Бусдаар хар тамхи тээвэрлүүлсэн этгээдүүдийн хэргийг шийдвэрлэв
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Наранбаатар нарт холбогдох хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцлээ.
С.Наранбаатар, Э.Онон, Р.Лена, О.Навчаа нар нь бүлэглэн удаа дараагийн үйлдлээр бусдаар Монгол, БНХАУ, Малайз улсуудын хооронд мансууруулах бодисыг тээвэрлүүлсэн гэмт хэргийг үйлдсэн. Тухайлбал, тэд нэр бүхий 35 хүнээр тус бүр 1-4 удаа ийнхүү мансууруулах бодис тээвэрлүүлсэн байдаг аж. Түүнчлэн С.Наранбаатар нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.Амгалангаар брэнд бараа нэрээр халхавчилсан 3.9 кг, Т.Анхбаяраар 3.7 кг героин агуулсан мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор Малайз улсаас БНХАУ руу тээвэрлүүлсэн байна.
Э.Гоомарал нь Ж.Наранмандахтай урьдчилан үгсэн тохиролцож 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор Монгол Улсын хилийг нэвтэрч орж ирэхдээ НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” нэгдсэн конвенцийн 4 жагсаалтанд орсон диацетилморфин буюу герион гэх сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан 2027 грамм бэлдмэлийг Малайз улсаас авчирч, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн байна. Мөн Ч.Эрдэнэбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор Улаанбаатар-Бээжин чиглэлийн СА902 аяллын онгоцоор зорчиж, БНХАУ-ын Гуанжоу хотод хүргэх зорилгоор дээрх бэлдмэлийг Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Э.Онон нь 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Д.Алимаа нарын Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн 2 цүнхтэй брэнд бараа нэрээр халхавчилсан мансууруулах бодисыг мэдсээр байж санаатайгаар хадгалсан аж.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх энэ хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд С.Наранбаатарт чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хорих, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал, Ж.Наранмандах нарт чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 11 жил хорих, Э.Онон, О.Навчаа, Р.Лена нарт чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 10 жил 6 сар хорих ял тус тус оногдуулжээ. Харин Б.Аззаяад Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсгээр зүйчлэн ирүүлсэн хэргийг улсын яллагч яллахаас татгалзсан тул хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн БНХАУ-ын Вонг Син Янд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон аж.
Нийслэлийн шүүх уг хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Ч.Эрдэнэбаатарыг хар тамхи мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ялыг 6 жил 6 сар хорих ял болгон хөнгөрүүлжээ. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Наранбаатарт чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хорих, Э.Гоомарал, Ж.Наранмандах нарт чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 11 жил хорих, Э.Онон, О.Навчаа, Р.Лена нарт чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 10 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсныг хэвээр үлдээсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ