Олон улсын боомтын тоог нэмнэ

img

Дорнод аймгийн Чойбалсан, Ховд аймгийн Ховд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт байхаар тогтлоо. Даланзадгад, Мөрөн хотын нисэх буудлын хилийн олон улсын боомт 2012 оны 5 дугаар сараас ажиллаж эхэлнэ.

Нисэх буудлуудыг олон улсын боомт болгосноор Улаанбаатараас эдгээр аймгаар дамжин олон улсын нислэг хийж, хоёр хөршийн хил орчмын хотууд руу агаарын харилцаа өргөжин, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэж Засгийн газар үзэж байна.

• Монгол Улсыг хөгжүүлэх сангаас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлээр олгосон 4 мянган тонн дизелийн түлшийг нөөцөлсөн буудайн борлуулалтаас 2011 оны 6 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх болов. • Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзэв. 9 зүйл бүхий энэ хэлэлцээрт Ерөнхий сайдыг ирэх оны 1 дүгээр сард Кувейт Улсад албан ёсоор айлчлах үеэр гарын үсэг зурахаар төлөвлөжээ. • БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьсан Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын байрыг Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ