Нийтийн тээврийн үнэ дөрөвдүгээр сар хүртэл нэмэгдэхгүй
Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусаар зорчих үнэ нэмэгдэж, том хүн 400 төгрөг, хүүхэд 300 төгрөг, үнэгүй зорчих үнэмлэхтэй иргэд 100 төгрөгөөр зорчино гэсэн мэдэгдлийг Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос хийсэн. Харин Нийтийн тээврийн газар үнэ нэмэгдэхгүй гэж байна. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос “нийтийн тээврийнхэн Нийслэлийн удирдлагуудад удаа дараа мэдэгдсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тул ийн нэмэхээс өөр аргагүй байдалд орсон” гэж мэдэгдсэн. Мөн Нийслэлийн төсвөөс 2010 онд нийтийн тээврийн үйлчилгээний нөхөн олговорт баталсан 30,9 тэрбум төгрөгийг бүрэн санхүүжүүлээгүй гэдэг асуудлыг тэд тавьж байгаа.
Харин Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг дараах хариултыг өгч байна. “2009 оны 12-р сард хуралдсан НИТХ-аар нийслэлийн төсвөөс нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны тээвэрлэлтийн нөхөн олговрын төсвийг баталсны зэрэгцээ мөн сурагч оюутныг тээвэрлэх журам хоёр хамт батлагдсан юм. Тус журмын дагуу оюутнууд амралтын өдрүүдэд болон баяр ёслолын өдрүүдээр нийтийн тээвэрт мөнгөө төлж зорчсон. Иймээс төсвийн тухай хуулийн дагуу гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх ёстой. Ийнхүү 2010 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн оюутныг тээвэрлэсний нөхөн олговорт олгох ёстой 25,9 тэрбум төгрөг бүрэн олгогдоод байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ алдагдалтай байна, тэр алдагдлыг нөхөөд өгөөч гэсэн хүсэлтийг манай тээврийн компаниуд тавьдаг. Алдагдал байгаа нь үнэн, гэхдээ үүнийг үе шаталсан байдлаар шийдвэрлэх ёстой. Ирэх оны төсөв гэхэд Цахилгаан тээвэр компаний хуримтлагдсан ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, мөн тус компаний үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэхэд зориулсан төсөв хөрөнгийг нийслэлээс батлаад байна. Энэ мэтчилэн бид хуримтлагдсан асуудлаа үе шаттайгаар шийдвэрлээд явах боломжтой.
Мөн үнэ тарифыг нэмэх саналыг ч гэсэн тээврийн байгууллагууд тавьдаг. Гэтэл нөгөө талд нийслэлийн иргэдийн эрх ашиг байна. Авто тээврийн тухай хуулийн дагуу Нийтийн тээврийн газар нь тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан үнэ тарифыг мөрдөж ажилладаг. Манай хооронд байгуулсан гэрээ 2011 оны 4-р сарын 15 хүртэл сунгагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж байна.
Гэтэл төрийн бус байгууллагаас үнэ тарифын асуудлаар шийдвэр гарсан мэтээр ярих нь зохисгүй хэрэг юм. 2011 оны 1-р сарын 1-нээс үнэ тариф өөрчлөгдөхгүй хэвээр мөрдөгдөнө гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлтэй харилцан зөвшилцөж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ