
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Эдүгээр мөрдөж буй Монгол Улсын Төрөөс баримтлах соёлын бодлогыг Улсын Их Хурлын тогтоолоор 1996 онд баталсан бөгөөд энэ нь соёлын эрх зүйн орчныг бүрдүүлж, шинэ нөхцөлд нийцсэн хууль тогтоомж боловсруулж хэрэгжүүлэх, байгууллага, соёлын ажилтан, уран бүтээлч, авьяастан, иргэдийн үйл ажиллагаа явуулах, бүтээн туурвих, авьяас чадвараа илрүүлэн хөгжүүлэх, үр шимийг нь хүртэх, соёлын эрх, эрх чөлөөг хангахад чухал ач холбогдолтой болжээ. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн урлагийн 36 байгууллага, улсын 9, аймаг, орон нутгийн 30, салбарын 9, нийт 48 музей, сум, дүүргийн 340 соёлын төв, бүх төрлийн 1500 орчим номын сан, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 9 сургууль, 130 гаруй хувийн хэвшлийн хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газар, соёл урлагийн чиглэлийн төрийн бус байгууллага, тэдгээрт ажилладаг 7000 гаруй ажилтан, албан хаагч байна.
Соёлын бодлогын шинэчилсэн төсөлд үндэсний хөгжилд соёл урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үнэт зүйлсийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах, түгээн дэлгэрүүлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэхээр тусгасан байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, соёл, урлагийн хороо гэдэг байгууллагыг байгуулсан. Одоо тэр байгууллагын үүрэг, ач тус яаж гарч байна вэ. Ер нь энэ хороог байгуулсан нь зөв байв уу гэдгийг тодруулсан. Мөн музейд байдаг ховор үнэт эд зүйлс их солигдож байна гэсэн яриа гарч байгаа. Жишээ нь, Өндөр гэгээний аяга өөрчлөгдсөн гэдэг. Музейн хяналт, хамгаалалтыг сайжруулахад хэр анхаарал хандуулж байгаа талаар асуусан юм . Соёл, урлагийн хороог байгуулсан нь зөв алхам байсан. Өмнө нь Соёл, урлагийн газар бодлого, хэрэгжилтийг зэрэг хариуцаж байсан нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд удаашралтай, хүч их тарамддаг байсан. Музейд байдаг ховор эд зүйл солигдсон баримтууд илэрсэн. Иймд музейд байгаа бүх ховор үнэт эд зүйлсийн зургийг аваад электрон каталогитой болгосон. Харин хэвлэмэл каталогийг хийхээр төлөвлөөд байна гэсэн хариултыг БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр өглөө. УИХ-ын гишүүн З.Алтай, хилийн гадна гарсан хосгүй үнэт эд зүйлийг буцааж эх орондоо худалдан авчрах манай мөнгөтэй компаниуд байна. Тэд гадаадын энд тэндхийн дуудлага худалдаанаас маш ховор үнэт зүйлсийг үнэ хөлсийг нь төлөөд худалдаад аваад ирэх юм. Гэтэл хил гааль дээр тэдэнд маш их татвар ногдуулдаг. Иймд тэдгээр хүмүүсийг монголынх гэлтгүй дэлхийн ховор нандин үзмэрийг өөрийн мөнгөөр худалдаад оруулаад ирвэл татвараас чөлөөлөхөд анхаарал хандуулж хуулийн төсөл санаачлахыг салбарын сайдаас хүслээ. Ё.Отгонбаяр сайд энэ асуудалд анхаарлаа хандуулж, төсөлд тусгана гэсэн хариулт өгөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ