
Манай хоёр хөрш байгалийн хийн нийлүүлэлтийн чиглэлээр улам шадарлан ажиллахаар хэлэлцээр хийж байна. БНХАУ руу хийн хоолой барих баруун, зүүн гэсэн хоёр гарц байгаа бөгөөд талууд нөхцөл дээрээ тохиролцож байгаа талаар ОХУ-ын албаны эрхмүүд хэлж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө байгалийн хийгээ Европ руу нийлүүлэх шинэ хоолойг нээх ёслолын ажиллагааг Франц, Герман, Нидерланд улсуудтай хамтран хийсэн Орос улс одоо Хятадыг хангахын тулд шинэ хоолой руугаа давшиж байна. Харин манай тухайд хийн хоолойг нь нутаг дээгүүрээ дамжуулаад өнгөрүүлчих юмсан гэсэн байр сууриудыг талууд илэрхийлж байсан ч, боломжгүй гэдэг нь тодорхой болж байна.
Европ дахь нийлүүлэлтээ улам бүр нэмэгдүүлж байгаа Орос улсын төрийн тэргүүн Хятадыг чиглэсэн урсгалынхаа хэмжээг үлэмж нэмэгдүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдчихээд байгаа ч, хийн хоолойг Монголын нутаг дээгүүр дамжуулан өнгөрүүлэх тухай ширхэг ч үг Оросын талаас дуулдахгүй байгаа юм. Тэгэхээр долоон жилийн дараах боломжийг атгахыг хүссэн бид боломж хэзээ тохиохыг дахиад хүлээх хэрэгтэй болох нь.
Эрчим хүчний эх үүсвэрүүдээс шилэгдэж яригдах болсон байгалийн хийг ашиглах нь утаа, агаарын бохирдлоос ангижрахад ихээхэн үр нөлөөг дагуулах тухай яригдаж буй. Гэсэн ч бид байгаль орчинд хал багатай хи

йн түлшний хэрэглээг нэмэгдүүлж чадах эсэх нь хөршийн бодлогоос хамаарах дүр зураг үргэлжилсэн хэвээр байна.
Манай улс ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүний хувьд 98 хувь хамаардаг бөгөөд хэрэв газар нутаг дээгүүрээ дамжуулах хоолой өнгөрүүлчихвэл энэ хэт хамаарлын хувь хэмжээ өөрчлөгдөнө. Өртөг багатай эх үүсвэр бидэнд ойрхон ирнэ. Үүнийг Оросууд сайн мэдэж байгаа нь дамжиггүй юм.
Цаашлаад дэлхий дахинд байгалийн хийн нийлүүлэлтээр тэргүүлэгч байхыг эрмэлзэж буй Орос гүрэн эхэнд өгүүлсэнчлэн Европ руу дахин нэг алхам хийчихээд байна. Хэдийгээр Европын холбоо тус улсын хэт хамаарлаас сэрэмжилж байгаа нь илэрхий ч, эрчим хүчний эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн Оросуудад боломжийг авчирж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ