
Манай гараг дээр нууцаа дэлгээгүй гайхамшигт газрууд олон бий. Зарим газар нь эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж өөр өөрийн өнцгөөс тайлбарлахыг оролдсон боловч зарим газрууд нь тааж хэлэхийн аргагүй нууцтай.
Эдгээрийн нэг нь Наска цөл. Өмнөд Америкийн нутагт орших Наска цөлийн яг дунд хэсэгт өнөөг хүртэл хүн төрөлхтөнд нууцаа дэлгээгүй гайхамшиг зургууд бий. Эрдэмтэд олон жилийн турш энэхүү нууцлаг зургийн учир утгыг тайлах гэж оролдоод дийлээгүй гэдэг.
Эд цөлийн дунд 500 кв км хэмжээтэй газарт хүн амьтныг дүрсэлсэн элдэв зураас, геометрийн дүрсээс бүтсэн агуу том зураг өдгөөг хүртэл эрдэмтдийг гайхшруулсаар байгаа юм.
Цөлд байрлах эл зургуудын хамгийн том нь 300 метрийн урттай. Эл гайхшигт зургийг судлаачид ХХ зууны эхээр анх олж мэдсэн гэдэг. Гэсэн ч нууцаа зуун дамжин хадгалсан энэ зураг нь онгоцноос тод харагддаг. Уг зураг дээрх бүх дүрсийг ойрын зайнаас харахад тийм ч сайн ялгарахгүй. Харин дээрээс буюу онгоцоор нисч явах үед л илүү тод харагддаг бөгөөд сонин мэдрэмж төрүүлдэг гэнэ.
Наскагийн зургийн нууцыг тайлахаар Өмнөд Америкт олон улсын хамтарсан экспедици ажилласан нь түүхэнд байгаагүй том эрэл хайгуул болсон гэдэг. Эл зургийн талаар судлаачид янз бүрийн таамаглал дэвшүүлсэн байдаг ч оносон нь үгүй. Харин АНУ, Авсрали, Герман, Швейцарь, Перугийн эрдэмтэд цөл дундах зураг хэрхэн бий болсон талаархи таамаглалууд үнэнд ойртох эсэхийг нэг бүрчлэн шалгаж үзжээ.
Наскагийн нууц нь оддын газрын зураг уу, аль эсвэл...
1946 онд Германы математикч, одон орон судлаач Мария Райхе Наска цөлийн эл зургийг судалжээ. Наска дахь зураг нь эрт дээр үед уг цөлд амьдарч байсан овог аймгийнхны сансар огторгуйн тухай мэдлэгийг харуулсан хэмээн Райхе үзсэн байна. Тухайлбал, тэд өөрсдийнхөө хамгийн сайн мэддэг одны орд, огторгуйн сонирхолтой биетүүдийг зурж чаддаг байж. Газарт шигдэж үлдсэн зураг, зураасны учрыг олохын тулд Райхе уг зургийг углуургаар нь тайлж мэдэхээр оролджээ. Хуанли, эсвэл оддын газрын зураг хэмээсэн түүний санааг эрдэмтэд үгүйсгэсэн байна. Швейцарийн эрдэмтэн Армин Грюаны баталснаар Райхегийн санаа нь санамсаргүй тохиолдлоос өөрцгүй гэсэн юм. Түүнээс хойш Наскагийн талаар оновчтой үг хэлэх эрдэмтдийн тоо эрс цөөрсөн юм.
Мөнхийн рашааны ул мөр...
Наскагийн нууцыг тайлах олон санаа гарсны дотор ийм санаа бас л явж байсан юм. Уг зураг нь хонгил, худаг, эвсэл газрын усан судалтай давхаргыг заадаг гэсэн санааг хэд хэдэн хүн гаргажээ.
Өдгөө Наска цөл нь дэлхий дээрх хамгийн ган гачигтай газрын нэг болсон юм. Ийм учраас судлаачид энэ газарт тухайн үеийн овог аймгуудын усны шүтээн байсан бөгөөд тэд энэ зургийн тусламжтайгаар дурын цэгээсээ мөнхийн рашааны эх ундаргыг олох боломжтой байсан гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Цөл дэх уран зургийг МЭӨ 200-МЭ 700 оны хооронд бий болсон гэж үздэг. Тухайн үед уг газар нь сэтгэл татам нутаг байжээ. Энд үржил шимтэй тал, усаар дутагдаж гачигдахын зовлонгүй, оршин суугчид байсан гэхээр дээрх таамаглал нь бас л талаар болсон юм.
Цэнгэлдэх хүрээлэн үү…
Наскагийн нууцыг тайлах гурав дахь томоохон хувилбар нь газарт товойж үлдсэн дүрсүүд нь ямар нэг спорт, эсвэл олон нийтийн тоглоом наадгайд зориулагдсан гэж үздэг. Нэлээд судлаачид хүмүүсийн байнга л холхих, явах, гишгэх хөдөлгөөний улмаас газрын хөрсний дээд давхаргад дээрх дүрсүүд үүссэн бөгөөд тухайн үеийн асфальтан бус замд зөрөг зам, жимүүд бий болсон гэдэгт итгэдэг. Тэдний дэвшүүлсэн санааг зураглаад үзвэл их л сонин дүр төрх гарна. Тэднийхээр бол уул нутгийнхныг зугаацуулахын тулд амьтны дүрсийг санагдуулам тусгай чиглэл гарган гүйж, эсвэл алхуулсан болж таарах нь уу. Гэвч нарийн ажиглавал дүрснүүдийн ихэнхийнх нь дээгүүр болхи бааз зураас шугам татсан татсан байдаг аж. Радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр ийм зураас зураг бий болсноос 100 жилийн дараа хийгдсэн болохыг тогтоожээ.
Харь гарагийнхны буудал уу
1955 онд Их Британийн судлаач Жеймс Мозель Наскагийн зураг буй газар нь эрт дээр үед харь гарагийнхны хөлгийн нисч буух талбай байсан гэсэн таамаг дэвшүүлжээ.
Түүний энэ таамаглал нэлээд түгээмэл бөгөөд өнөөг хүртэл үүнийг дэмждэг хүмүүс цөөнгүй бий. Гэвч харь гарагийнханд нисч буухад нь 500 кв км хэмжээтэй тийм том талбай ямар шаардлагатай байсан гэдэгт хэн ч үнэмшилтэй тайлбар хийж чадаагүй юм.
Эцсийн хувилбар ...
Олон жилийн турш эрдэмтдийн сэтгэлээ чилээсэн судалгаа нь Наскагийн нууцыг тайлах түлхүүр болж магадгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, цөлд бий болсон зураг нь газрын зураг ч, хуанли ч бус, цэнгэлдэх хүрээлэн ч биш байж. Харин эдгээр дүрс нь шашны зан үйлд ашиглагдаж байсан гэсэн дүгнэлтэд эрдэмтэд санал нэгтэй хүрчээ.
Уг санааг баталсан нэгэн олдворыг ч тэд илрүүлсэн байна. Олон тооны дүрсийн хажууд бага зэрэг өндөрлөг газраас эрдэмтэд модон дэвсгэрийн ул мөрийг олсон байна. Мөн тэндээс христосын үеэс өмнө Өмнөд Америкт үржил шим, эд баялгийн бэлгэдэлд тооцогддог байсан далайн дунг олжээ. Энэ нь тухайн үеийнхний гол тахил байсан бололтой. Түүнчлэн эрдэмтэд Наска цөл дэх эртний хотын археологийн малтлагын үр дvнд тухайн үеийн соёл иргэншлийн дүр төрхийг сэргээн босгохыг оролджээ.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ