүд туслан гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд үйлдвэрлэлээ өргөтгөснөөр 30 мянга гаруй ажлын байр бий болж, 549.3 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн экспортлож, сурагчийн дүрэмт хувцас, өргөн хэрэглээний оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм.
Нийслэл хот орчимд 15 үнээний ферм, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээг нэмэгдүүлэхээр 20 тонноос дээш хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн 4 том үйлдвэр байгуулах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 86 цехийг байгуулах зорилт тавьж байна.
Өвлийн хүлэмж байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотод 20 га, Дархан хотод 1.5 га, Эрдэнэт хотод 1.0 га, бусад аймгийн төвүүдэд тус бүр 0.5 га нийт 32.0 га өвлийн хүлэмж байгуулан ажилуулна. Өвлийн хүлэмжтэй болсноор 500 хүн ажлын байртай болж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулан, импортын хүнсний ногоог хязгаарлах бодит бололцоо бүрдэх юм.
Эдгээр төслүүдэд Чингис бондын хөрөнгөөс зээлийн дэмжлэг үзүүлэхээр тогтлоо.
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Хадгаламж зээлийн хоршоодын үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас 8301 иргэнд учирсан хохирол өнөөдрийг хүртэл бүрэн барагдаагүй, эдгээр иргэдийн өргөдөл, гомдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан төрөөс зайлшгүй дэмжлэг үзүүлэх хэрэгцээ, шаардлага байна.
Хохирогчдын хохирлыг барагдуулахаар ШШГБ-аас холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хоршоодоос хураагдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч нараас төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгөнөөс нийт үлдэгдэл хохирлыг барагдуулах бололцоогүй болоод байна.
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай зөрчилдөж байгаагаас үүдэн өнөөдрийг хүртэл хууль, шүүхийн шийдвэр хэрэгжиж, хохирогчдын хохирол барагдахгүй байгаа гэсэн Хууль зүйн сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн саналыг үндэслэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Багтаамж ихтэй, шинэ автобус, троллейбусыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын парк хуучирсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хангалтгүй, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө ихтэй байна. Зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг их багтаамжийн автобусаар хангах шаардлагатай байгаа. Тиймээс ч импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 1 хүртлэх жилийн доторхи автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна.
Иймд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Палеонтологи, археологийн музейн шинэчлэлийг дэмжинэ
Палеонтологи, археологийн музейн концепци, үзмэрийн дэглэлт, музейн барилгуудын зураг төсөв боловсруулахад гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах асуудлыг төслийн нэгжээр дамжуулан хэрэгжүүлэх, шаардлагатай эхний ээлжийн төсвийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцын Түүх, дурсгал, соёлын өвийг дэмжих, сэргээн засварлах хөрөнгө оруулалтын зардлаас гаргахаар боллоо.
Цаашид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай тусламж, хөнгөлөлттэй зээл зэрэг санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэн төслийн нэгжтэй гэрээ байгуулан үйл ажиллагааг нь мэргэжил, арга зүйн удирдамжаар хангаж, хяналт тавьж ажиллахыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд зөвшөөрлөө.
Товчхон
-Татварын ерөнхий газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санал дүгнэлтийг үндэслэн согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 10 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хүчингүй болголоо.
-Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.
-Ханой хотноо өнгөрсөн сард болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссийн 15 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд бөгөөд тус комиссийн Монголын хэсгийн дарга Х.Баттулгад даалгалаа.
-Шинэ Дели хотноо болсон Монгол Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны IV хуралднааы дүнг сайшаж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, тус хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Л.Гантөмөрт даалгалаа.
-Агаарын хөлгийн санхүүжилтийн тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. БОИНГ компаниас эхний ээлжинд худалдан авах Б767-300ER загварын агаарын хөлгийн төлбөрт шаардлагатай 114 сая 450 мянган ам.долларын эх үүсвэрийг Засгийн газрын богино хугацааны баталгааг үндэслэн дотоодын санхүүгийн зах зээлээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ