Н.Алтанхуяг: Нийслэл ажлаа хий
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар нээлттэй бодлого барьж байгаа. Тиймээс сард нэг удаа сэтгүүлчидтэй уулзаж, тухайн сард болсон онцлох үйл явдал, шаардлагатай мэдээлэлд хариулт өгдөг байсан. Сар гэдэг их удаан хугацаа юм байна. Сарын дараа уулзах нь цаг үеэсээ хоцорч байна гэж үзсэн тул долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12.30 цагт 30 минутын уулзалт зохион байгуулж байхаар боллоо. Ингэснээр өнгөрч буй долоо хоногийн үйл явдлыг цаг алдалгүй дүгнэж, цэгнэх боломж илүү ихээр нэмэгдэнэ гэж үзлээ.
. Өнгөрсөн долоо хоногт онцлох таван үйл явдлыг нэрлэж байна. Нэгд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жэчи болон Хойд хөршийн “Оросын төмөр зам” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунины айлчлал,
Хоёрт, дутуу баригдсан орон сууцны барилгуудыг босгохын тулд 380 тэрбум төгрөгийг гаргахаар болсон.
. Гуравт, гадаадад суугаа монголын бүх элчин сайд, консулын газруудтай цахим уулзалт зохион байгуулсан. Монголчуудынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах, экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гарцыг судалж тодорхойлох, тухайн улсдаа шинэ, шинэлэг зүйл юу нэвтэрч байгааг цаг алдалгүй мэдэж байх зэрэг асуудлаар ярилцсан.
Дөрөвт, Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийн гэсэн Боинг 767-300ER онгоцтой боллоо.
Тавд, өнөөдөр Монгол Улсаас экспортлон гаргасан газрын тос “Монгол 93” шатахуун болон эргэн ирж, хэрэглэгчдийн хэрэгцээг хангадаг болно” гэлээ.
Энэхүү товч мэдээллийн дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тухайлбал, “Оросын төмөр зам” нэгдлийн ерөнхийлөгч В.И.Якунины айлчлалын үр дүн, барилгын салбарын 8 хувийн хүүгийн асуудал, 380 тэрбумын санхүүжилтээр орон сууцны хичнээн барилга барих, хаврын тариалалт, сургууль, цэцэрлэгийн асуудлаар барьж буй бодлого зэрэг олон асуултад хариулт өгсөн юм.
. Мөн Амгалангийн Дулааны цахилгаан станц хэзээ баригдах вэ, газрын маргаантай асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн асуултад “Би дөнгөж сая Эрчим хүчний сайд Сономпилтэй ярилцлаа. Засгийн газрын шийдвэр гараад хоёр сар болж байна. Гэтэл станц барих боломжгүй газар төлөвлөгөө гаргачихаад газрыг нь чөлөөлөх 36 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо яриад явж байна. Хотын дарга Э.Бат-Үүл энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Хамаг газраа зарчихаад хотод хэрэгтэй нэг юм ч барих зай алга болсон байна. Нийслэл ажлаа хий гэж хэлмээр байна” гэсэн хариулт өгсөн.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн Засгийн газар ажлаа аваад жил ч болоогүй байна. Гэтэл биднийг 8-9 жил ажиллачихсан юм шиг үүрэг хариуцлага их ярих болжээ. Бид ямар ч байсан эхнээс нь засч залруулаад явж байна” гэлээ.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ