Худалдан авах ажиллагааны газрын гүйцэтгэлтэй танилцав

img

УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтын ажлын явц байдал, Засгийн газрын худалдан авах ажиллагааны 2013 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлийн байдалтай танилцлаа. Монгол Улсын 2013 оны хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд нийт 789 арга хэмжээг санхүүжүүлэхээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар нь 2013 онд нийт 357 тендер сонгон шалгаруулахаар тогтсон байна. Өнөөдрийн байдлаар гэрээ байгуулсан 67, гүйцэтгэгчээр шалгарсан 19, үнэлгээ хийж байгаа 27, дахин тендер зарласан 25, тендер зарласан 41, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 27, гадаадын зээлээр хэрэгжүүлэх, яамнаас хүсэлт тавьсан 4, хяналтын төсөв хэтэрсэн 35, зураг төсөл, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт дутуу ирүүлсэн болон огт ирүүлээгүйн улмаас тендер зарлах боломжгүй 112 ажил байгаа аж. Зарим яам агентлагуудаас зураг төсөл, техникийн тодорхойлолт ажлын даалгаварыг ирүүлээгүйн улмаас тендер шалгаруулалтын явц байдал удааширч, бүтээн байгуулалтын  улирал эхэлж байхад одоо хүртэл тендер шалгаруулаагүй байна. Тухайлбал, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам 32, Барилга хот байгуулалтын яам 12, Соёл, спорт, аялал жуулчлалын яам 12 ажлын зураг төсөл, техникийн тодорхойлолт ажлын даалгаварыг огт ирүүлээгүй юм байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Болор бүтээн байгуулалтын улирал ид эхэлж байгаа тул хяналтын төсөв 5 хувиас хэтэрсэн 29 ажлуудыг хуулийн дагуу хяналтын төсөвт нь багтааж зарлаж эхлүүлэх талд анхаарахыг сануулсан. Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 2013 оны эхний улирлын байдлыг бодвол дөрөвдүгээр сард тендер шалгаруулалтын ажлын ахиц гарсан байна. Гэвч барилгын бүтээн байгуулалтын улирал эхэлж байгааг анхаарч Засгийн газрын худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах ялангуяа Боловсрол шинжлэх ухааны яам, Соёл спорт аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яаман дээр төсвийн хөрөнгөөр төлөвлөгдсөн ажлуудын зураг төсөл бэлтгэх, гүйцэтгэгч шалгаруулах ажлыг шуурхайлах шаардлагатай байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газрын ажлыг дэмжиж ажлыг эхнээс нь хуулийн дагуу зөвшрүүлэх, нарийн мэргэжлийн ялангуяа иргэний нисэх, эрүүл мэндийн гэх нарийн мэргэжлийн салбаруудын тендер сонгон шалгаруулахад мэргэжлийн хүмүүсийг үнэлгээний хороонд давамгай оруулах тал дээр анхаарч тендерийн хороог байгуулж ажиллахыг зөвлөлөө. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tender terbumtan bolgono:
Tender terbumtan turuuldeg gej setguulchid olon tumen ikh yaridag daa. tenderees tursen terbumtan geed bur ner zaasan ch baidag yum bilee. Ene zavaan ajilbariig solih oorchleh arga charga baidaggui yum bolov uu. taminee.
2013-05-29