“Монгол Улс ба түнш орнууд”

img

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жил, Дипломат алба үүссэний 100 жилийн ойг тохиолдуулан гадаад орнуудаас Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчийн газруудтай “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа: Монгол Улс ба түнш орнууд” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яам зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтын зорилго нь манай улсын худалдааны түнш орнуудтай хийж байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэн хөгжүүлэх явдал юм. Гадаад худалдаа Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр, үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр манай улс дэлхийн 140 гаруй улс оронтой худалдаа эрхэлж, 2011 оны эхний 10 сарын байдлаар нийт худалдааны эргэлт 9 тэрбум ам. долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Зөвлөлдөх уулзалтад манай худалдааны томоохон түнш болох ОХУ, Хятад Улс, АНУ, БНСУ, Япон, Чех, Турк зэрэг 20 орчим улсын элчин сайд нар болон худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтнууд оролцож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулсан зарим дипломатчдад шагнал гардуулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ