Наадмын сураг
СЕХ-ны ажлын албаны дарга ноён Д.Баяндуламын хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад энэ сонгуулийн санал авах өдөр 18000 орчим төрийн албан хаагч ажиллаж сурталчилгаанд нь 700 сая төгрөг зарцуулж байгаа юм байна.
6
Овоо л өртөгтэй сонгууль болж байгаа юм байна. Ард нь тэрбум төгрөгөөр босохоор тавигдсан наадам юу болж байгаан бол доо.
Дээгүүрээ мөнгө нь төлөгдөөд жин тан болчихдог тайз тоглолт концерт шоу ч яахав тэгсгээд хариуцсан мэргэжилтэн ажилчид гээд жил бүр наадам хийсээр доль цохиж хүнээр заалгахгүй болсон нөхдүүд хийж л байгаа байх.
.
Наадамд морь, бөх, сур гурваас гадна наадамч олон гэж бий. Наадамчин олонгүй бол дэнж хотойтол морь, бөх нь пижигнээд ч наадам болохгүй. Хуушуураасаа эхлээд хомсдол үзэж бухимдалд ордог наадам тойрсон наадмын зохион байгуулалт юу болж байгаа бол.
.
Ганц хонь хагалмаар байдаг. Үнэ нь бас л хадсан байгаа сураг дуулдана. Урьдын адил 22-ийн товчоо, Баянхошууны эцэс хавиар хэдэн нөхөр дураараа жижиг малын зах нээгээд хүссэн үнэ хэлээд зараад унах юм болов уу. Мал эмнэлэг шинжилгээ хяналтыг нь хэн тавьж, зарах зөвшөөрөл, цаас бичгийг нь хаанаас өгөх юм бол. Хуушуур зарах цэг зөвшөөрөл яаж олгогдож байна, аль эсвэл ар өврөөр гараад дуусч байна уу. Өнөө А, В, Г, Д гэсэн автомашины зөвшөөрөл ямар үнэтэй болж байгаа вэ гээд асуулт их байна.
.
Цагийг нь тулгаж байгаад баахан зөвшөөрөл бичиг гаргаж 3 өдөр наадах гэсэн олныг 5 өдөр дугаарлуулж, зодолдуулж бухимдуулахгүй шиг шийдвэрлэх болов уу гэсэн найдлага хүлээлт байна.
.
Хүй долоон худгийг тоосноос шорооноос нь салгах гэж хэдэн тэрбумаар зам зогсоол тавих талаар яригдаад чимээ тасарлаа. Олон тэрбумыг цацах гэлээ гэж шүүмжлэл сонсоод няцсан юм болов уу даа. Унаа машингүй наадамчид ямар нийтийн унаагаар Хүй долоон худаг орж морь үзэхээр болж байгаа вэ. Наадам үзэх билет ямар үнэтэй байх юм бол. Эртхэн л энэ бүхнийг тодорхой болгож, болох болохгүйг нь өргөн олноороо хэлэлцүүлж байсан дээр болов уу. Өрх, айл гэрийн эзэд наадмын төсвөө гаргаж эхнэр ерөнхий сайдаараа төсвөө батлуулах цаг нь тулаад байна аа, Наадмын комиссынхон.
.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ