Эрхэм ноёдод дулааны шугам дээрх ”хүн гамбир”-аас ирүүлсэн мэндчилгээ

img

Айсуй 2011 оныг монголчуудтайгаа хамт угтаж буй эгэл жирийн иргэн би Улаанбаатар гэсэн сайхан нэртэй Утаан хөшигт хотынхоо зүүнтэйхэн залардаг өргөө халуун дулааны шугамаасаа та бүхэнтэйгээ мэндчилж байна. Эрхэм ноёд түшээд тав тухтай сайхан өвөлжиж байна уу? Би өдөржин захаар тэнэж цуглуулсан цөөн лааз, шилээ оройдоо тушаадаг ажилтай. Олсон хэдэн халтар цаасаараа хоногийн хоол залгуулж хоёр гурван хуушуур гар дээрээс авч ходоодны мухар луугаа шидэж подхийтэл “цадчихаад” дэндүү азтай юм болохоороо хөлдөж үхчихэлгүй дулааны шугамаа тэврээд онд мэнд орж байна. Дороосоо гар хүрмэгц л арьс нь хуурмаар “халцгай халцгай” болдог халуун шугамаар төөнүүлж, дээрээсээ хасах хорин долоон хэмийн хүйтэн хөнжлөөр хучуулж, энэ хоёр туйлын дунд өөрийн биеийг гамбир хайрч байгаа мэт хоёр минут тутамд эргүүлж тойруулан хоног төөрүүлдэг МОНГОЛ хүн би энэ завшааныг ашиглан эрхэм ноёд та бүхэндээ шинэ жилийн час халуун мэндийг дэвшүүлж байна.

Та бүхэн халуун дулаан хаус гэртээ тав тухтай сайхан баярлаарай!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ