
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хороо (CRIRSCO)-ны хооронд Лондонд санамж бичиг байгуулжээ.
Санамж бичгийн зорилго нь CRIRSCO-ийн загварт нийцсэн Монгол Улсын хайгуулын ажлын үр дүн, эрдсийн баялаг, ашигт малтмалын нөөцийг тайлагнах үндэсний зааврыг боловсруулах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах явдал юм байна. Үүнд ЭБМЗ ба CRIRSCO нь энэхүү санамж бичгийн дагуу “Хайгуулын ажлын үр дүн, эрдсийн баялаг, ашигт малтмалын нөөцийг олон нийтэд нээлттэй тайлагнах Монголын заавар”-ыг 2012 оны 7 дугаар сард багтаан боловсруулах зорилгоор хамтарсан ажлын хэсгийн байгуулахаар боллоо. Монголын заавар нь CRIRSCO-д хамаарах заавруудад суурилах ба түүнд Монголын онцлог, шинжүүдийг тусгах болно. Мөн олон улсын жишгээр Нөөцийг Тайлагнах Үндэсний Байгууллагыг байгуулах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Итгэмжлэгдсэн мэргэжилтний шаардлагыг тусгах юм. Түүнчлэн “Монгол Улсын ашигт малтмалыг тайлагнах заавар ба CRIRSCO-ийн загварыг зохицуулах удирдамж”-ийг боловсруулж салбарын итгэмжлэгдсэн мэргэжилтнүүдийн гарын авлага болгон мөрдөх юм.
“Монгол Улсын ашигт малтмалыг тайлагнах заавар ба CRIRSCO-ийн загварыг зохицуулах удирдамж”-ыг ЭБМЗ, CRIRSCO, түүнчлэн Монгол болон бусад орны их дээд сургуулиуд, геологи, уул уурхайн компануудын тэргүүлэгч мэргэжилтэн нараас бүрдсэн ажлын хэсэг бэлтгэх учиртай. Үүний зорилго нь Монгол Улсын нөөцийг тайлагнах системийг CRIRSCO-н бүлгийн хууль дүрэмтэй зохицуулан тэдгээрийн системд шилжүүлэн хөрвүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд оршино. Үүнээс гадна тус удирдамж нь гадаадын мэргэжилтэн нарт Монголын нөөцийн талаархи тодорхой ойлголт төсөөллийг бүрдүүлэх үүднээс нөөцийн ангиллын Монголын шалгуурыг танин мэдэхэд зохих түвшинд хангах, хувьсан өөрчлөгдөж буй хүчин зүйлийн талаар хангалттай мэдээллийг өгөх, Монгол Улсын мэргэжилтэн нарт CRIRSCO-н жишиг загварын талаар зохих мэдлэг, мэдээллийг олгоход оршино.
CRIRSCO (Committee for Mineral Reserves International Reporting Standards) нь ашигт малтмалын нөөцийг тайлагнах ажлын олон улсын стандартын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор 1994 онд байгуулагдсан байдаг. Түүний бүрэлдэхүүнд Австралийн JORC, Канадын CIM, Өмнөд Африкийн SAMREC, АНУ-ын SME, Чилийн Comision Minera, Европын PERC багтдаг. Харин энэ удаад бүрэлдэхүүнд нь ОХУ багтаж өөрийн НАЭН кодыг хүлээн зөвшөөрүүлээд байна.
Монгол Улс 1990 ээд он хүртэл хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн ангилал (НБА)-ыг шууд хуулбарлан авч хэрэгжүүлж байсан нь тухайн үеийн нийгэм, улс төрийн тогтолцоотой уялдан шаардлагад нийцэж байсан.
Өнөөдөр “Ашигт малтмалын нөөц, баялгийн ангилалын түр зааврыг” 1998 оноос 13 жил мөрдөж байна.
Ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн олон улсын ангилалд дүн шинжилгээ хийх, Монгол Улсад авч хэрэглэх боломжийг сайтар судлах зайлшгүй шаардлага байсаар байна. Иймд олон улсын зөвлөх ажил үйлчилгээний сонгон шалгаруулалтыг 2011 оны эхэнд явуулснаар Австрали, Герман, Дани, АНУ, Монгол улсын 10 компани ирүүлсэн бөгөөд Австралийн “Snowden” LLC шалгаран ажиллаж байна.
Нөөцийн ангилалын асуудлаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын дэргэдэх Геологийн бодлогын зөвлөлөөр 2011 оны наймдугаар сард хэлэлцэж хөрөнгийн зах зээлд нөөцийг тайлагнах, олон улсын нөхцлийг хангаж ажиллах, төслийг үргэлжлүүлэх тодорхой зөвлөмж гаргасны дагуу үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ