Д.Тэрбишдагва даалгавар өглөө

Онцгой байдал, гааль, хилийн албад, өрхийн болон хэсгийн эмч, ажилтнууд зэрэг өвчний голомтод ажиллах албан хаагчдад шаардлагатай нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, багаж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, лабораторийн оношилгооны оношлуур, урвалж бодис, эмийн тооцоог гаргаж, амьсгалын дутагдлыг эмчлэх аппаратыг судалж, танилцуулахыг Эрүүл мэндийн яамны удирдлагуудад даалгалаа.
Мөн БНХАУ болон бусад улсад шувууны томуугийн вирусын халдварын эсрэг эмчилгээнд ямар эм, вакцин хэрэглэхээр ажиллаж байгааг нарийн судлах үүргийг ч мөн өглөө.
Хилийн боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслүүд, импортоор их хэмжээгээр оруулж ирж байгаа тахианы мах, шувууны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тавих шаардлагыг чангатгахаар болж байна.
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” ХК-ийн өргөтгөлийн 2 дугаар станцын хашаанд мөнгөн ус асгарсан асуудлыг энэ хурлаар мөн хэлэлцлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд худгийн дотор болон гаднах талбайд мөнгөн усаар бохирдсон шал, газрын хөрс, агаараас дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн лабораторид шинжлүүлсэн, тусгайлан бэлтгэгдсэн уусмалаар саармагжуулалт хийх, эрүүл хөрсөөр нөхөн сэргээх, станцын усан сангийн ёроол дахь усыг шавхаж лаг шаврыг цэвэрлэх зэрэг ажлыг хийжээ. Мөнгөн ус асгарсан хэргийн эзэн холбогдогчийг тогтоож, хариуцлага алдсан албан тушаалтан, хувь хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч эргэж танилцуулахыг Шадар сайд үүрэг болголоо.
Дорнод аймгийн Халхгол суманд хорогдсон малын тоо 10 мянга даваад байна. Малын сэг, зэмийг устгах, орчныг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулахдаа хүн малын халдварт өвчин гарах, байгаль орчин бохирдохоос урьдчилан сэргийлж газрын өнгөн хөрс, уст цэг, хашаа хороо, тоног хэрэгслийг халдваргүйжүүлж, цэвэрлэх арга хэмжээг яаралтай зохиож байгуулж ажиллахыг Улсын онцгой комиссийн хуралдаанаас холбогдох хүмүүст анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ