
Сүүлийн үед “Монголчууд малаа тоолохоос хүнээ тоолж чаддаггүй” гэдэг үг бараг хэлц үг болохоо шахсан. Өнөөдөр Монгол улсад яг хэдэн иргэн амьдарч байна, Монголчууд бид хэдэн жарныг элээсэн ч хоёрхон сая хэвээрээ байсаар байх уу гээд МОНГОЛ ХҮН-ий тоог тойрсон асуудал их.
Тэгвэл Монгол улс ХХ зууны туршид хүн амаа есөн удаа тоолжээ. Үүний анхных нь болох 1918 оны тооллогоор 647.5 мянган хүн амтай байсан бол 1935 оны тооллогоор 738.2 мянга болж, энэ 17 жилд манай улсын хүн амын тоо нийтдээ 90.7 мянган хүнээр, жилд дунджаар 5.3 мянгаар нэмэгдэж байжээ.
Энэ хугацаанд хүн амын жилийн дундаж өсөлт 0.77 хувь байв. Хүн амын өсөлтөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил үүний дотор ард иргэдийн аж амьдралын түвшний өөрчлөлт, ялангуяа эрүүлийг хамгаалахын хөгжил ихээхэн нөлөөтэй нь илэрхий бөгөөд 1921 оны ардын хувьсгалын дараагаар эрүүлийг хамгаалах систем үүсч, тус салбарт ЗХУ-ын (хуучин нэрээр) тусламж дэмжлэг ихээхэн үүрэгтэй байсан нь үр дүнгээ өгч байжээ.

Харин 1944 онд хүн амын тоо 759.1 мянгад хүрчээ. Энэ нь жилд дунджаар 2.4 мянган хүнээр өсч 1935 оныхоос 21.3 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт. Энэ 9 жилд хүн амын жилийн дундаж өсөлт 0.32 хувь болсон нь манай улсын хүн амын тооллого хоорондын хамгийн бага өсөлт юм.
Тус улсын хүн амын тоо 1956 онд 845.5 мянга болж, 1944 оныхоос 86.0 мянган хүнээр өссөн нь жилд дунджаар 7.8 мянган хүнээр буюу 0.98 хувиар өсөх нөхцөл бүрэлдсэний үр дүн гэж болохуйц аж.
Хүн амын 1963 оны тооллогоор манай улсын хүн ам 1017.1 мянга болсон нь өмнөх 1956 оны тооллогынхоос 171.6 мянгаар, жилд дунджаар 24.5 мянгаар буюу 2.7 хувиар өссөн нь өмнөх үеийхээсээ бараг 3 дахин өндөр хурдацтай өсөлт байлаа.

Хүн ам, орон сууцны 1969 оны тооллогоор 1197.6 мянган хүн тоологдсон нь 1963 оныхоос даруй 180.5 мянган хүнээр өсч, жилд дунджаар 30 мянгаар буюу 2.8 хувиар нэмэгдсэн байна. Хүн ам, орон сууцны 1979 оны тооллогоор 1595.0 мянган хүн тооллогдсон нь 1969 оныхоос 397.4 мянган хүнээр өссөн нь жилд дунджаар 39.7 мянгаар буюу 2.9 хувь нэмэгдсэн үр дүн төдийгүй энэ нь нь Монгол Улсын хүн амын хөгжлийн түүхэн дэх хамгийн өндөр өсөлт байлаа.
Харин Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор тус улсын хүн ам 2373.5 мянга болсон нь 1989 оныхоос нийтдээ 329.5 мянган хүнээр, жилд дунджаар 30.0 мянгаар буюу 1.4 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх 10 жилийн өсөлтийн дундаж хэмжээнээс 14.9 мянган хүнээр буюу 1.1 пунктээр буурсан үзүүлэлт болно. Ийнхүү хүн амын өсөлт 1980 оны дунд үеээс буурч эхэлсэн нь үүний түрүүчийн хэсэгт тэмдэглэсэн хүчин зүйлсээс гадна 1990 оны эхнээс тус улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих болсонтой уялдаатайгаар нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан өөрчлөлт, ард түмний аж байдлын доройтол, ажилгүйдэл газар авч, эрүүл мэндийн үйчилгээг зах зээлийн зарчмын дагуу явуулж эхэлсэний сөрөг үр дагаварын нэг илрэл гэж тайлбарлаж болох юм.
Хорьдугаар зууны эхэнд 125,2 мянган өрхтэй байсан Монгол Улс 2000 онд 541,1 мянган өрхтэй болж 4,3 дахин өссөн байжээ. Тэгвэл 2010 онд хэд болсон бол...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ