МИАТ-ын хэрэг шүүхэд шилжиж, бусад нь шалгагдаж байна

img

Олны анхаарал татаж байгаа, тэр тусмаа төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай холбоотой хэрэг сүүлийн үед ихээр илчлэгдэх болов. Тэгвэл тэдгээр дуулиант хэргүүд ямар шатанд явааг тоймлон хүргэе.

 .

Явдаггүй явуулын эмнэлэг авчирсан Н.Түмэндэмбэрэл

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл төрийн алба хашиж байхдаа Эрүүл мэндийн яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг шалгаруулахдаа өөрийн эзэмшлийн “Лабтек” ХХК-ийг хууль бусаар ялуулсан байдаг. Ингэхдээ хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн мөнгийг их хэмжээгээр завшсан юм. Тодруулбал, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт МRI буюу цахилгаан соронзон аппарат нийлүүлэх тендерт өөрийн “Лабтех" компаниа шалгаруулж, улмаар хуучин аппарат нийлүүлсэн гэх эл хэргийн хохирол 1.7 тэрбум төгрөг. Мөн явуулын гурван эмнэлгийн автомашин, тоног төхөөрөмж худалдан авах тендерт шалгарсан “Лабтек” компанийн суурилуулсан тоногт төхөөрөмж нь хүчин чадал муутай, ХБНГУ-д үйлдвэрлэсэн гэх боловч Хятад, Солонгос, Япон улсад үйлдвэрлэсэн янз бүрийн эмнэлгийн хэрэгслээр тоноглосон машин байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн. Тус бүр нь 400 гаруй сая төгрөгийн үнэ бүхий рентген, шүд, нүүдлийн гэсэн гурван явуулын эмнэлэг авсан. Харин улсын өч төчнөөн хөрөнгөөр авсан дээрх гурван машин өнөөдөр Эрүүл мэндийн яамны гаражийн гадаа хэвтэж байна. Одоо Н.Түмэндэмбэрэлийг Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулан шалгаж байна. Уг хэрэгт хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа аж.

 .

Т-Батаарын хэрэгт холбогдогчдын зарим нь нас баржээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Нэмэгтийн хөндийгөөс олдсон Т-Батаарыг Монгол болон АНУ-ын хамтарсан ажлын хэсэг бүтэн жилийн турш ажиллаж байж саяхан эх орондоо авчраад байна. Үлэг гүрвэлийн араг ясыг Монголоос АНУ-д аваачиж, дуудлагаар худалдаалах гэж байсан Эрик Прокопи, Крис Мур нарыг Америкийн шүүх гэм буруутайг нь тогтоосон. Харин энэ хэрэгт Монголын талаас тусалсан этгээдүүдийг хайхаар Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлсэн. Тэгвэл саяхан Монголын талаас үлэг гүрвэлүүдийн ясыг хууль бусаар хил давуулахад тусалсан гэмт хэрэгтнүүдийг УМБГ, Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж тогтоожээ. Тодруулбал, “Чингисийн говь” ТББ-ын захирал н.Түвшинжаргал, түүний эхнэр н.Болортуяа, МУИС-ийн  ректор асан н.Болдсүх нарын хүмүүс оролцсон болохыг тогтоосон гэнэ. Гэвч өдгөө  н.Түвшинжаргалын эхнэр н.Болортуяагаас бусад нь өөд болжээ. Мөн хувиараа яс олборлогч н.Өлзийсамба түүнтэй хамтран оролцсон А.Өлзийбат, н.Даваадорж, М.Отгонтөгс, Э.Ганхуяг, Х.Эрдэнээ, н.Идэрхүлэг нарын бүлэг хүмүүсийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

Мөн тухайн үед хил гааль дээр хяналт тавьж ажиллах ёстой байсан БСШУЯ, ГЕГ, ХХЕГ-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудыг ч шалгаж эхэлсэн байна.

 .

Сейфэн дэх мөнгийг шалгахгүй хав дарах уу

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын нууц хүүгийн гэрээс их хэмжээний валют бүхий сейфтэй мөнгө алдагдаж, улмаар хогийн цэг дээрээс олдсон тухай хэргийг хэвлэл мэдээллүүд илчлэн тавьж энэхүү дуулиан дэгдсэн. 2011 оны тавдугаар сард Хан-Уул дүүргийн 15-р хороо буюу “Рапид харш” хотхоны 5А байрны 35 тоотод оршин суугч Энхбатын гэрээс хоёр сая 145 мянган юань, 6000 ам.доллар бүхий сейф алдагдсан. Тухайн үеийн ханшаар 500 илүү сая төгрөг. Мэдээж хэрэг ямар учиртай мөнгө болохыг нь тодруулах оролдлогыг хийсэн боловч тухайн үед Н.Хүрэлбаатар энэ хэргийг хаалгаж дөнгөсөн гэдэг. Тэр их мөнгө ямар замаар тэрхүү сейфэнд орсон болохыг хууль хяналтын байгууллагынхан шалгах цаг нь болсныг хэвлэлүүд сануулсаар л байна. Гэвч хууль хяналтынхан таг чиг. Харин сүүлийн үед хэргийн эзэн Н.Хүрэлбаатарыг гадаад зугтсан талаар чих дэлсэх болсон. Харин тэрээр олон улсын хуралд цуглаанд оролцож, эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нэрээр харьд зугаалж яваад ирсэн гэх сураг дуулдаж буй.

.

 Хурандаа нарыг төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын  газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Г.Уранцэцэг нар төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэргээр шалгагдаж байна. Тэдэнд 2012 оны аравдугаар сард Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2-т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас улсад онц их хэмжээний хохирол учруулсан, 271.1-т зааснаар албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдсэн, 264.1-т зааснаар төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, давтан үйлдэл гаргаж, их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх хурандаа нарт эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байжээ.

 .

 К.Сайраанд холбогдох хэргийг түр түдгэлзүүлжээ

Монгол Улсаас Кувейт улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Сайрааныг Казакстаны нууц тагнуул байж болзошгүй гэх мэдээлэл өнгөрсөн жил нэлээдгүй шуугиан тарьсан. Гэвч өөрөө уг мэдээллийг няцааж байсан.

Харин энэ удаад түүнийг ТЕГ-аас Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл буюу "Эх орноосоо урвасан" гэсэн зүйл ангиар шалгаж эхэлсэн.“Казахстаны тагнуул” гэх дуулианыг эргэн сануулбал, өнгөрсөн жил today.kzk гэх орос хэлээр гардаг сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаарх нууц мэдээлэл” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн.

Тэрхүү материалд Казахстанаас гадны улс орнуудад ажилладаг нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлээр ажилладаг гэхчилэн товч анкетыг нь бичсэн байжээ. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын Тагнуулын газрын “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гаргаж, гарын үсэг зурсан байж. Тэрхүү материалд дурдсан Кувейт улсад суух дөрвөн туршуулын нэгнийх нь овог нэр, төрсөн газар усаар нь хөөж үзвэл Монголын Элчин сайд К.Сайраан болж таарсан. Уг тодорхойлолтод “Нууц нэр Алтай. Жинхэнэ нэр Сайраан Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казах үндэстэн. Кувейт улсад суух Элчин сайд. ПР-ийн шугамаар ашиглагдаж байдаг. Байгаа орондоо өргөн хэмжээний харилцаа холбоотой” хэмээн бичсэн байжээ. Үүнтэй холбогдуулан ГХЯ-наас түүнийг эх орондоо ирэхийг хэд хэдэн удаа дуудсан ч ирээгүй юм.

Харин энэ мэдээлэл намжиж, Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд шинээр томилогдсонтой холбогдуулан К.Сайраан энэ хавар эх орондоо иржээ. Одоогоор тэрбээр өөрт үүсгэсэн эрүүгийн хэргийг мэдэж байгаа бөгөөд мэс засалд орох шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолтоор Герман руу батлан даалтаар яваад хэдхэн хоногийн өмнө буцаж ирсэн байна. Гэхдээ энэ удаа ТЕГ түүнийг “Казахстаны тагнуул” мөн эсэхээс гадна Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд хамаарч байсан улс орнуудынх нь холбогдох албаны хүмүүсээс гаргаж буй гомдол, мэдээллүүдийг шалгах юм байна. Гэсэн ч К.Сайрааны бие тааруу, байгаа тул түүнд холбогдох хэргийг түр түдгэлзүүлээд байгаа аж.

 .

Т.Дашдэлэг генералын хэрэг прокурорт очжээ

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын хэд хэдэн хүнийг БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн хэрэгт буруутган шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. АТГ-ын мэдээлснээр энэ хэрэгт сэжигтнээр татагдаад буй этгээдүүд мөрдөн байцаалтын явцад БНАСАУ-ын талаас 1.3 сая ам.доллар авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд дээрх мөнгөний тал буюу 670 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан гэнэ.

Тэднийг улс дамнасан зэвсгийн наймаанаас гадна хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн нэрлэгддэг террозимыг санхүүжүүлсэн гэх үндэслэл ч нэмж болох тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ярьсан. Уг хэргийг шалгах явцад иймэрхүү үндэслэл гарч ирсэн төдийгүй төлөвлөж буй ялын хэмжээнд ч энэ хэрээр өөрчлөх магадлалтайг зарим эх сурвалж дуулгаж байна. Учир нь, манай ЗХЖШ-ын генералууд болон нөлөө бүхий бизнесмэнүүдийн нэр холбогдсон улс дамнасан зэвсгийн наймаатай холбоотой энэ дуулиан дэгдэх үеэс БНАСАУ-ын талаас цөмийн зэвсэг туршина хэмээн олон улсыг сандаргаж, үүнтэй зэрэгцэн манайхны зарсан гээд байгаа “Миг-21” онгоцны моторыг цөмийн зэвсэг хийхэд хэрэглэдэг гэсэн мэдээллийг олон улсын агентлагууд уламжилж эхэлсэн нь тэдэнд зүйл анги нэмэх бас нэг үндэслэл, шалтгаан болсон байхыг үгүйсгэх аргагүй гэцгээж байна. Өдгөө энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн аж.

 .

МИАТ-ын хэрэгт холбогдсон хүмүүсийг удахгүй шүүнэ

“Дайны эрсдэлийн сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт  МИАТ-ын захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, төрсөн дүү “Монголиан Эйрлайнес” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны 6-р салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүнийг буруутган шалгаж байгаа.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ял төлөвлөөд байгаа.

Тэдний “Дайны эрсдлийн сан” нэрээр угаасан нийт 2,1 сая ам.доллар бэлнээр, 13.9 тэрбум дансанд байсныг хууль хяналтынхан битүүмжилжээ. Зөвхөн Ц.Орхоны л гэхэд банкинд хадгалсан бэлэн 16 тэрбум төгрөгийг хураан авсан байна. Мөн холбогдогч нараас нийт Монгол Улсад байгаа 22 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Түүнчлэн гадаадад байгаа зарим үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн ч битүүмжлэх боломжгүй байгаа аж. Учир нь тухайн улс орнуудтай манай улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй нь саад болж байгаа гэнэ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад мөнгө угаахаар хуурамчаар байгуулсан гэх “Вест вельф” компаниас гадна “МАТ инвестмэнт” гэх банк бус санхүүгийн байгууллага байгуулан, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар л гэхэд найман удаа тэрбумаас дээш төгрөгийн гүйлгээ хийж байсан гэсэн шинэ баримт илрүүлээд байгаа гэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байна.

Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Харин МИАТ-ын хэрэгт холбогдсон дээрх долоон хүний хэргийг прокуророос Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн.

 .

Татварын Ч.Гансүхийг “ZTE” компанитай холбоотой хэрэгт мөн шалгаж байна

Бас нэгэн олны анхаарлыг татсан хэрэг бол Үндэсний татварын ерөнхий газар (ҮТЕГ)-ын дэд дарга асан Ж.Батбаяр, тус газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, байцаагч О.Бямбасүрэн нар байлаа.

Ж.Батбаярыг өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн их хэмжээний НӨАТ-аас зайлсхийсэн гэх үндэслэлээр шалгаж буй.  Харин Ч.Гансүх нь Улсын төсөв, орлого хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авдаг байсан гэх хэргийн учир шалгаж байгаа. Энэ хэрэгт нэмж сэжигтнээр хэд хэдэн хүн татагдаад байна. АТГ-ын мэдээлснээр Ч.Гансүхийн хүүгийнх нь дансаар 16 тэрбум төгрөг эргэлтэд орж байсан бөгөөд аав н.Чимэд гэх 80 гаруй настай хүний дансанд нэг сая ам.доллар шилжиж орсон байсан гээд энэ хэрэг олон хүнийг хамраад байгаа билээ. Түүнчлэн “ZTE” компанийн томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудалд ч шалгагдаж байгаа аж.

Ийнхүү төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэрэг хэн нэгэн мөрдөн байцаагчийн шүүгээнд хав дарагдалгүй, замаасаа замхаралгүй гэм буруутай этгээд нь зохих шийтгэлээ хүлээх биз ээ.

.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shiitgehiig demjine:
Mungu idsen bol shiitge, olon zuun saya dollartai bol sejigtei
2013-05-23
Bolohgui geh argagui:
Manai Mongol oron uneheer bayan yum.Iim ih mongiig huvi humuust iduuleed. Odoo udsen luivarchdaas mongiig huraaj avaad yadarsan ard tumendee jigd taraaj ogvol yasiim be. Bolohgui geh gazargui. Iduuleed bolood baisan yum chini.
2013-05-22
Lambaa-d:
Lambaagiin seiftei mungunii hereg yu bolson be. Uuniig humuus ih yarij baina shuu.
2013-05-22
D Enkhtaivan:
Хуулийн vл ялгаварлын зарчим байх ёстой. Ажнайд сєгдєж, Ард тvмэнд арслан бар шиг ялгавартай Шvvхийг яалтай ч билээ таминь ээ.
2013-05-22
batbaatar:
buruutai hvnd hatuu shitgel ogoh heregtei ard tvmnii hulgaich nart
2013-05-22